Зарим арилжааны банк ”8 хувийн зээл зогссон” гэж харилцагчиддаа худал мэдээлэл өгдөг байна

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 04

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ипотекийн зээлийг "Ирээдүйн тэтгэврийн нөөц" санд төвлөрсөн эргэн төлөлтөөр санхүүжүүлэн олгохоор болсон. Өөрөөр хэлбэл тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэж байна, тэр хэмжээний мөнгө ипотекийн зээлд зориулагдана гэсэн үг юм. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ипотекийн зээл энэ хэлбэрээр олгогдож, сард дунджаар 25-30 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд 2 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагджээ.

Тодруулбал, 10 дугаар сард  35.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 481 зээлдэгч, 11 дүгээр сард 26.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 373 зээлдэгч, 12-р сард 23.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 258 зээлдэгч, 2017 оны нэг болон хоёрдугаар саруудад нийтдээ 47.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 750 гаруй зээлдэгч ипотекийн зээлд тус тус хамрагдсан аж. 

Гэвч  зарим арилжааны банк “Монголбанкнаас санхүүжилт олгохгүй байгаа. 8 хувийн зээл зогссон” гэх зэргээр иргэдэд худал мэдээлэл өгч улмаар Монголбанкинд энэ талын гомдол иргэдээс их ирж байгаа тул Монголбанкны зүгээс нийт банкуудад хандан ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай үнэн бодит мэдээллээр хангахыг хүссэн албан тоот илгээлээ. 

Уг албан тоотод:

“Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалд Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг аль болох тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор өөрийн эзэмшиж буй ИЗББ-ын эргэн төлөлтийн хэмжээгээр буюу 25-35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сар бүр банкуудад олгож байгаа билээ. Тиймээс танай банк Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтран ажиллахаар Ерөнхий гэрээнд нэгдэн орсон банкны хувьд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохистой түвшинд хангах, Засгийн газар, Монголбанкны бодлогод олон нийтийн итгэх итгэлийг сулруулахгүй байх, мэдээллийг харилцагчдад үнэн зөв хүргэх тал дээр цаашид анхааран ажиллахыг хүсье” гэв.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoc(202.9.40.58) 2017 оны 04 сарын 04

ene unen buh bank zeel ogohgui bg anhaarah tsag bolspn

0  |  0
Zochin(66.181.185.58) 2017 оны 04 сарын 04

Dundaas ny hojijsuudag ariljaanii bakuudaar damjuulahgui baikh yamar argabaina be,bas 30% urdchilj telne gedeg chinariljaanii bankiig tegej baigaa hereg, er ny ipotek-iin zeeliin 8% ender baina, uunees bolj Mogoliin dundaj davkhargiinhan Bankind shuluulj yaduusiin egneend shiljih bolj baina. Munge huulegchdiig oroltsuulahguigeer zaluuchuud bairtai boloh yamar bolomj baina be. MAN irgeddee chiglesen sanhuugiin taatai hentseltei ,daramtgui bairtai boloh bolomjiig zaluuchuuddaa olgomoor baina.

0  |  0
Top