Та нар хүний хуйх хуу татсан
Парик Жагаа агсан урлагийнхантай хөдөөгүүр явж байгаад нэг шөнө нутгийн индиануудтай гар зөрүүлжээ. Цаадуул нь мань эрийг үсдээд автал парик нь хуу үсэрч урьд нь парик гэгчийг мэддэггүй нөхдүүд сандраад зугтааж гэнэ. Маргааш нь яасан ийсэн гээд ирэхэд нь урлагийн хууччуул,
-Та нар хүний хуйх хуу татсан. Одоо бие нь их муу байна. Айраг, мах авчирч өгвөл яахав. Цагдаа шүүх гэлгүй үүгээрээ аргалъя гээд баахан дайлуулсан гэдэг.
Цусгүй алсан нь
Ард түмнийхээ дунд Долдойн дүрээр мөнхөрсөн МУГЖ Жамъянжав гуай СУИС-д багшилж байсан үе. Тэрээр нэлээд халамцуухан үедээ шалгалтанд дөрвөн дуу дуулах оюутан шавьдаа "Чи гурван дуугаа л бэлд. Нэгийг нь би аргалъя" гээд ам алдчихаж. Тэгээд шалгалтанд нөгөө шавь нь гуравхан дуугаа дуулахад Дашпэлжээ гавьяат:
-Багш аа, танай шавь чинь ахиад нэг ари дуулах ёстой юм биш үү гэхэд нөгөө амласнаа мартсан Жамъянжав:
-Би заасан ш дээ. Өөрөө л сураагүй гэж шавиа цусгүй алсан гэдэг.
“Балуу” Батбаяр
Улсын цолтой бөхчүүдийн дунд нэр нэгтнүүд олон. Тэдний дунд Батбаяр нэртэн лав гурав бий. Говь-Алтайн уугуул начин Батбаярыг Ду нэрээр нэрлэдэг бол Г.Өсөхбаяр аваргын дүүг Г-ээр нь нэрлэдэг. Харин гурав дахь Батбаярыг нь бөхчүүд "Балуу" гэдэг. Энэ нь хүүхэлдэйн киноны баавгайн нэр биш. Харин мань эрийг бөхчүүд ийм, тийм кино, тоглолт үзье гэхээр "Балуугаа хийдэг юм" гэж хариулдгаас нь болсон аж.
Амьдаар нь үзлээ
Монгол улсын гавьяат жүжигчин цолтой ганцхан бөх байсан. Тэр нь дархан аварга Д.Дамдин гуай. Мань эр хоёр дэвжээнд "барилддаг" байсан тухайн үеийнхээ жинхэнэ од. 1980-аад онд Д.Дамдин аварга хэдэн бөхчүүдийн хамт хөдөө нутгийг зорьж анхны даваан дээр аян замдаа өлзийтэй явахын ерөөл талбин ганц нэг юм задлан сэржим өргөж байж. Тэгтэл АУДС-ийн оюутнууд намрын ажилд явж байгаад тэдэн дээр ирж, Дамдин аваргыг харчихаад "Амьдаар нь үзлээ" хэмээн хөөрөлдсөн гэнэ.
Морины даац хэтрүүлсэн гэж торгов
Дундговьд томилогдсон хэсгийн төлөөлөгч Батгэрэл гэдэг дэслэгчид торгуулийн баахан хуудас овоорч гэнэ. Говийн сумдад хэрэг зөрчил бараг үгүй, торгох ч хүн олддоггүй. Аргаа бараад хотны номхон боронд сундалсан дөрвөн хүүхдийг морины даац хэтрүүлсэн гээд торгож бөөн онигоонд орж байсан гэдэг.
Птицаны шаариг есть
Монголын бөхчүүд Орост тэмцээнд явж, очсон оройноо тахианы өндөг идмээр байна гэлцээд зочид буудлаас гарч дэлгүүрт ортол орос хэл мэдэх хүн байсангүй. Бөхчүүд дор нь сэтгэж Архангайн арван жилийг онц төгссөн Жавхлантөгсөд хандан, чи л ярь гэжээ. Мань эр худалдагчид хандан "Птицаны шаариг есть" хэмээн асууж, дохиж зангасаар нэг юм болгосон гэдэг. Уг нь мань эр "куринный яйцо есть" гэх байсан юм болов уу даа. Маргааш нь уг дэлгүүрт очоод өндөг рүү заан “Где мама" хэмээн асуусаар тахианы мах авч "хэлээрээ" гайхуулсан гэнэ лээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )