“Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн: Aмьдралын эрээн барааныг туулаагүй болохоор нууц амрагийг ойлгодоггүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

 Сүүлийн үед авьяаслаг залуу жүжигчид төрөн гарч, ард түмэндээ тэвэр тэврээр нь инээд бэлэглэсээр байгаа. Түүндээ ч сэтгэл хангалуун байж, үзэгч түмнийхээ  хайр хүндлэлийг нь хүлээх юмсан гэсэн том зорилго, гэгээн бодлыг өвөртлөн, урлагийн алтан тайзнаа уран бүтээлээ туурвин яваа  “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Тайванбаатарын Билгүүнтэй  амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.  

-Бага насныхаа талаар ярихгүй юу?

-Би Улаанбаатарын унаган хүүхэд. Манай ээж аав  хоёулаа Улаанбаатарынх. Цэцэрлэг, сургууль гээд бага нас маань төмөр замд өнгөрсөн дөө.

-Жүжигчний мэргэжлийг сонгоход юу  нөлөөлөв, яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

-Энэ талаар хүмүүс асууж байдаг. Би үүнд ач холбогдол өгдөггүй ш дээ. Жүжигчин болох сайхан санагдаад л жүжигчин болсон.

-Шинэ үе продакшинтай хэзээнээс хамтарч тоглох болсон бэ?

-2004 онд хоёрдугаар курсээсээ хамтарч тоглосон.

-Таны хамгийн анх бүтээсэн дүр?

-Сүртэй дүр ч гэж юу байхав. Одоо болтол” Шинэ үе”-ийнхэнтэйгээ ажиллаад явж байна. Хамгийн анхны  дүр гэхээс илүү  тайзан дээр гарсан нь гэвэл зүгээр байх. Хоёрдугаар курсдээ”Шинэ үе” продакшинд  ажиллаж эхлээд тайзан дээр гарч байсан даа.

-Оюутан ахуйн найз нөхдийнхөө тухай бидэнтэй хуваалцаач. Одоо холбоотой байдаг уу?

-Би СУИС-ийг төгссөндөө, тэр дундаа Найдангийн Ганхуяг багшийн шавь болж төгссөндөө баярлаж явдаг. Бооёо ах, Амбий ах нар манай багшийн шавь нар. Мөн манай ангид олон авьяаслаг залуучууд сурч байсан. Манай продакшинд ажиллаж байгаа Ганбаа, Отгоо, мөн манайд ажиллаж байгаад гадагшаа явсан Батуушка, Драмын театрын жүжигчин Алтаншагай байна. Ихэнх нь мэргэжлээрээ, зарим нэг нь телевизэд ажиллаж байна. Оюутан ахуйн нөхөдтэйгээ одоо ч гэсэн сайн найзууд хэвээрээ байгаа.

-Сэдвээ жаахан өөрчилье. Та гэр бүлтэй юу? Таны хувьд гэр бүлийн аз жаргал гэж юуг хэлэх вэ?

-Би эхнэртэйгээ хоёулаа амьдардаг. Гэр бүлийн аз жаргал гэхээр бие биенийгээ ойлгоод хамтдаа сайхан амьдарч байвал, мөн нэгэндээ итгээд, хүндэлдэг байх хэрэгтэй гэж боддог.

-Эхнэрээсээ өмнө  найз охинтой байсан уу? Эсвэл эхнэр тань таны анхны хайр уу?

-Мэдэхгүй ээ, сайн мэдэхгүй байна. /инээв/ Эхнэр маань миний анхны хайр байсан байж болно. Тийм байх. Тэгж бодож байна.

-Нууц амрагийн талаар юу гэж боддог вэ? Үүнийг хүлээн зөвшөөрдөг үү?

-Хүлээн зөвшөөрөөд байх ч юу байхав дээ./ инээв/ Энийг бас нэг сайн ойлгодоггүй ш дээ. Миний хувьд амьдрал зохиогоод удаагүй байгаа болохоор одоохондоо нууц амраг ч гэх юмуу, тиймэрхүү тал дээр амьдралын эрээн барааныг үзэж туулаагүй болохоор өөрийн үнэлэлт дүгнэлт өгөхөд арай эрт юм уу л гэж бодож байна.

-Таны өөртөө тавьж буй хамгийн том зорилго тань юу вэ?

-Хамгийн том зорилго гэвэл хамгийн түрүүн ард түмэндээ хайрлаж хүндлэгдсэн сайн жүжигчин болох гэж зориод, түүнийхээ төлөө ажиллаж байна. Жүжигчин болно гэдэг бол нэг хэрэг. Түүнийгээ бусдад хүргэнэ гэдэг бол маш том асуудал. Үзэгчиддээ өөрийгөө хүлээн зөвшөөрөгдсөн сайн жүжигчин болох юмсан гээд л ажиллаад явж байна даа.

-Хүн бүхэн мөрөөдөлтэй байдаг. Таны мөрөөдөл хэр  биелдэг вэ?

-Миний мөрөөдөл нэг их биелээд байдаггүй ш дээ. Аймаар том юм мөрөөдөөд байдаг болохоор. Сайн юм мөрөөдөж бодож   явбал тэр хүний амьдрал ч гэсэн сайхан байх болов уу гэдэгт итгэлтэй байдаг.

-Таны мэргэжил бусад мэргэжлээс юугаараа онцлог вэ?

-Маш их онцлог байгаа. Дурдаад барагдахгүй л дээ. Хамгийн наад захын жишээ гэхэд бусад аль ч мэргэжил дээр бид нар хувирч ажиллаж чаддаг. Нэг өдөр нисгэгчийн дүрд тоглох боломж гарч ирэх ч юмуу нэг өдөр тракторчин нэг өдөр өөр юу ч байдаг юм. Тэгээд бүхий л зүйл дээр хувирч чаддагаараа азтай юм уу даа.

-Уран бүтээлч хүн бүтээсэн дүрдээ  хайртай байдаг. Тэгвэл таны хамгийн хайртай дүр?

-Хийсэн болгоноо л хайрлана. Гэхдээ яахав дараа нь харж байхад энэ дээр тэгдэг байж уу гэж дутуу санагдах зүйл бий. Бүрэн төгс болчихсон юм байхгүй ээ.

-Үе тэнгийнхээ залуусын тухай юу гэж бодож явдаг вэ?

-Манай залуучууд хийж  бүтээж байна. Өнгөрсөн олимпоор надтай чацуу залуу алтан медаль авлаа. Бид нарт их урам зориг хийж бүтээх хүсэл тэмүүлэл бэлэглэсэн. Сайхан байна. Ерөнхийдөө манай залуучууд хийж бүтээгээд сурч боловсроод болж байна л гэж боддог.

-Жүжигчдэд кинонд тоглох санал ирдэг.  Таны хувьд?

-Киноны санал ирэхийн хувьд ирдэг. Манай продакшны хувьд өөрийн жүжигчидээ  кино  юмуу ямар нэгэн уран бүтээлд ойрын хугацаанд гаргахгүй бодлоготой ажиллаж байгаа. Тийм болохоор ирсэн саналыг аль болох эвтэйхэнээр л буцааж  байна даа.

-Та жүжигчний мэргэжлийг сонирхож байгаа хүүхэд залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Үнэхээр хүсэл сонирхолтой  бол болохгүй юм байхгүй. Сургуульд нь сураад үнэхээр сайн хичээвэл болно. Хичээл зүтгэл бол хамгийн чухал. Авьяаслаг дүү нар гарч ирээд сайн уран бүтээл хийвэл  бид баярлана.

-Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Зорилгодоо хүрэхийн төлөө сайн хичээж хөдөлмөрлөөд ард түмнийхээ хайрыг хүлээсэн сайн жүжигчин болоорой?

-Баярлалаа. Танай сайтын уншигчид болон ярилцлага авсан чамд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Д.Мөнхзул. Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hh(112.72.13.98) 2015 оны 10 сарын 15

Sain jujigchin bsn shu. Mongolchud chmg hundelj hairaldag heterhi ert ywla da uneher haramsaltai. Hairtai shuu

0  |  0
Насаа(27.123.214.115) 2015 оны 03 сарын 20

Монголын ард түмэн үүрд санан дуурсах болно

0  |  0
энхжаргал(202.179.6.158) 2015 оны 03 сарын 14

Хайран залуу харамсаж байна

0  |  0
аадий(103.26.193.34) 2015 оны 02 сарын 15

Сайхан залуу өмхий хужаад алуулах гэж

0  |  0
Top