БНСУ-д зохиогдсон Хаврын баяр наадамд оролцон 20 гаруй улсын 500 орчим уран бүтээлчдээс хоолойны цар хүрээ, дуулах чадвараараа онцгойрон шалгарч Гранпри хүртсэн “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргалтай уулзаж ярилцлаа. СУИС-ийг төгссөн цагаасаа хойш Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллаж буй түүнийг "Гэгээн муза-2010" наадмаас Хөгжимт жүжгийн төрлөөр шилдэг эмэгтэй дүрийн шагнал гардсаныг уншигчид маань санаж буй биз ээ. Ингээд түүний илэн далангүй ярилцлагыг хүргэө.
-Та "Гэгээн муза-2010" наадмаас хөгжимт жүжгийн төрлөөр шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн. Драмын урлагийн мэргэжлийн жүжигчидтэй эн зэрэгцэн шагнал гардаж байхад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Би "Хязгааргүй" хөгжимт жүжгээр шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэндээ маш их баяртай байгаа. Энэ жүжиг монгол хүний оюун ухаанаас төрсөн шинэлэг жанрын гайхамшигтай бүтээл. Драмын урлагийн мэргэжлийн олон жүжигчидтэй хамт нэр дэвшиж байсан учраас өөртөө эргэлзэж, итгэлгүй байсан. Дуучдаас анх удаа энэ шагналыг авсандаа их баярласан.
-Амжилт дагуулсан "Хязгааргүй" жүжгээ хоёр жилийн хугацаанд бэлдсэн гэсэн. Нэг жүжигт хоёр жилийн хугацаа зарцуулсан гэхээр нэлээд их хөдөлмөрлөсөн бололтой?
-"Хязгааргүй" жүжиг маань зүгээр нэг драмын жүжиг биш, синтиз урлаг учраас бид дуулахын зэрэгцээ жүжиглэж, бас бүжиглэдэг урлагийн хүнд төрөлд ордог. Энэ жүжгийн гол дүрд тоглосон Баттөмөр ах бид хоёроос гадна тайз, гэрэлтүүлэг гээд арын албанд ажилласан олон хүний хөдөлмөр шингэсэн бүтээл юм. Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд СТӨ-ний хонгилд, БЦДБЧ-ын бүжгийн жижиг өрөөнд, ХЗСТО-ны Улаанбаатар чуулгын тайзан дээр гэхчилэн жүжгийн сургуулилт хийж болох газрыг том, жижиг гэж гололгүйгээр уйгагүй бэлтгэлээ хийсэн. Бид өдөр бүр Төв аймаг руу явж тайзан дээрээ бэлтгэлээ хийдэг байлаа. Бидэнд тусалж, дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.
-Та Дархан-Уул аймагт өсч торнисон байх аа. Хүүхэд насныхаа гэгээхэн дурсамжаас хуваалцаач?
-Манай Дархан залуучуудын гоё хот. Би дунд сургуульд байхдаа ширэн бөмбөг хөөсөн охин байлаа. Гүнзгийрүүлсэн сургалттай сонгоны ангийн сурагч байсан учраас хичээл ихтэй, түүний хажуугаар сагс тоглож, уран зураг зурна. Би багаасаа зураач болохыг мөрөөдөж, 13 жил уран зураг зурсан. Харин аравдугаар анги төгсөх жилээ гэнэтхэн дуучин болохоор шийдэж олон жил хичээллэсэн уран зураг, сагсан бөмбөгөө орхисон доо.
-Олон жил зураг зурж, спортоор хичээллэсэн охин юунаас болоод гэнэт дуучин болохоор шийдсэн нь сонин санагдаж байна?
-Би хөгжим сонсох маш их дуртай хүүхэд байсан. Тухайн үед Селин Дион, Мариан Кэри, Хьюстин нар ид хүчээ авч байсан болохоор тэдний дууг сонсоно. Тэгээд л аравдугаар ангид байхдаа гэнэт дуучин болохоор зориглож, өөрийнхөө олон жилийн хөдөлмөрийг орхичихсон юм.
-Та ер нь аливаа зүйл дээр гэнэт эрс шийдэмгий шийдвэр гаргадаг уу?
-Ер нь тийм шүү, миний хамгийн сүүлд хийсэн зоримог алхам бол үснийхээ засалтыг өөрчилж, богино болгож тайруулсан. Би нэг өдөр үсэндээ массаж хийлгэж байгаад гэнэт үсээ тайруулмаар санагдаад 10 жил ургуулсан үсээ тайруулчихсан. Гэхдээ ерөөсөө харамсаагүй, үснийхээ энэ засалтанд маш их "kife”-тай байгаа. Хэрэв хэсэг хугацааны дараа энэ үснээсээ уйдчихвал бүр жижигхэн болгож, эсвэл үсээ дахиад ургуулж ч болно. Ер нь заримдаа огцом алхам хийх нь надад эрч хүч өгдөг.
-Бүсгүйчүүд ихэвчлэн сэтгэл тавгүй, стресстсэн үедээ өөрийгөө өөрчлөх гэж үсээ тайруулдаг юм шиг ээ?
-Магадгүй бусад эмэгтэйчүүд сэтгэл нь тавгүйтвэл үсээ тайруулдаг байх. Харин миний хувьд энэ үсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа, надад стресстэж нервтсэн зүйл алга. Тэгээд ч би үсээ тайруулсан болохоос ямар нэг гоо сайхны мэс засал хийлгэсэн биш, өөрөөрөө л байна. Харин миний охин намайг үсээ тайруулсныг харчихаад ээжийн үс гоё байна гээд өөрийнхөө үсийг надтай адилхан тайрчихсан байсан. Би ээж, охин хоёртоо таалагдаж байвал боллоо, өөр хүнд сайхан харагдах шаардлагагүй. Тэр хоёр минь миний хамгийн үнэнч шүтэн бишрэгчид.
Миний ээж амьдралын минь хүнд хэцүү, баяр гунигтай бүх л үед хажууд минь байж туслаж, зөвлөж, намайг маш сайн ойлгодог. Тиймээс би өөрийгөө азтай хүн гэж боддог. Танай сониноор дамжуулаад намайг энэ хорвоод тээж төрүүлсэн энгүй их ачтан ээждээ маш их хайртай, баярлалаа гэж хэлье.
-Таны үсний засалт охинд чинь их таалагдаж дээ, охиныг чинь хэн гэдэг вэ?
-Миний охиныг Мөнгөншагай гэдэг, одоо гурван настай. Миний зүрхэн дэх хоёр эрдэнэ бол ээж, охин хоёр минь. Уран бүтээлчид бид ажлынхаа онцлогоос шалтгаалаад байнга завгүй байдаг учраас олон хүухэдтэй болох боломж байдаггүй. Тиймээс гэр бүл төлөвлөлтийн асуудалд нэлээд нухацтай, ухаантай хандахгүй бол болдоггүй юм аа. Би дахиад хөөрхөн хүүхэдтэй болохоороо Алтаншагай гэж нэрлэнэ.
-Танд үргэлж урлагийн төлөө зүтгэж, ажил, гэр хоёрын хооронд амьдрах нь зарим үед уйтгартай юм шиг санагдаж байсан уу?
-Мэдээж хүн л юм чинь бусдын адил уурлаж, уйлж, дурлаж хүний бүх л араншинг гаргана. Тэр дундаа урлагийн хүмүүсийн сэтгэл хөдлөл бүр илүү байдаг. Зарим үед ажлын эрч хүч буурч, стресстэж юу ч хиймээргүй санагдах үе байлгүй яах вэ. Тэр үед дуулж л байж жинхэнэ баяр баясгалан, аз жаргалыг мэдэрдэг дээ. Урлагийнхан бид цаг наргүй ажилладгаас гэр бүл орхигдохоос эхлээд хэцүү зүйл тохиолддог ч уран бүтээлээ хийж байгаа нь сайхан байдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай хамтлагийнхан гурван бие даасан тоглолт хийж, дөрвөн жил хөдөлмөрлөсний хүчинд Монгол эх орныхоо тухай сэдэвтэй сайхан дуунуудаас бүрдсэн "Voice of Mongolia" СD-гээ гаргасан. Манай хамтлагийн дуунууд дандаа Монголын нэр нөлөө бүхий алдартай хүмүүсийн бүтээл байдаг учраас бид маш их хичээж дуулдаг. Цаг наргүй хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж байна. Бид саяхан БНСУ-ын Хаврын баяр наадамд оролцож, 20 гаруй улсын 500 гаруй уран бүтээлчдээс шалгарч Гранпри хүртсэн.
-Монгол улсынхаа нэрийг гаргаж, Гранпри хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хургэе. Олон улсын уран бүтээлчдээс ялгарч чадсан нь танай хамтлагийн ур чадвар хэр хэмжээнд байгааг илтгэн харуулж байгаа байх?
-Уг Хаврын баярт 500 гаруй уран бүтээлчид урлагийн бүх л төрлөөр өрсөлдсөн. Улс эх орноо төлөөлөн ирсэн, тухайн улсынхаа шүтээн нь болсон хүмүүстэй нэг тайзнаа дуулж, Гранпри хүртсэндээ маш их баяртай байна. Наадмын оролцогчид өдөр бүр тоглолтонд орж, тэмцээний шалгаруулалт хасагдах журмаар явагдсан юм. Тэр дунд хоёр тоглолтод оролцоод хасагдаж нутаг буцсан хүмүүс ч бий. Манай хамтлагийнхан есөн шилдэг номерт шалгарч, 11 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд болсон Гала тоглолтонд оролцож Voice of Mongolia" дуугаа дуулсан. Тэр үед БНСУ-ын БСШУ-ны сайд нь дарга нарынхаа хамтаар ирж бидэнд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэнд баяртай байна.
-Таны тухай мэдээлэл цуглуулахаар интернетийн хуудас сөхөхөд уншигчид таныг дэмжиж "хөөрхөн шуү" гэсэн урмын үгийг олонтоо бичсэн байсан. Та өөрийгөө хөөрхөн гэж боддог уу?
-Би өөрийгөө муухай гэж боддоггүй ч хөөрхөн гэж хэлэхгүй. Гэхдээ гадаад улс орноор явж байхад монгол эмэгтэйчүүд зүс царай, бие хаа, авьяас чадвар, боловсролоороо бусдаас онцгойрч ялгардаг юм билээ. Би урлагийн хүн учраас үзэгчдээ хүндлээд тайзан дээрээс сайхан харагдах ёстой гэж боддог. Тиймээс хувцаслалтандаа их анхаардаг. Энэ бол манай хамтлагийнхны баримталдаг зарчим.
-Сайхан бүсгүйн 21 шинж бүгд бүрдсэн гэж зарим бүсгүйчүүд өөрсдийгөө ам бардам тодорхойлдог. Харин танд энэ шинжүүдийн хэд нь байгаа гэж бодож байна?
-Сайхан бүсгүйн 21 шинжид ямар зүйл багтдаг юм бол оо, би энэ тухай ёстой бодож байгаагүй юм байна. Хэрэв дуу хоолойг эмэгтэй хүний 21 сайхан шинжид оруулдаг бол надад ямар ч байсан энэ чанар нь байгаа л юм байна. Би өөрийгөө бурхнаас заяасан сайхан хоолойны тембертэй гэж боддог. Үүнийгээ багш нарынхаа зааж сургаснаар өөрийнхөө хичээл зүтгэлээр илүү хөгжүүлнэ гэж боддог. Харин сүүлийн үед гоо сайхны мэс заслын аргаар гадаад үзэмжээ илүү сайхан болгох боломжууд нээгдчихсэн шүү дээ.
-Отгоо хэр сайн бүжигчин бэ, хааяа найз нартайгаа night club-т орж бүжиглэдэг л байх?
-Би Гоолингоо бүжгийн клубт тав дахь жилдээ хичээллэж байна. Мэдээж найз охидтойгоо хөлсөө гартал бүжиглэх гэж night club-т ордог.
-Бүсгүйчүүдийн нөхөрлөл хэврэг гэж ярьдаг. Ялангуяа, найз хүүхэндээ нөхрөө битгий танилцуул гэдэг үг ч байдаг. Магадгүй эмэгтэйчүүд илүү атаач хүмүүс байж болох юм. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Би эмэгтэйчүүдийн үерхэл хэврэг гэж боддоггүй. Дунд сургуулиасаа хойш үерхсэн сайхан найзууд надад бий. Миний найз нар эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон чадвартай мундаг бүсгүйчүүд байдаг. Би эрэгтэй хүмүүсийн дунд ажилладаг болоод ч тэр үү, найз охидынхоо дунд нэлээд эршүүдэд нь ордог. Ер нь манай найз охид эршүүд талдаа шүү. Тиймээс бидний дунд атаархал, үл ойлголцол байдаггүй.
-Эмэгтэй хүн нууцлагдмал байх тусмаа эсрэг хүйстэндээ илүү сонирхолтой байдаг гэдэгтэй та санал нийлэх үү?
-Эмэгтэй хүн нууцлагдмал байх ёстой. Тэгж байж л нэр хүндтэй байж хүмүүст хайрлагдана. Хамгийн чухал нь эмэгтэй хүн ухаалаг байх ёстой. Охид бүсгүйчүүд маань ухаалаг байж амьдралдаа алдахгүй, сайхан гэр бүлийг бүтээгээсэй гэж би хүсдэг. Манайд мэдлэг боловсролтой, нийгэмд эзлэх байр сууриа олчихсон, ухаалаг, сайхан бүсгүйчүүд олон байна.
-Та найз залуутай юу, эр хүний талаарх таны бодол?
-Надад өөр хүнд гаргах цаг зав байхгүй учраас одоохондоо найз залуугүй л явна. Надад худлаа ярьдаг эрчүүд таалагддаггүй. Ер нь худлаа ярина гэдэг их муухай зүйл шүү дээ. Би эрчүүдийг мөнгөтэй, чадалтай байгаасай гэж хүсэхээсээ илүү ханилсан хань, үерхэж буй бүсгүй, үр хүүхэд, ээж, аавдаа жижиг сажиг зүйл дээр ч гэсэн битгий худлаа ярьж байгаасай гэж хүсдэг.
-Уучлаарай, хаширсан хүнийг хашир хүн гэдэг. Таны амьдралд худалч хүн байсан учраас ингэж хэлж байна уу?
-Миний амьдралд худалч хүн байгаагүй ч би өөрөө шулуун зантай болохоор худлаа ярьж, амиа бодсон хүнд дургүй. Хэн нэгнийг хүндэлж байтал нөгөө хүн маань худлаа яриад эхлэхээр тэр хүний тухай бүх бодол утгагүй болчихдог юм. Ялангуяа, манай монгол эрчүүд ноён нуруутай, худлаа ярьдаггүй байх хэрэгтэй гэж боддог.
-Царайлаг, залуу, ганц бие бүсгүйд сэтгэл алдрах залуус олон байгаа байх. Нойтон хамуу шиг салахгүй зовоож байсан тохиолдол бий юу?
-Бараг л тийм зүйл тохиолдож байгаагүй дээ. Учир нь надад хүмүүст тийм боломж олгох зав байдаггүй. Өглөө ажилдаа гараад шөнө л гэрийн бараа харна. Бусад үед нь хөдөө гадаа тоглолтоор явчихдаг. Хэрэв нойтон хамуу шиг хүн байсан бол хөгжилтэй л асуулт байна.
-Ер нь та эрчүүдийн танилцах хүсэлтийг нь хүлээж авалгүй өөрөөсөө шууд түлхдэг юм шиг санагдчихлаа?
-Магадгүй би нэлээд эршүүд зантай учраас надаас эмээдэг байхыг үгүйсгэхгүй. Хэрэв надад таалагдахгүй байгаа бол би түүнийг нь шууд хэлчихдэг.
-Ажил, нэр төрийн төлөө гүйсээр байгаад нас нь явчихсан ганц бие хүмүүсийн жишээ олон байдаг. Танд тэдний нэгэн адил болчих вий гэсэн айдас төрдөг үү?
-Заримдаа бага зэргийн айдас төрдөг. Миний туйлын зорилго нэр алдартай дуучин болох биш. Харин ард түмэн миний дуулахыг сонсох дуртай байх нь сайхан санагддаг. Залуу насандаа өөрийгөө сорьж уралдаан тэмцээнд оролцож, уран бүтээлийн тал дээр хийхээр төлөвлөсөн олон ажил байна. Гэхдээ мэдээж хайрлаж дурлаж дахиад хөөрхөн Алтаншагайтай болмоор л байна шүү дээ. Хэдийгээр миний эхний амьдрал бүтэлгүйтсэн ч хоёр дахь амьдралд маань учрах хүн намайг маш сайн ойлгодог байгаасай гэж хүсдэг. Анх амьдрал зохиох үедээ бид хоёр хэт залуу байсан учраас хоёр биенээ ойлгохгүй үзэл бодлоо тулгаж байсан байх. Тухайн үед би дуугаа дуулаад явах, эсвэл амьдралаа бодох ёстой болсон. Гэтэл би дуулах маш их дуртай, миний ээж намайг дуулж байгааг харах үнэхээр дуртай учраас би ээжийгээ баярлуулах гэж урлагийн амьдралыг сонгосон. Дуулах дуртайг минь ойлгодог ханийг бурхан хэзээ илгээхийг мэдэхгүй байна.
-Уучлаарай, танд эвгүй санагдвал хариулахгүй байж болно. Тэгэхээр та урлагт дуртай учраас ганц бие амьдралыг сонгожээ. Гэхдээ охиноо хараад заримдаа гаргасан шийдвэртээ харамсах үе байдаг уу?
-Энэ бол миний гаргасан шийдвэр учраас харамсдаггүй. Би охиндоо аав нь ч, ээж нь ч болж чаддаг. Миний охин ээжийн минь ганц эмэгтэй зээ нь болохоор манайхан бүгд охиныг минь хайрладаг. Охин минь хайраар дутдаггүй.
-Ер нь урлагийнхны ажлыг ойлгодог ар тал ховор байдаг юм шиг ээ. Таны ирээдүйн хань ямар хүн байгаасай гэж хүсч байна?
-Ямар ч байсан ойрын таван жилийн төлөвлөгөөнд минь эр нөхөр байхгүй. Түүний дараа мэдээж гэр бүлтэй болно. Би бага байхын эрдэмтэн хүний гэргий болох юмсан гэж мөрөөддөг байсан. Гэхдээ хүний амьдрал хүссэнээр болдоггүй юм шиг ээ.
-Залуу бүсгүйгээс халуухан сэдэв болох сексийн тухай бодлыг чинь сонирхох гэсэн юм. Ер нь эмэгтэй хүн заавал секси имижийг бүрдүүлэх ёстой юу?
-Эмэгтэй хүн үргэлж секси байх албагүй. Миний хувьд заримдаа секси харагдуулахаар хувцасладаг. Гэхдээ үргэлж секси имижийг бүрдүүлэх нь зохимжгүйгээс гадна бүсгүй хүн нууцлаг байдлаа алдчихна шүү дээ. Секс бол мэдээж хүний амьдралын чухал зүйлсийн нэг. Хоёр хүн хоёулаа маш сайхан таашаал авч байвал тэр жинхэнэ секс гэж би боддог.
-Та анхны хайртай учирсан уу, хун амьдралынхаа турш хэдэн ч удаа дурлаж болно гэдэгтэй санал нийлдэг үү?
