Д.Ганхуягийн “гүйлгэсэн хор” өөр рүү нь чиглэв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

Өнгөрсөн сонгуулийн дараахнаас Ардчилсан намын орон нутгийн байгууллагууд дотроо талцан хагарч бутарч эхэлжээ. Дархан-уул аймаг, Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд нь одоо  ч хоорондоо хонь чоно болсон хэвээрээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж тэднийг эвлэрүүлэх гэж тамаа цайж байгаа гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард “Их эвлэрэл” гэгчийг зарлан намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэбаатартай хамтран уулзалт, хурлуудыг удаа дараа хийж, заримтай нь арай ядан “найрамдал”-ын гэрээ байгуулах ухааны юм болж байж галыг намжаажээ. Гэтэл Баянзүрх дүүргийн намд нь бахь байдгаараа “гал” ассаар байна. Дотоодын дажин юунаас үүдэлтэйг тэмцэлдэгч талууд аль аль нь сайн ойлгодог бололтой. Анх бутрал, самууралд дуудсан “буянтан” нь УИХ-ын гишүүн Д.Ганхуяг юм байна. Тэрээр УИХ-ын сонгууль болгоноор энэ дүүргээс дархан эрхтэйгээр сонгогдохын тулд өөрийн хүнээр дүүргийн намаа удирдуулахыг хүсчээ. Тэгээд эндхийн хамгийн тэрслүү хүн нь намын хуучин дарга Мөнхбаяр гэгч байсан тул гишүүдийн дунд “хор” цацсан гэх яриа одоо ч хэвээрээ байгаа юм байна.  Мөнхбаярын тарьсан будлиан ч хөөрхөн өгөөш болжээ. Түүний намд нь хандиваар хуримтлагдсан 80 гаруй сая төгрөгийг хусчихсан хэрэг илэрсэн байв. Ингээд шүүхэд өгчээ. Хамаг булайгаа уудлуулсан Мөнхбаяр яаж зүгээр байхав. Ойворгон аашаа барьж чадалгүй дээр нь нэмээд хүн зодсон хэрэгт давхар холбогдсон байна. Хамт ажилладаг нэгэн эмэгтэйгээ зодож эрүүгийн хэрэгтэн болох шахжээ. Танил талын хүчээр мань хүн арай шоронд орчихолгүй үлдсэн юм байх. Харин дээрх мөнгө төгрөг завшсан хэргээрээ “аавынд” морилох гэж байтал аз болж шүүхийн шийдвэр арай зөөлөн тусч төлбөр, тэнсэнгийн ялтай салжээ. Гэхдээ тэр баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр Д.Ганхуягийн лоббигоор дүүргийн намын дарга болсон Пүрэвдаваатайгаа хаана л бол хаана хэрүүл тэмцлээ хийсээр байна. Пүрэвдаваа нь дүүргийнхээ намын гишүүдийн талыг нь өөр дээрээ татаж аваад тамгаа шинэчлэн ажлаа хийж байгаа. Харин Мөнхбаяр хуучин тамгаа өвөртлөөд гудамжинд хэдэн гишүүдээ дагуулан тууж явна. Түүний хорсол одоо Д.Ганхуяг гишүүн рүү шууд чиглэж, ирэх сонгуулиар Баянзүрх дүүрэгт дахин нэрийг нь дэвшүүлэхгүй байх хариу “хор” гүйлгэж эхэлсэн гэнэ. Гэмт хэрэг хийсэн бол алдаагаа засч чаддаг байх ёстой. Засч байгаа байх. Гэхдээ өс хонзон санасан мэт ийнхүү зүтгэх нь бас сонин юм. Алдаан дээр нь тоглосон Д.Ганхуягийг 100 хувь буруутгаж боломгүй ч бас арай өөр зүйл ажиглагдаад байна. Юу вэ гэвэл Д.Ганхуяг заавал дүүргийнхээ Ардчилсан намыг өмчлөх учиртай юм болов уу. Ийм ёс хаана байх билээ. Үүнд гол нь Мөнхбаяр дургүйцэн шазуур зуудаг гэж ойрхны эх сурвалжууд өгүүлж байна. Тэгэхээр үнэн байж болох л юм. Д.Ганхуягийг овоо шударга гэцгээдэг ч бас тиймгүй бололтой. Янз нь хувийн компанитай, хувийн намтай байвал юунд ч дийлдэшгүй хүчтэй улс төрч болдог юм байлгүй дээ.   

Х.Тулга. Zindaa.mn  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top