Арилжааны банкуудыг барьцаа хөрөнгөнд хэт шүтдэг, өөрөөр хэлбэл, “Ломбардын зарчмаар ажиллаж байна” гэсэн шүүмжлэл байнга дагалддаг. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, сайн бичигдсэн, эс бөгөөс хэрэгжээд эхэлчихсэн төсөлд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгодог болохын тулд яах ёстой вэ. Эдийн засагчид энэ асуултад “Банкны эрсдэлээс үүрэлцэх, ажлыг нь хөнгөвчлөх зорилготой санхүүгийн дэд бүтцүүдийг байгуулж, хоорондын уялдаа холбоог нь сайжруулах явдал” хэмээн санал нэгтэй хариулж байна.
Эдийн засгаа солонгоруулах, эрсдлийг тархаан байршуулах зорилгоор эрсдлийг ганц банкууд дээр үүрүүлэлгүй янз, янзын чиг үүрэг бүхий санхүүгийн дэд бүтцийг байгуулдаг олон улсын жишиг байдаг аж. Манайх ч энэ жишгийг даган Зээлийн батлан даалтын сан, Зээлийн мэдээллийн сан, Хадгаламжийн даатгалын корпораци зэргийг байгуулсан. Гэвч зээл судлах хугацааг хэмнэх боломжийг бууруулах учиртай зээлжих зэрэглэл тогтоодог байгууллага нэг ч байгуулагдсангүй.
Гадаадад бол банкнаас зээл хүсч байгаа жижиг ААН-үүд өөрсдөө зээлжих зэрэглэлээ тогтоолгочихсон байдаг. Энэ сайн зээлдэгч, энэ дунд зэргийн зээлдэгч, энэ муу зээлдэгч гэдэг үнэлгээгээ авчихсан байдаг гэсэн үг. Гэтэл Монголд тийм боломж бүрдээгүй. Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль аль 2010 онд батлагдсан ч зээлийн мэдээллийн зэрэглэл тогтоодог компани нэг ч байгуулагдалгүй өдийг хүрчээ. Энэ дутагдлаас болж банкууд хувь хүн, АНН-ээс зээл хүссэн өргөдөл авахдаа “Энэ хүн хэн бэ” гэж сайн таньж чадахгүй “харанхуй” байдал үүсч, ААН, банкны харилцааг бүдгэрүүлэх нөхцөл үүсгэж байгаа юм. Банкууд тухайн хүсэлтийг “Судална” гэж цаг алдаж, энэ нь эдийн засгийн хурдацад сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. хэрвээ зэрэглэл тогтоодог байгууллага нь бий болоод, ажлаа хийчихсэн бол банкууд зээл хүсэгч болгонтой зууралдахгүй “Чи сайн зээлдэгч байна” гээд л асуудал шийдэгдэх боломжтой байв.
Энэ тал дээр зөвхөн төрийн ч гэлтгүй хувийн хэвшлийнхний ч санаачлага дутаж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Хуулиндаа “Зээлийн зээглэл тогтоох ажиллагааг хувийн байгууллага хэрэгжүүлж болно” гэж заасан, өөрөөр хэлбэл хувийн хэвшлийнхэн энэ салбарт орж ирэх боломжийг нь хангаад өгчихсөн аж.
Уг нь Зээлийн мэдээллийн сан сайн ажилладаг бол банкуудыг мэдээллээр хангах бүрэн боломж байдаг байна. Гэтэл Монголбанкинд Зээлийн мэдээллийн сан гэж нэрлэж яавч таарахааргүй, “Түүхийн мэдээллийн сан” л байдаг аж. Тэнд нь ААН-ийн нэр, эзнийх нь нэр, регистрийн дугаар, хэзээ зээл авсан, хэзээ төлсөн, төгрөгөөр үү, валютаар уу гэсэн хангалтгүй мэдээлэл л байдаг байна. Ямар графикаар яаж төлсөн нь байхгүй. Зөвхөн хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлд орсон, сүүлд төлөгдөөд хаагдсан гэсэн ийм л ерөнхий мэдээлэл байдгаас болж энэ сан нь ААН-ийн хувьд “хадны мангаа”-гийн үүрэг гүйцэтгэдэг, ажлын тээг садаа болохоос өөр ашиггүй болсон байна. Гэтэл банкуудад тухайн зээлдэгч зээлээ хоцроосон байж болно, яагаад хоцроосон юм бэ гэх мэт нэмэлт мэдээлэл хэрэгтэй байдаг. Тэр нь байхгүй учраас дараагийн зээл олгох гэж байгаа банк тухайн зээлдэгчийн түүхийг нь харчихаад “Өө чи муу зээлдэгч байна, чи чанаргүй зээлд тооцуулж байсан юм байна” гээд л дүгнэлтээ гаргачихдаг. Хэрвээ Зээлийн мэдээллийн сан нэрэндээ тохирохуйцаар сайн ажиллаад, эсвэл зэрэглэл тогтоодог байгууллага нь бий болчихвол банкууд зээл судална гэж цаг алдахгүй үйл ажиллагааныхаа зардлыг асар их хэмнэх боломж гарах боломж байдаг байна.
Дэлхийд “Moodie’s”, “S&P”, “Fitch ratings” гээд зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд байдаг. Тэд Монгол Улсыг “ВВ” ангилалд багтаадаг гэдгийг та, би ч мэддэг. Энэ ангиллыг хараад л ямар ч хөрөнгө оруулагч Монголын эдийн засгийн чадавхийг мэднэ. Түүн шиг дотоодын аж ахуйн нэгжүүдийг ийм зэрэглэлд оруулаад, зэрэглэлийнх нь дагуу “Энэ компанид зээл өгч болно, энэнд өгвөл эрсдэлтэй, хүү нь тэд байна” гээд тогтоочихвол эдийн засагт хэрэгтэй зүйл болох юм.
Б.Цогт-Ирээдүй
Сэтгэгдэл ( 2 )
tegekh kheregtei. Elbegee style
kkk tegvel bank dampuurnadoo