Б.Хурцын хэрэгт нэмэлт ажиллагаа хийхээр шүүх хурлыг завсарлууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

 Б.Хурцын шүүх хурал Баасан гарагт Лондонд хатан хааны дээд шүүхийн танхимд боллоо. Энэ удаагийн давж заалдах шатны хуралдаанд Гадаад харилцааны яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас Их Британи улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нар болон Б.Хурцын эхнэр, хүү нь байлцсан юм байна. Шүүх хуралд Б.Хурцын өмгөөлөгчөөр хуульч Алун Жонс, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж профессор Сэр Э.Лаутерфахт нар оролцжээ. Британийн прокурорын байгууллагын төлөөлөгч ноён А.Уоткинс, Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны хуулийн зөвлөх хатагтай С.Доббин нар Британийн талыг төлөөлжээ. Энэ удаагийн давж заалдах шатны хуралдааныг дээд шүүхийн шүүгч Лорд Мосес даргалсан байна. Шүүгч Л.Мосес хоёр талын мэтгэлцээнийг сонссоны дараа Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны хүсэлтийн дагуу талууд нэмэлт баримтуудыг зургадугаар сарын 6-ны өдрөөс өмнө Дээд шүүхэд ирүүлсэн байхыг анхааруулжээ. Улмаар дараачийн хуралдааныг зургадугаар сарын 21-22-ны өдрүүдэд багтаан явуулах болсноо мэдэгдэж. шүүх хуралдааныг завсарлуулсан байна.

Б.Хурцыг өнгөрөгч оны есдүгээр сарын 17-нд Английн цагдаагаас “2003 онд Д.Энхбат агсныг Европын холбооны улсуудын хууль журмыг зөрчин баривчлан авчирсан хэрэг”-т холбоотойгоор баривчилсан юм. Германы талын хүсэлтээр Английн цагдаагаас түүнийг баривчилсан учраас Лондоны анхан шатны шүүх Б.Хурцыг Герман руу шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Харин давж заалдах шатны шүүх хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Б.Хурцыг баривчлаад найман сар, анхан шатны шүүхийн шийдвэр гараад 86 хонож байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top