Монголчууд нэг тонн шатахууныг ус шиг 1000 литр гэж ойлгоод үнэ өсч, буурахад дээрх ойлголтоороо шилжүүлж болох явдал түгээмэл байдаг. Импортлогчид ч ийм ойлголт өгөхийг хичээдэг. Харин эдийн засагч шатахууныг литрлэж зарах нь импортлогчдод илүү ашигтай байдаг гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, “Тонн килограммыг литрт шилжүүлбэл шатахууны үнэ илүү буурах боломжтой“ гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
Бид энэ талаар МУИС-ийн ШУС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч Д.Монхообортой ярилцсан юм.
-Шатахууны үнэ хасагдсаны дараа “Тонн килограммыг нь литрт шилжүүлбэл илүү хямдруулах боломжтой” гэсэн яриа гаргах болсон. Ийм боломж бий юу?
-Би энэ асуултад зөвхөн мэргэжлийн үүднээсээ л хариулья. Шатахуун бол уснаас хөнгөн гэдэг үнэн. Захын шатахуун түгээс станцаас аваад үзэхэд л мэдэгдэнэ дээ. За би баримттай ярья (шүүгээгээ уудлан газрын тосны бүтээгдэхүүний шинж чанар, стандартын тухай бичсэн ном гаргаж ирэв).
-Манайд зарагддаг шатахууныг литрээр хэмждэг. Хүндийн хэмжүүрээр хэмжвэл хэдэн грамм болох вэ. А-80, Аи-92, Дизелийн түлшний хооронд жингийн ялгаа бий юу?
-Шатахууны жин октанаас шууд шалтгаалахгүй л дээ. Шатахууны стандарт гэж бий. Жишээлбэл, өвөл хэрэглэдэг шатахуун, зун хэрэглэдэг шатахуун хоорондоо өөр. Газрын тос нь цэвэр нэг төрлийн бодис биш болохоор өвөл царцдаг. Царцсан шатахуун тэсрэхгүй, мотортоо очихгүй бөглөрнө өө дөө. Шатахууны найрладагд парафин гэж бодис байдаг. Цэврээрээ бол лааны лав шиг эд. Энэ парафин л царцалтын гол шалтгаан байгаа юм. Өвлийн шатахуунаас парафиныг шүүж авдаг. Тиймээс өвөл, зуны шатахууны жин хоорондоо ялгаатай. Гэхдээ их биш. Ер нь бол нэг литр бензин 850 орчим граммтай тэнцдэг. Өөрөөр хэлбэл, 850 кг нь 1000 литр болдог. Тэгэхээр нэг тонн шатахуун 1200 орчим литр болох нь.
-Шатахуун импортлогчид “Тээвэрлэлтийн явцад ууршилт их гардаг учраас ашиг багасдаг” гэж ярьдаг. Энэ үндэслэлтэй юу?
-Мэдээж, шатахуун тодорхой хэмжээнд ууршдаг. Шинж чанараасаа хамаараад шатахуун арай их, дизелийн түлш арай бага ууршдаг. Гэхдээ шатахууныг тээвэрлэх, хадгалах стандарт гэж бий. Энэ журмаар л бүх ажиллагаа явагдаж байгаа. Хуучин НИК-ийн үед цистернээр тээвэрлэдэг байсан. Одоо ч хэвээрээ байх л даа. Ингэж тээвэрлэхэд мэдээж ууршилт гарна, гэхдээ их биш. Стандартаа сайн мөрдөөд явахад болно.
-Тэгэхээр, үнэ ханшид нөлөөлөхөөр тийм их ууршдаггүй гэсэн үг үү?
-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Би судлаач, эрдэмтэн хүний хувьд л асуултад чинь хариуллаа. Химийн шинж чанараараа бол шатахуун уснаас хөнгөхөн, нэг литр нь 830-870 граммтай тэнцдэг. Тэгэхээр нэг тонн нь 1150-1170 литр болдог байх нь.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
Тэгээд юу гэж 1000 л шингэнийг 1тонн л гэдэг биз дээ. Олон улсад нефтийн бүтээгдэхүүнийг эзлэхүүнээр хэмжлэг болохоос жингээр хэмждэггүй.Хямдрал бол хэрэгтэй гаргалгаа чин л сонин байна.
яг үнэндээ шатахуун түгээгч ажиллуулбал тодорхой цалин төлнө өөрсдөө бууж таг авч онгойлгоод аваад гарахад юун буруутахав тэгээд ч дуусгал гүйцэд хийлгэлгүй литрээс хэдэн зуун грамм үлдээх овсгоотой хүмүүс ч зөндөө энэ ч бас үнэ нэмэгдэх боломж энд тэнд явж байхад бид өөрсдөө шатахуунаа хийгээд л тэнд байгаа худалдаанаас хэрэгцээт юмаа аваад явдаг ш дээ харин МАН-ын засаглалын үед дандаа үнэ нэмэгдэж өнөөдөр хүрч ирсэн бид яахав сонголтоо хийсэн энэ үнэ зөвхөн жолоочид биш улс оронд ч хүндрэл үүсгэдэг машингүй хүн ч хараахын аргагүй юмны үнэ тээвэрлэлтынхээ зардалаар нэмэгдэнэ
УБ-т шатахууныхаа үнийг бууруулж 1565-аар зарж, өглөөний үйлчлүүлэгч нараа кафегаар дайлдаг Тэнгэр төвийн дэргэдэх маш сайхан үйлчилгээтэй ”Нik” билүү нэртэй шинэ ШТГ байна.Гэтэл Нарны замын Чулуун овооны орчмийн ”МТ”-ийн ШТК 1550 төгрөгөөр зарж байгаа хэрнээ жолооч нарыг өөрөө өөртөй үйлчил хэмээн зандарч чирэгдүүлж бүдүүлэг үйлчилдэг газар бас байна.Шатахууны үнээ бууруулж, үйлчилгээгээ шуурхай чирэгдэлгүй, соёлтой болгох боломж их байна шүү дээ.
хэрэглэгч бас кг-р авах нь зөв юм бишүү