Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Британийн Монголчуудын Холбоо хамтран "Монгол орны хөгжилд" VII чуулга уулзалтыг Лондон хотноо энэ сарын 7-ны өдөр амжилтгай зохион байгууллаа.
"Монгол орны хөгжилд" VII чуулга уулзалт "Мэдлэгт суурилсан хөгжил” нэгдсэн сэдвийн хүрээнд "Хөгжлийн тухай саналууд болон "Санхүү Эдийн засаг-Мэдээллийн Технологи" гэсэн хоёр салбар хуралдаан хийлээ. Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Эрдэнэ оролцож хилийн чанадад суугаа Монголын иргэдийн талаар төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого болон "Зөгийн үүр" хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулав. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа элчин сайд Б.Энхмандах VII чуулга уулзалтад зочин илтгэгчээр оролцож "Монголын нийгмийн хөгжлийн загварын онцлог" сэдвээр үндсэн илтгэл тавьж нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Британи төдийгүй Герман, Голланд, Ирланд, Польш, Португаль, Швед, Орос зэрэг оронд мэргэжлээрээ ажиллаж буй залуус, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж оролцсон нь чуулга уулзалтыг улам ч сонирхолтой болгов. Мөн чуулга уулзалтад Европын улсууд дахь Монголчуудын Холбооны тэргүүн нар оролцож чуулга уулзалтын хэтийн зорилго, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хамтран ярилцаж санал бодлоо хуваалцав. Тэд Европ дахь Монголчуудын нэгдсэн холбоо байгуулах саналыг хэлэлцэв. Уулзалтаас гаргасан санал, санаачилгыг нэгтгэн холбогдох яам, тамгын газарт хүргэх цаашлаад төр засгийн бодлогод тусгах, хамтран ажиллах саналаа хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв гаж Гадаад харилцааны яам мэдээллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )