Доржзовдын Энхболд
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын уугуул. МУИС төгссөн, инженер геологич мэргэжилтэй. 1980 оноос уран бүтээлээ эхэлж 1992 онд Г.Сэр-Одын шагнал, дараа нь МЗЭ-ийн шагнал хүртсэн. 2007 онд “Казиног номхтгосон нь” романаараа “Алтан өд” хүртжээ. Энхболдын “Паанан”, “Соёо” туужууд нь Монголын шилдэг тууж юм. Түүний “Бүйлс цэцэглэх цаг” өгүүллэгийн түүвэр хэвлэгдсэн. Энхболд Монголын туульсын зохиолын гарамгай төлөөлөгчийн нэг юм.
Жаргалмаа
Дэндэв юунаас ч болсныг бүү мэд гэнэт сэржээ. Гэрт нь жавар хургаж дух зулай руу нь сэрүү татна. Хотон дахь малаа ямар нэгэн юм болсон байх вий хэмээн чимээрхэн чагнаархвал нам гүм. Зүүн урд зүгт хүрэн шарынх нь хүүгтэл амьсгал татах нь даавуу цуулах мэт тод сонсогдоно. Энэ ч гарцаагүй гявантай мал юм даа гэж бодлоо. Гявантай үхэр ийнхүү хөр цасан дээр хэвтдэг, хэвтрийг нь үзвэл цас ногоон туяатай болж хайлмагтсан байдаг гэж сонинд бичсэнийг уншаад хүрэн шарынхаа хэвтрийг очиж үзвэл цас нээрэн л ногоон туяатай болчихсон байсан сан. Тэгсэн үхрийн гяван гэдэг асар үнэтэй түүхий эд гэсэн сонины үсэг харагдах шиг болоод хүрэн шараа хайрлахдаа нулимс нь гарахаа шахжээ. Юуных нь түүхий эд байхав дээ. Ээж нь яалаа даа. Хэдэн жил зовж шаналан явснаа хот орж цөснөөсөө шүдэнзний толгойн чинээ хоёр гурван чулуу авахуулсан, мэс заслаас гарч ирээд тэнхэртлээ мөн ч зүдэрч удаж билээ. Тэгтэл тэр муу үхээрийн гурван чулуу хүний гяван болох нээ. Мөн ярьдаг улс шүү. Эмч залуу тэр чулуунуудын нэгийг хямсаагаар чимхэн байж харуулаад "За, ээжийн чинь зовлон энэ дээ. Энэ л цөсний амыг таглаад зовоогоод байж. Одоо айлтгүй ээ" гэж инээмсэглэн хэлсэн сэн. "Харин энэ, одоо бол зовлон биш, ердийн л нэг алаг чулуу. Ээжийн минь биед байсан юм даа гэж бодоод авч хадгалбал хадгал, гаргаад хаячихвал ч хаячих, юутай ч хүүд нь өгчихье" гээд Дэндэвт нөгөө гайтмаруудыг өгч билээ. Дэндэв тээнэгэлзсэн авч тайлбар тавьж чадсангүй аваад л даалиндаа хийчихжээ. Анхандаа хаячихъя гэж бодсон боловч нэг л болсонгүй явсаар л байж. Ижийгээсээ хойш хаячих вий гэхээс л байн байн гаргаж үздэг болж билээ. Түүнийгээ Хандармаад ч үзүүлээгүй. Харин Жаргалмаа бол мэддэг байсаан. Жаргалмаа... Дэндүү айвуу тайвуу, дэндүү налгар наазгайдаа Дэндэвийг Хандармаад алдсан даа. Өглөөнөөс үдэш болтол үсээ ч нэг олигтойхон илчихгүй, бүсээ ч чангалаад бүсэлчихгүй, нэг л үлхийсэн юм явдагсан. Хэдэн хүүхэдтэйгээ ноороод л, миний заяа тавилан оногдсон газар энэ дээ гэсэн шиг гэрийн зүүн талд явган сандал дээр эргэлдэн хоол цай юүхэн хээхэн зэхэж уймарсаар өдрийг барна. Дэндэвийг шөнө дөлөөр орж ирж байхад ч хүний урманд хаачаад ирэв гэж асуухгүй гүн нойронд автчихсан унтаж л хэвтэх. Хүний сэтгэл гэдэг өдөр өдрөөр хувирч, алд алдаар хулждаг ажээ. Дэндэв анхандаа хөөрхий минь ядарч дээ гэж боддог байснаа нэг л мэдсэн "Хн, үхэн алдаад байж байгааг нь" гэж боддог болчихсон байж билээ. Жаргалмаа жаргал даасангүй. Хувьтайгаараа Хандармаа жаргалын эзэн болсноор тэр гурвын дундах нууц зөрөг төгсгөлдөө хүрсэн билээ.
Хэдэн сарын өмнө Жаргалмаагийн бие муудаж, хот хүрээ рүү эмнэлэг бараадан явлаа гэж сонссон авч газар холдоод очиж чадсангүй. Өнөө хэдэн хүүхэд яаж байдаг шуу бол доо гэж оройдоо санаашран бодовч төдөлгүй Хандармаагийн хайр энхрийлэлд автаад мартагнаж, гүн нойрондоо автана. Тэгээд ч намар эртэлж орсон цас улам нэмэгдээд хол ойрыг зорьж ч чадсангүй. Энэ цасанд басхүү улс амьтны хөл хоригдсон биз, орж гардаг хүн ч үгүй болж, уулын мухарт аргагүй л нэг хашигджээ.
Дэндэвийн нойр хулжчихаад буцаж ирсэнгүй. Хандармааг зөөлөн нударч, "босно байгаа" гэсэн авч цаадах нь амандаа ямар нэгийг гүвтнэснээ цээжээр нь яг тэвэрч тайвуухан нь аргагүй намуухан хурхирч гарлаа. Дэндэвийн сүүж чилээд өөрийн эрхгүй өндийжээ. Гарвал орчныг түнэр харанхуй нөмөрч, одод өнгөлүүлсэн эрдэнийн чулуу мэт ногоон, хөх, улаан өнгөөр ээлжлэн туяарна. Гэрийнх нь зүүн өмнө зүгт хүрэн шар нь лүглийн хэвтээд хүүгтэл амьсгална. Морь харчихаад эргэтэл хөлд нь нэг юм тээглэх шиг болсноо нөмгөлсөн дээлийнх нь хормой доогуур гутлынх нь түрийнээс дээхнүүр халуу асгаад явчихлаа. Банхар нь гүйж ирээд долоов бололтой. Ер ингэж нялуурдаггүй сэн юу болох нь энэ вэ. Дэндэв банхрыгаа яв чи хэмээн зандартал ухасхийн бусгах шиг болжээ. Дэндэв гэрийн зүг явтал банхар араас нь нэг л их харамсалтайгаар ширтэх шиг бодогдож, хоёр далных нь хооронд халуу дүүгээд явчихав. Дэндэв арай ч ширүүлчихэв үү дээ хөөрхийг гэсэн шүү юм бодоод гэртээ оров. Хандармаа унтсаар. Дэндэв галаа өрдөж, цайгаа чанаж уув.
Нэг л мэдсэн гэгээ орж хоймрын авдар дээрх аав, эжий хоёрынх нь зүмбэр жаазтай зурагнууд тодроод ирсэн байлаа. Аав нь тээр жил Дэндэвийг нэг их урамшуулж билээ. Тэр нь сүйдтэй юм байгаагүй ч Дэндэвийн сэтгэлд мартагдашгүй нандин бодол болж үлдсэн юм. Унагаа барьж байсан зуны эхэн сарын тэр өдөр Дэндэв арван дөрөв хүрч явлаа. Цас хайлуулж унасан унагадынх нь ороо догшин гэдэг хэлэх юм биш. Дэндэв нэг унага гоходчихоод навсайсан юм чирэгдээд алга болжээ. Гэвч алдсангүй шүд зуусаар нэг сиймхий дээр нь уллаж авуут ямар ч гэсэн тогтоож билээ. Тэгтэл аав нь тэртээ холоос "эр хүн" гэж хэлэх нь адуу пижигнэсэн их дуун дундаас тов тодхон сонсогдох нь тэр... Дэндэвийн цээжинд нар ургах шиг болсон доо. Өглөөд хоёр хөгшнийхөө зургийг харж суухад аавынх нь хэлсэн тэр үг сэтгэлд нь хангинах шиг болно. Тийн суутал жаазтай зурган дундаас нэг зураг харцыг нь татлаа. Гурван сөөсгөр охин нь гэрийн хаяа бараадан тоглож байна. Зураг авч байгааг тэд мэдсэнгүй. Дундах нь багадаа ааруул өгч байгаа бололтой сарвайжээ. Энэ бол дүүгийнх нь хийсэн ажил. Зураг авах дуртай, хүүхэд эрхлүүлэх нь дэндчихсэн хүн билээ. Энэ зургийг ч гэсэн хэрхэн авсан дүр нь Дэндэвт харагдах шиг болно. Инээд нь яасан хүрч байсан бол. Тэр ер нь тэгдэг хүн. Хүүхэдтэй хүүхэд болж шуугиад Дэндэвт загнуулсан нь нэн олон. Мөнөөх зургийг хартал хэдэн хүүхэд нь дахиад л бодогдож, "Ер нь ойрын үед очиж нэг эргэе" гэж шийдээд хэдэн малдаа өвс тэжээл хаяж өгөхөөр гарлаа. Тэгтэл гэрийнх нь хаяанд нэг муу нооройсон гичий хэвтэж байх нь тэр. Ямар гээчийн үзээрийн амьтан хаанаасаа гараад ирдэг байна аа гэхээс Дэндэвийн цухал хөдөлж "Яв, чи" гэж зандраад газраас чулуу шүүрэгчийн дүр эсгэтэл нөгөө гичий цаашаа зуларч хэдэн алхам харайсан боловч хачин номхон гөлөрсөн нүдээр ширтээд гинших мэт зөөлөн дуу гаргав. Дэлэн хөх нь салбайтал унжиж, нэг нь хөлдөж хагарсан болов уу гэлтэй цус шүүрсэн байхыг нь хараад гэнэт өрөвдөж "Хөөрхий дөө, зовсон амьтан юм. Юун эрт гөлөглөдөг лүд вэ. Хэдэн гөлөг нь осгочихоо доо, жаал хоол өгчихвөл салахаа больчихдог болов уу" гэсэн ээдрэгдсэн бодолдоо тээнэгэлзэн хэсэг зогссоноо яавал ч яаг, дүүрсэн хэрэг гэж бодоод оройн хоолны үлдэгдлээс банхрын идүүрт хийгээд гичий рүү түлхлээ. Тэнэмэл гичий түүнийг нь үнэрлэсэн ч үгүй, харин алс хойт зүгийг харан гингэнэтэл улив.
Дэндэвийн зүрх рүү ёгхийтэл хатгуулах шиг болоод тэр амьтны тухай ямар нэг төсөөлөл төрж, өвсний хашаанаас морио гарган эмээллэж, яаруу давчуу мордтол гичий түүний бодлыг ойлгосон мэт хойт зүгийг барин, "энэ зүдэрсэн амьтнаас ийм хүч бас гардаг аа" гэж гайхмаар сунан дүүлж гарав. Дэндэв ч хоцорчихгүйг хичээн морио гуядан, гуядан цогиулав. Гичий давхисаар Дуулгат хэмээх сүрлэг уулын өмнүүр духны хөндлөн сорви мэт зурайн байдаг гүн жалга руу харайн оров. Дэндэв ямар юм үздэг бол гэхээс дэнслэн, дэнслэн дагаж явлаа. Тэгтэл жалганы мухарт нэг муу тарзны өөдсөн дээр гурван гөлөг бие биеэ байдгаараа шахан бөмбөгнөтөл чичирчихсэн хэвтэж байх нь тэр. Морь нь тэднээс үргэж хамраа тарчигнуулан дэвхэцлээ. Дэндэв бууж морио тушаад өнөө гурав руу очуут дуу алдан шогширч, гурван гөлгийг цувуулан хормойлтол дороос нь дахиад хоёр гарах нь тэр. Харин тэр хоёр нэгэнт осгоод хэрэг нь өнгөрсөн байлаа. Гэвч амьд гурвынхаа илчинд бөөр нь бүлээн байх нь тэр.
Дэндэвийн нүдэнд нулимс гүйлгэнэж "Би чинь даанч дээ, хүн шүү дээ" гэж дуу алдаад мориндоо мордон гэрийн зүг давхилаа. Нөгөө хэдэн гөлгийг өвсөн дотор тавьчихаад гэртээ ч орсонгүй, Жаргалмаагийнд очихоор мориныхоо хар гүйхээр давхив. Хандармаа нөмгөн гараад ирчихсэн араас нь гайхсан янзтай харж байснаа "Хүүе, өвчит минь, морь тамлаж хаачих нь вэ" хэмээн хашхирч байна. Нэг дөмөгхөн хариу хэлчихье гэж бодоод эргэн хартал нөгөө нооргор гичий нэг их ноолгор харцаар араас нь шимтэн харж байхыг үзээд юу ч хэлсэнгүй морио хорстол нь гуяджээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Одооны савсаг залууст сургамжтай л аятайхан бичсэн байна Тэд ийм юм уншихгүй л дээ