-Хүнийг хайрлах мэдрэмж тийм олон удаа тохиогоод байдаггүй байх аа. Харин дурлаж шохоорхох бол өөр хэрэг. Хүн хэдэн ч удаа дурлаж болно. Дурлах үед эрч хүч над дээр нисээд ирчихсэн юм шиг санагддаг.харин анхны хайр гэхээр бүтсэнийг нь хэлдэг юмуу, бүтээгүйг нь хэлдэг юм болов уу би сайн ойлгодоггүй юмаа. Би тавдугаар ангид байхдаа есдүгээр ангийн нэг ахыг харахаар л догдлоод дуугарч, ярьж, хажуугаар нь ч явж чадахгүй болчихдог байсан юм. /инээв/ Гэхдээ би тэр хүүгийн нэрийг нь ч мэдэж чадалгүй өөр сургууль руу шилжчихсэн. Эсрэг хүйстнээ хараад догдолж байсан анхны тохиолдол маань тэр болохоор магадгүй анхны хайр байсан юм болов уу.
-Олны танил байх сайхан ч "Од" байх хэцүү гэдэг?
-Монголчууд цөөхүүлээ болохоор "Од" гэж хэлэгдээд байгаа хүмүүс нь ард түмэнтэйгээ холилдоод л явж байдаг шүү дээ. Монголчууд бүгдээрээ цөс ихтэй, авьяаслаг, чадвартай хүмүүс учраас надад "Од" гэж яриад байх нь таалагддаггүй. Миний хувьд одоохондоо олны танил болж амжаагүй байна.
-Залуу насныхаа гоо үзэсгэлэнг хадгалж үлдэхийн тулд хэр их хөдөлмөрлөж байна вэ?
-Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Тиймээс үсэндээ маш их анхаарал тавьдаг. Түүний зэрэгцээ өдөр бүр Гоолингоо төв дээр очиж бүжгээр хичээллэж, фитнесст явдаг. Үүнээс гадна эрүүл зөв хооллолт маш чухап учраас үүн дээр их анхаардаг. Хүн зөв хооллож, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй гэж боддог болохоор өдөр бүр гоо сайханд орж, үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэггүй.
-Ганцхан амьдрах хорвоод сайхан бүхнийг эдэлж хэрэглэхийг хүсэх нь хүний төрөлх чанар гэлтэй. Таны хэрэглээ, гоёлыг сонирхох гэсэн юм?
-Манай хамтлагийн гишүүд гурвуулаа улсын байгууллагад ажилладаг. Бид уран бүтээлээ өөрсдөө ивээн тэтгэдэг. Хөдөлмөрийнхөө үр шимээр олсон мөнгөнийхөө тал хувийг нь шинэ уран бүтээлдээ зарцуулдаг. Тиймээс бидэнд үнэтэй брэндийн хувцас хэрэглэх боломж тун ховор. Урлагийн нэг хүн намайг тааралдах бүрт “чи тайзан дээр бөгж, бугуйвч, хүзүүний зүүлтгүй байх юм" гэж загнаж байсан. Магадгүй тэр хүний зөв байх. Гэхдээ миний хүзүүний арьс үрчийж, гар минь муухай болоод тайзан дээрээс харагдах байдал маань өөрчлөгдвөл би тэдгээр зүйлсийг хэрэглэх болно. Харин одоохондоо залуу насаараа чимэг хийж гангармаар байна шүү дээ. Миний даашинзнууд гоё, үсээ сайхан янзлуулаад нүүрээ аятайхан будчихсан байхад илүү зүйл хэрэггүй гэж боддог.
-Илэн далангүй нээлттэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил болоод амьдралд тань аз жаргал, амжилт хүсье?
-Баярлалаа. Би гадаад улс орноор аялах дуртай. Ингэж явах үедээ миний монголчууд ямар их чадвартай хүмүүс юм бэ гэдгийг мэдэрдэг. Залуучууд маань улс эх орныхоо төлөө ихийг хийх хүсэл эрмэлзлэл дүүрэн байгаа болохоор төр барьж байгаа хүмүүс цөөхөн хэдэн монголчуудынхаа амьдралыг баталгаатай болгож эх орныхоо төлөө ихийг хийж бүтээгээсэй гэж хэлмээр байна.
Эх сурвалж: Хүмүүс сонин
Сэтгэгдэл ( 0 )