Ингэж асуух шалтгаан байна. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж бүрэн утгаар нь ажиллуулах, үр өгөөжийг нь түргэн хугацаанд хүртэхийн тулд Төмөр зам, Цахилгаан станц, Нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтад оруулахаас гадна, олборлолтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх ёстой.
Эдгээрээс Цахилгаан станцын төсөл, Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн төмөр зам нь Засгийн газрын боловсруулж буй Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслөөс тусдаа явж байгаа юм. Цахилгаан станцын төсөлд MCS компани Япон улсын Марубени корпорацитай хамтран хөрөнгө оруулалт оруулж ажлыг нь эхлүүлсэн. Цахилгаан станц нь дан ганц Тавантолгойг цахилгаан эрчим хүчээр хангахгүй. Оюутолгойг эрчим хүчээр хангана. Өмнөд бүсэд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтуудын эрчим хүчний хэрэгцээг дотоод эх үүсвэрээс хангахын зэрэгцээ цаашид эрчим хүч экспортлох том амбицтай төсөл юм. Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн төмөр замын хувьд Монголын төмөр зам компани Шинхуа групптэй хамтран барьж дуусгахаар хэлэлцэж байна. Энэ төслийн хариуцагч нь Монголын төмөр зам компани. Тэгэхээр Цахилгаан станц, Төмөр замын төслүүд нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөлд хамааралгүй юм.
Иймд Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслөөр яг юу хийх вэ. Нүүрс угаах үйлдвэр барих, ордоос нүүрс олборлох хоёр үндсэн төслийг л хөрөнгө оруулалтаар шийдэх учиртай болж байна. Олборлолтын үйл ажиллагааг одоогоор Монгол компаниуд хамтран явуулж байгаа. Тавантолгойн ордод нүүрс олборлоход хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагагүй юм. Учир нь одоо манай үндэсний компаниуд олборлолтын үйл ажиллагааг бие даан явуулж чадаж байгаа билээ. “Хишиг Арвин”, “Моннис” зэрэг үндэсний компаниуд Тавантолгойн ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Зүүн Цанхи гэхэд 2016 онд 7.6 сая тонн нүүрс олборложээ. Баруун цанхи ашиглалтад орсноор мөн тийм хэмжээний нүүрс олборлочихно. Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой ч дан ганц Тавантолгойн нүүрсийг энэ төмөр замаар тээвэрлэхгүй. Тавантолгойгоос жилд ойролцоогоор 20 сая тонн нүүрс төмөр замаар экспортлох юм билээ. Баруун, Зүүн Цанхи зэрэг ажиллаж эхэлснээр энэхүү 20 сая тонныг өлхөн олборлоно.
Тавантолгойн ордоос нүүрс олборлоно гэдэг тийм ч нүсэр ажил биш. Оюутолгойн орд шиг олборлолт явуулахад бүтээн байгуулалт, гүний уурхайн тухай яригдахгүй. Хөрсийг нь хуулаад нүүрсээ ухаад авчихна. Тийм учраас Монголынхоо компаниудаар олборлолтоо хийлгээд явахад бүтэхгүй, чадахгүй ажил байхгүй билээ. Тэдгээр компаниуд одоо ч энэ ажлыг хийсээр байна. Ингээд үзэхээр Тавантолгойн ордод хөрөнгө оруулалтын гэрээгээр Шинхуа болон Энержи ресурс компаниуд яг юу хийх юм бэ гэдэг асуудал тавигдаж байна. Нүүрс угаах үйлдвэр тийм их хөрөнгө оруулалт шаардахгүй. Эхний ээлжинд Энержи ресурсийн нүүрс угаах үйлдвэрийг түшиглэхээр ярьж байгаа. Нөгөөтэйгүүр “Шинхуа” Монголоос баяжуулсан нүүрс авах сонирхол байгаа юм уу? Өөрсдөө хилийн цаахан талд баяжуулах үйлдвэртэй том компани шүү дээ.
Мэдээж хөрөнгө оруулагчид дан ганц угаах үйлдвэр л барих юм байна гэж ойлгож болохгүй л дээ. Нэмж ордод хайгуулын үйл ажиллагаа явуулах, нөөцийг тогтоох ажил хийж таарна. Гэхдээ л их хөрөнгө оруулалт шаардахгүй. Нөгөөтэйгүүр шууд одоо хийгдэх ажил биш. Тодорхой хугацааны дараа, Тавантолгойд оруулсан хөрөнгөөсөө ашиг шим хүртсэнийхээ дараа хөрөнгө оруулагч талууд хамтраад нэмэлт хайгуул хийх, нөөцийг тогтоох асуудлыг ярьж болно. Түүнээс бүх нөөцийг нь бүрэн тогтоочихоод ажлаа эхэлдэг тэнэг гэж байхгүй. Тавантолгойн ордоос одоо ашиглаж эхэлсэн нь Ухаа худаг, Цанхийн уурхай. Цаана нь гурван ч толгой байна. Тэгэхээр тэнд асар их баялаг бий. Бүгд л ил уурхай. Хөрсийг нь хуулаад баялгийг нь авна.
Ерөөсөө ингээд харахаар Тавантолгойд хөрөнгө оруулалт шаардлагагүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Төмөр замаа л тавьчихвал болчих гээд байгаа. Тавантолгойн ордтой Төмөр зам холбогдоход эдийн засгийн өгөөжөө асар хурдан өгөх боломжтой.
“Энержи ресурс” компанид “NO” гэж хэлэх үү
Тэгэхээр Тавантолгойд нүсэр их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүй гэдэг нь нэгэнт тодорхой байна. Тавантолгойн 49 хувьд хөрөнгө оруулагчаар орж ирэх “Энержи ресурс”, “Шинхуа”-аас хөрөнгө оруулалт гэж шалих зүйл шаардахгүй. Ганц Нүүрс угаах үйлдвэр л тэдний санхүүжүүлэх гол хөрөнгө оруулалт юм. Нөгөөтэйгүүр “Шинхуа” яагаад заавал “Энержи” ресурстай хамтарч Тавантолгойд орж ирэх гээд байна гэдэг чинь өөрөө сонин. “Энержи ресурс” тийм их мөнгөтэй компани биш. Ганц нүүрс угаах л үйлдвэртэй. “Шинхуа” бол Хятадад хилийн цаахан талд хэд хэдэн үйлдвэр барьсан. Ганц үйлдвэр барьчих мөнгөтэй, туршлагатай компани. Баяжуулах үйлдвэр барихад усны асуудал хүнд ч шийдэж болох биз. Манайх “Энержи ресурс”-ээр дамжуулалгүй шууд “Шинхуа”-тай харилцаж болмоор санагдах. Гэхдээ “Шинхуа”-д тийм сонирхол байхгүй юм билээ. Шалтгаан нь “Шинхуа” Тавантолгойд нөлөөгөө тогтоох, хувь эзэмшихийн тулд Монголын нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоох, тэднээр лоббидуулах ёстой. Тэр нь “Энержи ресурс” хийгээд нүүрсний бүлэглэлийнхэн. Тийм учраас “Шинхуа” нь “Энержи ресурс”-аас салах үндэсгүй. “Энержи ресурс” бол Монголынхоо баялгийг гадныхантай нийлж авах хүсэлтэй. Энэ талаас нь харвал Монголын нүүрсчдийн намыг бүрдүүлсэн “Энержи ресурс”-ийг хөөгөөд гаргах хэрэгтэй байгаа юм. Хийж буй луйвар, Тавантолгойн ордыг авах гэсэн санаархал нь дургүй хүрмээр л дээ.
Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлнэ гэж байгаа. “Энержи ресурс”-ын Ухаа худаг хүртэл багтана гэсэн үг. “Ухаа худаг”-аас нүүрс олборлох өртөг асар өндөр. Өөрөөр хэлбэл өрмийг нь хуулаад авчихсан болохоор олборлоход өртөг их шаардах юм билээ. Нөгөөтэйгүүр одоо гаргаж байгаа нүүрснийх нь коксжих чанар тааруу. Цанхийн сайн чанарын коксжих нүүрстэй хольж байж экспортод гаргах боломжтой. Энэ утгаараа ч “Энержи ресурс” манай Тавантолгойн төсөлд “гай” л болно доо.
Тавантолгойн хөрөнгө оруулалтын луйврын чимээ
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Төрийн ордны хаалгаар сэм оруулаад буцаачихлаа. Хэд хоногийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар уг төслийг хэлэлцжээ. Бүлгийн гишүүд нэлээн ширүүн маргаан үүсгэсэн байгаа юм. Хөрөнгө оруулалтын төслөөр 49 хувийг нь БНХАУ-ын “Шинхуа”-д, 51 хувь нь Монголын төр, аж ахуйн нэгжид гэсэн хувилбар оруулж иржээ. Гэхдээ төрийн эзэмшлийн 34 хувьд нь хувийн аж ахуйн нэгжийг оруулна гэсэн байна. “Энержи ресурс” үндэсний аж ахуйн нэгж гэдгээрээ 34 хувиас эзэмшинэ. Уг хувийг бүгдийг нь эзэмших ч сураг гарав. Ингэхээр Монголын төр 17 хувийг л эзэмшихээр төсөл орж иржээ. Монголын аж ахуйн нэгж гэдэгт гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд орох боломжтой гэсэн үг. Ер нь тэгээд хувийн хэвшлийн 34 хувь гэдэг Монголын ард түмэнд хүртээлгүй юм. Хэдхэн хүний л өмч. Хэрэв энэ үнэхээр үнэн бол Монголын үндэсний эрх ашгийг ноцтой зөрчсөн төсөл болж таарч байна. Ашигт малтмалын тухай хуулиар улсаас эрэл хайгуул хийж илрүүлсэн стратегийн ордын 51 хувь нь төрд байх заалттай.
Тийм учраас энэ бол луйврын төсөл ажээ. “Энержи ресурс”-ийн нөлөө ийнхүү Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөлд шингэсэн нь энэ юм. Үүнийг МАН-ын бүлгийн хурлаар гишүүдээс нэлээн хэд нь эсэргүүцжээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Болорчулуун нарын гишүүд хүчтэй эсэргүүцсэн мэдээлэл байгаа юм. МАН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх нь эсэргүүцсэн тул УИХ-д өргөн барихаас татгалзаж, буцаасан юм билээ.
Т.Амартүвшин
2017.02 сар. Зиндаа сэтгүүл №3/503
Сэтгэгдэл ( 3 )
Бас нэг тархи угаалт.Нарийн учрыг нь мэдэхгүй байж худлаа шаалаа л байна шдээ.Зи дарга нэгэнтээ хэлж билээ.Нүүрс эксватороор хутгаж ачаад зарахыг бизнес гэдэггүй юм гэж. Эндээс тэр үнэр л ханхалж байх шив дээ,
Юу ч мэдэхгүй байж худлаа бичиж хэрэггүй. Та нар Монголыг сүүлийн арван жилд хойш татлаа. Одоо бол юу хийж чадахгүй байж болно. Гай бүү бол
Женкогийн шидэж буй чулуу