Грекийн Парламент хямралын эсрэг багц хөтөлбөрийг баталсан билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улсыг санагдуулах “таван жилийн төлөвлөгөө” хэмээн нэрлэсэн хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг нь өмч хувьчлалын ажил байсан. Эрх баригчид тухайн үед 2015 он хүртэлх гурван жилд төрийн өмчийг хувьчлах замаар 50 тэрбум евро төсөвт төвлөөрүүлэх зорилт дэвшүүлсэн юм. Тэгвэл өмч хувьчлах төлөвлөгөөний биелэлт дөнгөж зургаан хувьтай гарчээ. Гурван жилийн дотор 50 тэрбум евро олно гэж төлөвлөснөөс ердөө 3.1 тэрбум орж ирсэн учир өмч хувьчлал явагдах хугацааг сунгасан байна. Өмч хувьчлал явуулах санаачлага анх гарахдаа зээлдүүлэгчдийн эхний ээлжинд үзүүлэх 71 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэгийг авахад чиглэж байсан бол энэ удаа гурав дахь шатны шилжүүлэг болох 32.5 жилийн хугацаатай 86 тэрбум еврогийн зээлийг олж авахын тулд илүү эрчимтэйгээр зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ.
Өмч хувьчлалд өртөх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад нисэх онгоцны буудал, хурдны зам, төрийн өмчит компани, банк, үл хөдлөх хөрөнгө багтаж байгаа юм. Мөн томоохон аж ахуйн нэгжид эзэмшдэг төрийн мэдлийн хувьцааг ч арилжих аж. Европын холбооны улсуудын Сангийн сайд нар өнгөрсөн ням гаригт Грекийн Засгийн газарт гурав дахь шатны зээл тусламжийг өгөхөөр шийдсэн ч Афинд тавих болзлоо улам чангатгасан юм. Бүх л бүтэн улсын хэмжээнд даван туулахад хүнд хүчир шинэтгэл нь Грекийн хямралд орсон төсвийн алдагдлыг багасгахад чиглэгдэж байгаа ч, татварыг нэмэгдүүлэх, өнөө хэр нь маш өндөр ажилгүйдлийн хувьтай байгаа улсад төрийн албан хаагчдыг үй олноор нь цомхотгохоор төлөвлөсөн нь нийгэмд айдсыг төрүүлж, эсэргүүцлийг дэвэргэж байна. Грекийн өрийн хямрал зөвхөн улсдаа хүндрэл үүсгээд зогссонгүй сүүлийн үед Европын мөнгөн тэмдэгт еврогийн ханш, хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлөх магадлалтай байгаа нь мэргэжилтнүүдийн санааг түгшээж байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )