Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт хоёр дахь удаагаа “мааниа” уншуулах болоод байгаа. Түүнийг огцруулах долоон үндэслэлээ С.Эрдэнэ тэргүүтэй гурван гишүүн УИХ-д өргөн барьсан боловч Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонх нь “Огцруулах боломжгүй” гэв. Түүнд тулгасан долоон зүйл бүхий “ялын тоглоол”-ын хамгийн ноцтой нь Оюу толгойн гэрээ байлаа. Энэ гэрээг хийхдээ Д.Зоригт УИХ-ын тогтоолыг биелүүлээгүй ажээ. Уг нь УИХ-ын тогтоол бол хууль л гэсэн үг. Хэн ч үл тоож болохгүй. Тэгвэл Д.Зоригт нарын хэдэн сайд нь хайхарч үзэлгүй Оюу толгойн Монголын талын эзэмшлийг 50 хувьд заавал хүргээрэй гэсэн хатуу үүргийг хөсөр хаяжээ. Үүнийг нь эдийн засгийн байнгын хорооныхон “Зөв байна. Чи УИХ-ын шийдвэрийг биелүүлэхгүй байх дархан эрхтэй” хэмээн дэмжиж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, залуу сайдыг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэн монголчуудынхаа эрх ашгийг харийнханд худалдаад бай гэсэн юм байна. Байнгын хорооны гишүүн Х.Бадамсүрэн, Р.Раш мэтийн хүмүүс Засгийн газрын ганц сайдыг л огцруулах гэснийг ойлгохгүй байгаагаа хэлж байв. Уг нь түүнтэй хамт Оюу толгойн гэрээнд гарын үсэг зуралцсан сайд нар нь Л.Гансүх, С.Баярцогт нар юм. Тэд уг нь Ардчилсан намын гишүүд. С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар анхнаасаа гурвууланг нь огцруулах санал оруулах байж дээ. Тэгсэн бол асуудал арай өөрөөр яригдах байсан байх. Хуулиа биелүүлдэггүй сайд нараа огцруулах тэдний толоом энэ удаа ямартай ч хий хоосон зүйл болоод өнгөрөх бололтой. Д.Зоригт нь ямаа гэхээр тэмээ гээд тэс хөндлөн юм яриад, ажлаа ч олигтой хийхгүй явсаар 2008 оны сонгуультай залгах юм байна. Ерөөсөө хуулиа биелүүлэхгүй байх нь сайд нарын зөв ч юм болов уу даа. Ямар Монголд хууль хэрэгждэг биш. Тиймээс Д.Зоригтыг энэ удаа хоолтой нь үлдээхийг байнгын хорооныхон хүссэн юм байна. Хуваагаад идэхэд нь ч амар санагдсан биз ээ.
Х.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )