УИХ-ын залуухан гишүүдийн нэг Ж.Энхбаяр МАН-ынхаа ах нартай үг зөрөх үедээ зөрж, өөрийн гэсэн байр сууриа бусдаас нэлээд тод илэрхийлж яваа. Саяхан тэрээр намын Удирдах зөвлөл, УИХ-ын дахь намын бүлгийн хамтарсан хаалттай хурлын үеэр намын шинэчлэл, тулгамдсан зарим асуудлаар хатуухан үг хэлснийхээ төлөө өөдөөсөө баахан “чулуу” шидүүлжээ. Залуу хүн гээд л бусдыг аялдан дагалдаад байхгүй, намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хувь нэмэр оруулахсан гэсэндээ мань хүн хэлдэг, хийдэг ч байхыг хүсдэг гэнэ. Түүний аав Ш.Жадамбаа генерал бас л түүн шиг ил шулуун яриатай нэгэн байсан гэдэг. Тэрээр Батлах хамгаалах Яамыг олон жил толгойлж их ч зүйлийг хийсэн дээ. Тэгвэл хүүд нь мөн эцгийн ийм чанар шингэсэн бололтой. Тэрээр “Биднийг дарга нар маань сонсдог байгаасай. Сонсоод үгүйсгэдэг, дайрч давшилдаг, хавчдаг байж болохгүй. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө бүлэглэн дайрах хэрэггүй. Ерөнхий сайд өөрөө биднийг үг хэлээрэй , асуудлаа ний нуугүй яримаар байна. Та нарын санал хэрэгтэй” гэж уриад эргэж дайрч байгааг ерөөсөө ойлгохгүй байна” гэж гомдлоо тоочив. Үүнээс харахад хаалттай болсон дээрх хурал дээр тэр нэлээд асуудлыг хөндөж, дараа нь зарим дарга нараасаа жавтий хүртжээ. Ж.Энхбаяр улс төрийн хатуу, халуухан тогоонд энэ мэт бэрхшээлтэй бишгүйдээ л тулдаг биз. Хамтарсан Засгийн газрыг болиулж, МАН дангаараа эрх барихыг санал болгосон нь энэ удаа ийнхүү эсэргүүцэлтэй тулгарчээ. Тэр ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолгүй яваа юм байна. Гадаадад суралцаж, тархиа улам сайн цэнэглэн “Чулуу” болж ирээд улс төрд дахин хүч үзэх бололтой.
Б.Отгонбаяр . Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )