Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлага сайтай юм. Шинэ он гарахад сүү өргөж хундага өргөсөнөөс сүүтэй ерөнхийлөгч гэж хэсэг шуугисан. Гэвч энэ бол оны шоу байсан төдий. Өнөөдөр сархдын оронд савтай сүү бариад тулгаж суугаа албан байгууллага байтугай хувь хүн Батаа Болдоо хэн ч байхгүй. Тэгвэл жил болгоны тавдугаар сарын 2 дахь хоногийн хагас бүтэн сайн өдрүүдийг үндэсний хэмжээгээр мод тарих өдөр болголоо. Энэ сайн хэрэг. Өвөл болохоор утаа гол асуудал болдог нийслэлийнхний хувьд агаарын бохирдол, цөлжилтийн эсрэг үүнээс сайн юм гэж юу байхав. Гэхдээ манайхны аливаад нэг хэсэг шуураад дараа нь мартдаг зан байдгийг нэг сануулаад орхих нь зүйтэй болов уу. Мод суулгах яах вэ. Хөрсөнд суулгах 10 хувийн ажил, үлдсэн нь 90 хувийн ажил. Тэр модыг ургуулахыг, услахыг хариуцаж байгаа байгууллага байна уу. Тохижилт үйлчилгээний компани цэвэрлэгээ хийхийн хажуугаар хавар болгон цаанаас оноосон хэсэг газрынхаа модыг тайрч, усладаг нь үнэн ч өнөө жилийнх шиг урьд өмнө сонсогдож байгаагүй олон модыг тэд яаж ч хичээсэн усалж арчилахад хүн хүч хүрэлцэхгүй нь яах аргагүй үнэн. Хөрсөнд суулгаад орхихоос илүүтэй нялх үрс шиг асаргаа, усалгаа байж ургадаг гэдгийг эрхэм ерөнхийлөгч модоо суулгахаас ч өмнө бодолдцсон баймаар. Эс тэгвээс хөдөө хотын 400 мянган хүн оролцож үндэсний мод тарих өдөр хэмээн сүрхий зарлаад байгаа хоёр сая гаруй мод суулгасан нэртэй үхэх нь тодорхой байна. Хүний амьдралдаа хийх ёстой гурван зүйлийн нэг нь мод тарих гэдэг. Харин суулгасан тэр олон модоо арчилж тордохгүй үхүүлбэл нүглийн дээд нүгэл болох нь ойлгомжтой. Нэг суулгацыг дунджаар 2000 төгрөг гэж бодоход 2 сая модны суулгац 4 тэрбум төгрөг болж байна. Хийсэн ажлынхаа үр дүнг үзэхийг хүсдэггүй хэн байхав. Хожмын өдөр нийслэлийн ногоон байгууламжийг хараад ерөнхийлөгч та ч иргэн би ч сүүдэрт нь сууж, хотынхоо сайхнаар, тарьсан модоороо бахархмаар байна шүү дээ. Ингэхийн тулд цаанаасаа зохион байгуулалтайгаар энэ жилийнхээ тарьсан хэдэн модыг арчлах , услах, ургуулах кампанит ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй байна эрхэм ерөнхийлөгч өө.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )