Гүзээн ”доорхоо” захирахгүй бол Штраусын араас орно шүү, дарга нараа!

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 17

Эрх мэдэл  хүнийг  эвддэг. Мөн эрх мэдэл  хүнийг улам хөгжүүлдэг.  Өөрөөр  хэлбэл аливаа юм сайн муу  хоёр талтай. Өнөөгийн  эрх баригчид ард түмнээсээ ийм ерөнхий  хоёр талтай үнэлэмжийг авч байдаг.  Зарим нь хувийн янз бүрийн алдаа  гаргаад “Энэ бол миний л асуудал” хэмээн  гэмгүй царайлна.  Улс төрчдийн хувь, хувьсгалын бүх асуудал олон нийтэд  нээлттэй  байдгаараа  онцлог.  Өөрөөр  хэлбэл  тэд ард түмний  хүн гэдгээрээ улам  их хариуцлагыг  өөртөө үүрдэг.  Харамсалтай  нь манай улс  төрчдийн ихэнх нь  ард түмний  хүү гэдгээ  мартдаг ажээ.  Америкийн  Ерөнхийлөгч асан  Клинтон хэдэн жилийн  өмнө  гэр бүлийн  харилцааны  эмзэг асуудлаа нийтэд дэлгүүлээд албан тушаалаас хусагдах дээрээ тулж байлаа. Эхнэр  Хиларигаасаа өөр хүүхэнд  сэтгэл алдарсан,  эхнэрээ араар нь тавьдаг  найдваргүй нөхөр хэмээн хэвлэлүүд шуугиж  байв.  Гэхдээ Клинтон төрийн ордондоо зочилсон оюутан охинтой "хайр" хийснээ хүлээн зөвшөөрч эхнэрээсээ болон ард түмнээсээ уучлалт гуйж байлаа. Эхнэр  Хилари нь ч түүнийг  уучилж, "Гэр бүлд нэг ийм зүйл тохиолддог шүү дээ" хэмээх алдарт "ишлэлээ" хэлсэн удаатай. Харин манайд арай  өөр. Ажлын байран дахь бэлгийн  дарамт, хүчирхийллийг улс  төрчид илүү хийдэг гэсэн судалгаа бий. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед өсөх хандлагатай байгаа ч дэндүү далд байна. Тэр жил, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан  Ши.Батбаяр гэгч хөгшин эр хөдөө ажлаар явж байхдаа сэтгүүлч  бүсгүйн өвөрт шургаж, бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг санаархсан нь илчлэгдсэн.  Гэвч  сүүлдээ хөөрхий сэтгүүлч бүсгүй  рүү хамаг хэргээ чихээд,  улс төрчийн нэр төрд халдсан болгоод  өнгөрсөн. Нийтэд ил тод болсон  нь энэ  болохоос биш өнөөх  хэдэн улс төрчид маань ажлынхаа байранд  бэлгийн нүгэлд нүд болоод нөгөөдөхөө унагаж суугаа нь нууц биш нууц.

Саяхан Олон  улcын валютын сангийн  гүйцэтгэх  захирал Доминик Штраус Кан хүчингийн хэргээр Америкт шүүгдэхээр боллоо. Тэрээр ийм хэрэг хийгээгүй  гээд байгаа юм.  Гэхдээ  эмнэлгийн нарийн шинжилгээ хийлгэхийг хүлээн зөвшөөсөн  байна. Хохирогч бүсгүй бол эсрэг мэдүүлгээ аль эрт өгчихсөн. Шинжилгээний хариу  нь удахгүй гарна гэнэ. Тэгэхээр бүх юм тодорхой болох  ажээ. Энэ мэдээг манай томчууд пүй пай болгоод л сүржигнэж байна. Хүний толгой дээрхийг харах яах вэ, өөрийнхөө гүзээн доорхыг захирахгүй бол Штраусын араас орох болсон мунаг дарга манайд олон бий шүү.

 

Х.Тулга. Zindaa.mn                   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top