Уулын спортын мастер Н.Энхбаяр, М.Энхсайхан нар удахгүй “хуримлана”

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

Улс төрийн гурав дахь хүчин Монголд зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Эрх баригчдын эрээ цээргүй идэж уухыг тэд л харж, хянаж чадах байх. Гэхдээ ямар хүмүүсийн толгойлсон нам энэхүү хүндтэй үүргийг биелүүлэх нь одоогоор бүрхэг байна. Гэхдээ сүүлийн үед уулын спортын мастеруудын “хурим”-ын тухай яриа хүмүүсийг эргэлзэхэд хүргэж буй ажээ. Хэдэн жилийн өмнө цаст хайрхан Цамбагаравын оргилд амжилттай авирч спортын мастер болсон хоёр нөхрийг манайхан санаж байгаа болов уу. Өнөөх Намбар, Мэндсайхан нарын хөвгүүд шүү дээ. Баабар тэдэнд атаархсан уу, яасан,  “Манай Мао Зэ Дүн ахын гавъяаг давтлаа” хэмээн баяртай нь аргагүй бичиж байлаа.  Үнэндээ Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр ганцхан уулын оргилд ч гараагүй. Энэтхэгт хүртэл очиж уул өөд мацсан юм. Мао Зэ Дүн 73 насандаа Шар мөрөнд сэлж амьд байгаагаа, цаашид ихийг хийж бүтээхээ зарлан тунхагласан гэдэг. Яаж чадахав дээ. Өтөл буурал болсон тэр өвгөний улс төрийн зам төгсгөл рүүгээ ойрсон үе нь байсан юм чинь. Мань өвгөн зүгээр л өөрийгөө шүтүүлэх аргаа олж ядахдаа тэгсэн хэрэг. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын хувьд нас намба нь яагаа ч үгүй байгаа байх л даа. Дөнгөж тавин нас ахиухан хэвийж яваа. Монголын улс төрийг уул уурхай, эрдэс баялагтай юутай хүйтэй нь залгичихдаг нас байхгүй юу.  Тэд уулын орой дээр гараад энэ тухай шавайгаа ханатал ярилцсан биз. Тэгээд 60 нас хүртлээ сайн идэж ууж аваад монголынхоо жамаар 61-тэйдээ бурхан болвол ч болог хэмээн зориг чангалсан болов уу. Одоо Н.Энхбаяр хуучин МАХН-аа командлаад, Сүхбаатарын талбайд хааяа гарч хашгирчихаад алхаж байгаа. М.Энхсайхан ч далд фронтын дайчныхаа үүргээр ард нь “Хувьсгалын тухай онол” зохиогоод сууж байна. Тэд харин удахгүй МАХН, ҮШН хоёроо нийлүүлэн нэг сайн хуримлаж авах сурагтай. М.Энхсайхан “алдарт” үндэсний үзлээ тунхаглаж, Н.Энхбаяр олигархиудаа бүрэн гүйцэд зарлачихвал “Хувьсгал”  эхлэх болов уу. Эрх барьж буй хоёр том нам буюу МАН-АН тэднээс одоо их л жийрхэж байгаа гэнэ. Уулаар явж алмас болохоо шахсан хоёр нөхөр тэдний гүзээг хүү татаж мэдэх юм байх. С.Энхсайхан нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа “Авлигчдыг  цээрлүүлнэ” гэж тэднийг айлгаж байлаа. Гэхдээ өөрөө ч бас муугүй авлигач гэгддэг байлаа. Н.Энхбаярын хувьд бүр ярих юм байхгүй. Авлигачдын загалмайлсан эцэг гэж байгаа. Энэ талаар хэвлэлүүд бичихээрээ л нэг болсон. Аягүй бол  гэр хорооллын жингэрүүд хүртэл ингэж хуцна. Одоогийн төр засгийн толгойд байгаа хүмүүс цөмөөрөө шахуу түүний шавь нар. Тэгэхээр Н.Энхбаяр зүйрлэвээс үлгэрт гардаг муур багш гэсэн үг. Олигархиуд гэж хашгирахад түүний өөдөөс цаадуул нь ёстой донгосвоо, чи ч гэсэн адгийн хулгайч гэцгээж байгаа биз дээ.  Аргагүй шүү дээ. Хулгайч хулгайчаа илчилдэг юм чинь.  Гэвч  уулын спортын  энэ хоёр мастераас МАН-АН-ынхан үхтлээ айж байна. Саяхны нэгэн судалгаагаар Н.Энхбаярынх нь рейтинг Ц.Элбэгдоржтой зэрэгцэх шахам өссөн тул улам их сандарч байгаа бололтой. МАН-ын томчууд Н.Энхбаяр руугаа зогсоо зайгүй муу үг чулуудах тоолонд өсч байгаа нэр нөлөөг ер яалтай билээ. Хүн муулаад амжилт олдоггүй улс төрийн хорвоод амьдрах болсноо МАН-ынхан даанч мэдэхгүй юм. Шинэ зуунд, шинэ соёл дунд Монголын улс төр ороод иржээ. Өөрөөр хэлбэл ирж яваа цаг аж. Сайн цаг ирэхэд аливаа улс төрчийг муугаар нь дуудаад дуудаад улс төрийн тавцан руу ахихгүй, харин ч бүр ухардаг гэнэ лээ. МАН тэр л замналаар явж байх шиг байна. Сүүлдээ тэртэй тэргүй мэдсээр байж нэг муу сэтгүүлчийг хүртэл цагдаатайгаа нийлж байгаад Ганц худагт хийж,“Тэр хэвлэх үйлдвэрийн чинь цаад эзэн Н.Энхбаяр мөн үү” гэсэн тэнэг асуулт тавьж өөрсдийгөө улам булшилж орхив.  

                Н.Энхбаяр, М.Энхсайхан нар намаа нэгтгээд юм уу, эсвэл эвсэлдүүлээд хүчээ нэгтгэж чадвал улс төрийн гурав дахь хүчин болж болох л байх. Даан ч хоёулаа бохирдчихсон улс төрчид тул хүмүүс хүлээж авах нь юу л бол. Ядаж ирэх сонгууль холимог системээр хийгдвэл МАХН, ҮШН-аас УИХ-д орж ирэх хүн тун цөөн. Бараг байхгүйтэй адил. Үүнийг МАН-АН бас мэдэж байгаа. Тэртээ тэргүй гарч ирэх магадлалгүй шахуу юмнаас тэгвэл яагаад айж сандраад байдаг билээ. Энд ганц хариулт байх шиг байна. Тэд хамаг булхайгаа дэлгүүлэхээс айж байгаа. Эрх мэдлээсээ хусагдахаас, уул уурхайн том олзноос шүүрэх хувьгүй болохоосоо үнхэлцэг нь хагарах гэж байгаа юм. Нэгэнт дэлгэгдсэн булай нь сонгуулийн үр дүнд маш муугаар нөлөөлж таараа. Гэхдээ аль алиных нь булхай шүү дээ. Идэж уусан зарим үзүүлэлтээрээ эдгээр намууд эн тэнцүүхэн ч болж болно. Нөгөөтэйгүүр МАН-ын саналыг МАХН нь хага ярж хаяад хорлонтой нь аргагүй хэрчиж орхих нигууртай. Эндээс хожоо нь харин Ардчилсан намд ирж магадгүй. Аягүй бол Иргэний зориг-Ногоон нам ч үүнээс нь хуваалцах байх. Ямартай ч уулын спортын хоёр мастер “хурим” хийж  улс төрийн хороо гүйлгэх нь тодорхой ажээ.    

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top