Шүлэг: Нар зөв эх орон минь

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 14

Түмэн-Өлзийн Эрдэнэцогт

 

“Сэтгэлийн огторгуй” номоо 2005 онд хэвлүүлсэн авьяаслаг найрагч Эрдэнэцогтын шүлгүүд нэн өвөрмөц, өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч байдаг юм. Түүний “Нар зөв эх орон” шүлэг нь олны таашаалд илүү нийцсэн байна.

 

Нар зөв эх орон

Тэмүүжин, Хубилай, Равжаа, Занабазар түмэн оны мэргэд

Төгөлдөр оюуны цагаан суврага бүтээсэн

Боорчи, Мухулай, Зэв, Зэлмэ төмөр цэргийн жанжид

Бурхны өршөөл, буруутны гэсгээлийг хүн төрөлхтөнд үзүүлсэн

Нар зөв эх орон минь

Шашдир түүхийн алтан үсгэнд мэргэдийн ухаан шингэсэн

Шашин номын бурхан үгэнд хутагтын увидас тодорсон

Шарлаж хуучирсан судрын хуудаснаас утгын далай цэлэлзсэн

Шамбал диваажин гэмээр Монголын заяа дэлгэрсэн

Нар зөв эх орон минь

Төрийн алтан аргамж зуун дамжин хөвөрсөөр

Түүхийн бэрх үеүүдийг тасрал үгүй давж

Төрийн алтан ураг голомт бадраан үржсээр

Түмэн оны нугачааг цөхрөл үгүй туулсан

Нар зөв эх орон минь

Эрдэнэсийн гэгээ шингэсэн зүмбэр хээтэй уулс

Эртний үлгэр хүүрнэн өргөн талд завилан

Эрэлхэг монголын үрс үеийн үед тэмцэн нутаглаж

Энэхэн замбуулин даяар эрх чөлөөгөө дархалсан

Нар зөв Монгол минь

Манхайн цайх үүрийн цолмон одны тэртээгээс

Магнаг торгон тэнгэр мэлтэсхийн цэнхэртэж

Мандах бадрах нарны маргад эрдэнийн туяанд

Манхан толгодын орой алтан ганжир шиг гэрэлтэх

Нар зөв эх орон минь

Дөрвөн зүг найман зовхисын тэнгэр дор

Дөмөн дөмөн салхитай эх нутаг минь цэнхэртэнэ

Дөрөөн дээрээ өндийхөд цэлийнхэн уужраад

Дөлгөөн бор морь тэлгүүлэнхэн тэмүүлэх

Нар зөв эх орон минь

 

2

Эх орон минь-

Энхрий амраг минь

Ээж минь, эзэн тэнгэр минь

Хүйлэн их ертөнцийн хүчирхэг амьсгал-эх орон минь

Хүмүүн төрлөхтний эзэрхэг түүх-Монгол минь

Дорно дахинд номын цагаан мөртэй ард түмэн минь

Өрнө дахинд өршөөл гэсгээлийн үнэнтэй өвөг дээдэс минь

Эх орон минь

Эвий үр минь

Элгэн садан минь

Өргөн дэлхийд хаан суудалтай өрлөг их

Монгол  минь Өглөө бүхэн нар дэвсэж,

Үдэш бүхэн одод нөмөрсөн эх орон минь

Хилийн чулуу бүхэн нь нүдтэй нутаг минь

Харийн салхи бүдэрч буцах өндөр босготой эзэн заяа минь

Эх орон минь

Хувь заяа минь

Хувирашгүй үнэн минь

Дуулах дууны алтан тэргэл аялгуу- эх орон минь

Дутуугүй амьдралын амин тэнгэр-Монгол минь

Хүсэл сэтгэлийн очир шүтээн- эх орон минь

Хүмүүн төөргийн олдошгүй сүлд-Монгол минь

Эх орон минь

Эрмэг хүлэг минь

Энэхэн бие минь

 

Хайрын улаан сарнай

Хэсэгхэн гунигаа чам руу шувуу болгож илгээе

Хэнзхэн сэтгэлээ хээрийн цэцэгний сондор болгоё

Амин зүрхээ амрагийн харцанд торох нулимс болгоё

Чамин үгсийг алтаар сийлэн чихэнд чинь шивнэе

             Хайрын улаан сарнай

             Ханийн гэгээн заяа минь

             Хүсэл сэтгэлийг минь ивээж

             Хөлгүй жаргалд умбуулаарай

Намар унасан навчийг хаврын шувуудад бэлэглэе

Намайг уяраасан бүсгүйг хайрын дарсаар дайлъя

Найман сарын цэцгийг гурван сард алган дээр чинь тавья

Найдан хүлээсэн үгийг минь над руу илгээгээч, амраг минь

            Хайрын улаан сарнай

            Ханийн гэгээн заяа минь

            Дурлалын ариун сүмдээ

            Дагина болон залраарай

Эрээн шүхрээр халхавч хийж уруул дээр чинь үнсье

Энэхэн өдрийн жаргалыг үүрдийнх гэж бодоорой

Энхрий туяхан гарыг чинь эрхлүүлэн байж атгая

Ирэх өдрүүдийн нарыг хамтдаа угтъя , хайрт минь

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
саранцэцэг(202.72.245.59) 2021 оны 11 сарын 03

өөр сайхан шүлгүүдээ харамгүй бичиж нийтлээрэй нүцгэн зураг тиймхэн байлаа. хүүхэдтэйгээ хамт үзэж байсан болхоор санаа зовлоо шүү

1  |  0
manlai(49.0.149.101) 2013 оны 04 сарын 13

dajgvi boson bna

0  |  0
Top