Шүлэг: Эрлэг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

Рагчаагийн Батжаргал

1946 онд Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн. 1970 онд УБДС төгссөн. “Өвөөгийн эрдэм”, “Хүслийн өргөл”, “Шүлгэн эрхи”, “Араншингийн салхи”, “Гоё амраг”, “Алаг дэвтэр”, “Миний шүлгүүд” зэрэг яруу найргийн олон ном бүтээсэн. МЗЭ-ийн шагналт зохиолч юм.

 

Бурхан халдун

Мөрөөдөл баринтагтай үүлэн зүмбэр

Мөнхөд бадамлах уулан сүмбэр

Бурхан халдун хөлтөрсөн ембүү дүртэй

Онгод цалгиах билэгт шүтээн

Орчлонд цаллах бишрэлт хайрхан

Өвлийн  Бурхан халдун мөнх тэнгэрийн абшигтай

Чингэс богдын цагаан хийморь

Чинхүү хүслийн гэгээн хойморь

Өвлийн Бурхан халдун хөлгөн түүхийн шүншигтэй

 

Ханьдаа

Уудам юм даа энэ орчлон гэж эрэгцээвэл

Уруулаар хэлснийг минь санаарай

Уруудвал өгсөхийн зуурт цэгнээрэй

Сүүтэй итгэлд минь гал өрдөж

Сүүдэртэй талаас минь түшиж яваа

Сүнс амь минь чи шүү дээ

Үүнтэй адил амьдын чөлөөнд

Үүд хоймрыг төвшилж яваа

Үйлс хийморь нь би юм шүү дээ

 

Намрын өнгө

Хөхрөх номин хангайн нарлаг энэхэн чөлөөнд

Хөх хөх тогоруу шиг хадланчны майхан дэрвэнэ

Хөеө мэтэс бөмбийн ногоон бухлууд дэмбийнэ

Цагаахан алчуур зангидсан гоо бүсгүй исгэрнэ

Цангинан цэнгэнэх хадуур ган илд шиг гялалзана

Цариун намрын ааг хадуур даган урсана

Уулын хөх салхи үес үес сэвхийнэ

Учрал хүссэн зүрх үе үехэн дэвхийнэ

Ургацтай намрын өнгө хайр зүслэн мэлтийнэ

 

Эрлэг  

Зургийн зотон шиг шар хамбан талд

Сул аяс хөвөрдөж тэнгэрийн ээл хөтлөх шиг

Зул хонгор морьтой хүн давхиж явна

Зуны цэнгэл үгүйлэх намрын хөх алсад

Зурсхийх цагаан зураа зээрийн сүрэг хуйларна

Зулрах тоосны үзүүрт буутай анчин бөртийнө

Тавилан нэгтэй хорвоо таавар мэт битүү

Там, даваажин хоёрыг ялгах завгүй омголон

Талд буу шийрлэсэн хүн өөрөө эрлэг

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top