“Роснефть” компани 40 гаруй мянган тонн түлш энэ сард нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 17

Газар тариалан, барилга бүтээн байгуулалтын ажил ид эхлээд байгаа энэ үед түлшээр гачигдахгүй боллоо. ОХУ дотоодын зах зээл дэх шатахууны үнийг зохицуулахаар хөндлөнгөөс оролцсон нь шатахууны хомсдол үүсгэж байна гэж зах зээлийн шинжээчид үзжээ. Үүний улмаас ч “Петровис”, “Сод Монгол”, “Шунхлай” компанийн шатахуун түгээх станцууд энэ сарын 11-нээс эхлэн дизелийн түлш олголтоо зогсоосон билээ. Иймээс үүсээд буй шатахууны хомсдлын асуудлыг шийдвэрлэхээр  Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд  Б.Ариунсангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ОХУ-д ажиллаад иржээ. Айлчлалын явцад ярилцаж тохиролцсоны үр дүнд ОХУ-ын “Роснефть” компани 30 гаруй мянган тонн дизель түлшийг ойрын хугацаанд Монголд нийлүүлэхээр болсон байна. Мөн “ТНК” компани 13 мянган тонн түлш нийлүүлэх боломжтой хэмээн мэдэгджээ. Ингээд нийт 40 гаруй тонн түлшийг энэ сард багтаан авахаар болсон байна. Энэ хэмжээний түлш монголчуудын газар тариалан, барилга бүтээн байгуулалтын ажилд хүрэлцэнэ хэмээн албаны хүмүүс үзэж байна.

Эх сурвалж:МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top