Ц.Бааст: Босоо хээр азарганы эмгэнэлт үхэл уяач болоход минь нөлөөлсөн

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Эрт дээр үеэс эдүгээ хүртэл морин эрдэнийн хийморь далласан, адуунд эртэй чадалтай, уях шинжихийн эрдэм ухаанд бусдаас илүү, аливаад шударга тулхтай эр хүнийг УЯАЧ хэмээн төсөөлж, хүндэлж дээдэлсээр ирсэн билээ. Уяач хүний эрхэм чанар нь үнэнч сэтгэлтэй, худал ярих, хулгай хийхийг бүрэн цээрлэсэн, өөрийн гэсэн ёс суртахуунтай, цагаан мөртэй хүмүүс байдгаараа бусдаас онцлогтой. Ийм сайхан уяачдын нэг болох Монгол улсын Манлай уяач Ц.Баастыг хүндэт зочноор урин ярилцлаа.

 


-Манай уншигчдад өөрийнхөө болон нутаг орныхоо талаар товчхон танилцуулна уу.

-Би Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул. 1949 онд Цэрэндоржийн нэгдүгээр хүү болж төрсөн. 1959 онд 10 настайдаа сургуульд орж, дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Барилгын техникумд элсэн орж, 1968 онд цэргийн албанд татагдсан юм. Энэ цагаас хойш төрсөн орон нутагтаа бараг амьдарсангүй дээ. Төв, Хэнтий аймгуудаар алба хашиж явж байгаад 1988 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд цэргийн ангийн захирагчаар томилогдсон. Ингээд хурдны өлгий энэ нутагт ирснээр хурдан морьтой амьдрал ахуйгаа холбох үндэс суурь тавигдсан юм.

-Анх яаж уяач болох зам руу орсон бэ?

-Хэнтийн Дэлгэрхаанд Зэвсэгт хүчний 232-р ангийн захирагчаар томилогдох үед Төв аймгийн прокурор байсан Чойжанцан найз маань гаргаж өгөхдөө: “За, миний найз хурдан хүлгийн өлгий нутаг руу явж байна шүү, тэндээс хурдан хүлэгтэй болох хэрэгтэй” гэж үүрэг захиас өгч байлаа. Тэр нь ч миний санаанд хадгалагдан үлдсэн юм. Тэгээд ч би армийн мал аж ахуй хариуцаж байсан болохоор харьцангуй боломжийн байсан гэх үү дээ.

-Тэгээд л уяач болчихсон уу?

-1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ой болох үеэр би Хэнтий аймгийн уяачдыг улсын наадамд хариуцан авчирсан юм. Тэгэхэд Дэлгэрхаан сумын уяач, Монгол улсын манлай уяач Сүрэнхортой танилцсан. Тухайн үед Сүрэнхорын алдартай хээр азарга Нууц товчооны 750 жилийн ойгоор хол түрүүлж, 1991 онд 7 настай байхад нь Сүрэнхор улсын наадамд уралдуулах хүсэлт гарган, аваад яваач гэхээр нь аймгийн хурлын депутат, ангийн захирагчийн хувьд унаа малаа гаргаад хамт улсын наадмыг зорьцгоосон. Улсад ирээд босоо хээр азарга маань тасархай түрүүлж, бид баяр бахдалтай их сайхан байж билээ. Орой харуй бүрий болж байхад би хүрээд ирсэн чинь Сүрэнхор маань гэрээ буулгаад аччихаж. Адуу хаачсан бэ? гэсэн чинь явчихсан гэлээ. Яагаад явуулчихав?, хоёулаа хамт явна шүү дээ гэтэл, “Манай эхнэрийн хамаатны хүүхэд ирээд би зам мэднэ, аваад явъя гэхээр нь явуулчихлаа” гэж байна. “Чи тэгээд уулын араар яваарай гэж хэлсэн биз дээ” гэхэд “хэлсэн” гэлээ. Тэгээд Дорнойн Сундуй гуайнхаар хальт орчихоод гараад иртэл манай адуу танктай хөшөөний тэнд явж байна, яах вэ гэхээр нь төв замаар яваад л очихоос гэлээ. “Морьдоо аваад замын хажуугаар яваарай, машин замаар явж болохгүй шүү” гэж захисан боловч Амгаланд байсан Хөдөө аж ахуйн материал техникийн хангамжийн тэнд Сүрэнхорын босоо хээр азаргыг машин дайрчихсан юм. Ингээд маргааш нь бөөн дуулиан шуугиан дэгдэн, хэвлэл мэдээлэл дээр гарч зөндөө юм болсон. Хэнтийдээ буцаад очтол бөөн хэл ам. “Бааст ерөөсөө зориуд авч яваад, Даваахүүтэй нийлээд алаад хаячихлаа” гээд Дэлгэрхааныхан шуугиад л. Аймгийн төв, Цэнхэрмандалд хүртэл жагсаал цуглаан зохион байгуулаад, “Баастыг аймгийн депутатаас огцруулж, Хэнтий аймгаас хөөж явуулах хэрэгтэй” гээд. “Хөх толбо” сонины Эрдэнэбаатар гэхэд, хэвлэлийн хуудас ар өвөргүй бичээд, хүүхдүүдийг маань ч энд тэнд явуулахаа байж, “азарга алсан хүний хүүхэд” гэж гоочлоод амар заяа үзүүлэхээ байсан. Би тэгэхэд сумын намын үүрийн товчооны гишүүн, сумын депутат, аймгийн депутат байлаа. Би сумын удирдлагуудад хүсэлт гаргаад: “Хүмүүсээ цуглуулж өгөөч, би болсон явдлын талаар тайлбар хийе. Сүрэнхорыг ч хамт байлцуулъя” гэсэн юм.

-Ингээд дуулиан шуугиан арай намдсан уу?

-Гайгүй болсон. Ингээд үүнээс хойш бүтэн жил өнгөрлөө. Энэ хугацаанд надад “би хүний хурдан хүлгийг авч явлаа гээд миний нэр гарах биш, Хэнтий аймгийн нэрийг, Сүрэнхорын нэрийг улсад дуурсгаад яваад ирэхэд ингэж хандах гэж” гэсэн жаахан гомдлын ч гэмээр бодол төрөөд байсан юм. Ингээд би ер нь өөрөө хурдан адуутай болж, өөрөө уралдуулж үзвэл яасан юм гэх сэдэл үүсээд эхэлсэн. Нөгөө найзын маань захиас ч санаанд байсан. Тэр үед Сүрэнхорынхон ургийн баяр хийх болоод урихаар нь яваад очтол тэнд дааганы уралдаан болж, Дэлгэрхаанаас Цэрэндамба гээд өвгөний нэг даага аман хүзүүдлээ. Их аятайхан бор даага байсан. Ингээд хойтон хавар нь байж байтал Цэрэндамба гуай ирж уулзаад даагандаа аман хүзүүдсэн бор шүдлэнгээ зарж, хэнз охиныхоо хадгаламжид хийх гэсэн юм гэлээ. Хурдан адуутай болох юмсан гэж бодож явсан надад энэ их олз болсон юм. Би тэгээд 150 мянгаар худалдаж авахаар болоод Улаанбаатарыг зорьж байхдаа “өөрөө завгүй болохоор яаж уядаг билээ” гээд бодож явлаа. Тухайн үед Батлан хамгаалах яамны сайд байсан Жадамбаа гуай тэр өвөл нь Аюуш гэдэг залуутай намайг танилцуулж байсан юм. Манай яам сайн уяачтай болсон гээд.

-Ц.Аюуш гуай Улсын Тод манлай уяач байх аа?

-Тийм. Сүүлд Тод манлай болсон юм. Тухайн үед бол цолгүй, залуу уяач байсан. Хот ороод өглөө нь яаман дээр очтол тэнд Аюуштай таарлаа. Ингээд “Аюуш аа, ах нь хурдан адуутай болсон. Чи л уяж өгнө дөө” гэтэл, “Та аваад ир, би уяад өгье” гэлээ. Тэр үед морийг машин дээр ачиж мэддэггүй байлаа. Үрээгээ худалдаж аваад, хүн гуйж Улаанбаатар руу Аюуш уяачид хүргүүлж байсан юм.

-Энэ бор үрээ танай хурдан буянгуудын эхлэл болсон юм байна даа. Тэр жилээ улсын наадамд хэр давхисан бэ?

-Тийм шүү. Би наадмын өмнөхөн албаны хамаг ажлаа арайхийн амжуулж дуусаад, нийслэлийг зорилоо. Ирээд бор үрээгээ сураглатал сунгаанд их сайн давхиж байгаа гэлцэв.

-Хэдэн оны наадам билээ?

-1995 оны наадам. Ингээд бидэн дээр Батлан хамгаалах яамны сайд Жадамбаа генерал ирээд морьдын давхил хэр байгаа талаар асууж сонирхлоо. Аюуш ч өөрийн хоёр үрээг өмнөх жилийн наадмын анзаанд давхичих байх гэв. Өмнө наадамд нэг нь аман хүзүүдээд, нэг нь 5-аар ирж байсан юм. Харин миний үрээний талаар “Энэ даргын хоншоор л мэдэх байх” гэлээ Аюуш маань. “Хоншоор мэднэ” гэхээр нь би үрээгээ айрагдах л юм байх гэж бодож байлаа. Ингээд соёолон, хязаалан давхилаа. Аюушийн хоёр яг л багцаалдсанаар, нэг нь гурваар, нөгөө нь таваар ирлээ. Аюуш ч овоо мэддэг юм байна гэж бодогдож байв. Шүдлэн уралдаж эхэллээ. Бид нар цагаан хоолой чагнаад зогсож байсан юм. 8 номертой бор шүдлэн зарлагдаад л байв. Буянт-Ухаа руу өнгөлөөд гарлаа гээд л. Гараад ирсэн чинь миний бор шүдлэн өнгөлж явна. Гэнэт хажуугаар нь нэг шүдлэн дайрч орж ирээд миний шүдлэн аман хүзүүдсэн юм. Ингээд 1995 оны наадмаар эхний айргаа хүртлээ. Энэ ондоо бас Есөнзүйлийн Даншиг наадамд аман хүзүүлээд, нэг жилд хоёр аман хүзүүдсэн хурдан ажнай даа.

-Адууныхаа чанарыг яаж сэлбэж байгаа вэ? Эрлийз адуу бий юу?

-Жаргалтхаанаас авсан хонгор халзан морь маань улс, бүсийн наадамд таван удаа айрагдсан хурдан хүлэг. Манай хонгор халзан Их хурдад нэг удаа 6, бас 10-аар давхиж байсан мундаг хурдан адуу. “Энэ цагийн шигшмэл хурдан хүлгүүд” хэмээх номонд багтсан. Би мал бэлтгэлээр Дорнод, Сүхбаатар аймгуудаар их явдаг байлаа. Ингээд явж байхдаа хурдны угшилтай айлын адуунаас охин даага авч байлаа. Өөрт маань хурдны удамтай бор азарга, том хонгор азарга байсан болохоор охин адуу худалдаж авдаг байсан. Манай адуунд эрлийз байхгүй, дан цэвэр монгол сүрэг.

-Бор азарга, хонгор азаргын угшил хаанахынх вэ?

-Бор азарга бол Уулбаяны Ширээтийн цагаан гэдэг адууны угшил юм. Уулбаянд байсан Бажаа жолоочийн хурдан цагаан азарганы охин төлөөс миний энэ бор азарга гарсан. 1996 оны өвлийн наадам дээрээс нэг хонгор шүдлэн авсан. Тэр бас их хурдан азарга байж байгаад саяхан бурхан болсон доо. Энэ хурдан ажнай маань Баянжаргаланд болсон “Түмэн адууны баяр”-т улсад түрүүлж айрагдсан бүх шүдлэн очоод, 300 гаруй хүлэг уралдахад тасархай хол түрүүлж байсан юм. Манай том хонгор азарганы үр төл, Ширээтийн цагааны угшлын нэг цагаан гүүнээс хонгор унага гараад, даагандаа улсад аман хүзүүдээд, Эрдэнэтийн бүсэд айрагдаж байлаа. Сүүлд нь “Аварга хонгор” хэмээн нэрлэдэг болсон.

-Эрлийз, монголыг ялгаж уралдуулах талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Тэр нь зөв шүү дээ. Гэхдээ зальтай зайтай зарим уяачид жижиг болгож гаргаад байгаа.

-Сэрвээний өндрөөр л хэмжиж байгаа юу?

-Тийм. Гэхдээ жижгэвтэр биетэй эрлийзүүд гарч ирээд байгаа. Тэрийг бол хөлийн тавилтаар л ялгах боломжтой. Эрлийз бол хөлөө шулуун тавьдаг, хошуунаасаа илүү гаргаж. Манай монгол адуу бол өөр. Гэхдээ нэг үеэ бодвол энэ талаар бас ч ахицтай өөрчлөлт гараад байгаа.

-Одоо уяачдын ямар галд харьяалагдаж байгаа вэ?

-Монголд “гал” гэсэн ойлголт байхгүй үед 1995 онд Батлан хамгаалах яамны “Морьтон” галыг Аюуш, Монхор, хурандаа Галбадрах бид хэд байгуулж байлаа. “Морьтон” хэмээх нэрийг Дашзэгвэ генерал өгч байсан юм. Манай галаас Тод манлай нэг, Манлай уяач 3-4, Алдарт мөн 3-4 төрсөн.

-Үр хүүхдүүдээс уяач залгамжилж байгаа юу?

-Би нэг хүүтэй, тэр маань бие султай. Харин миний морины унаач хүүхдүүд өсөж томроод, одоо тэд нарын хүүхдүүд унаач болж байх жишээний. Гурван залуу байгаа, бүгд хөвгүүдтэй. Унаач хүүхэд ховордсон энэ үед удам дамжсан унаачид гарч ирж байгаа нь их олзуурхууштай байгаа. Тэр залуус маань миний морьдыг уяж эхэлж байна. Миний хувьд, эрүүл мэндийн асуудалтай байгаа учраас тэр бүр оролцоод байж чадахгүй, ерөнхийд нь зөвлөх маягтай л байна.

-Хамгийн сайхан дурсамжтай, сэтгэлд хоногшсон ямар уралдаан байна вэ?

-Наадам болгон дурсамжтай. Хамгийн сайхан гэвэл, шүдлэн үрээ улсад анх аман хүзүүдсэн мөч. Мөн Говь-Алтайд очоод нэг аман хүзүү, нэг айраг хүртэж байсан дурсгалтай үе байна. Улсын наадмаас 16 айраг, нэг түрүү авч байлаа. “Говь шанх-2”-т оролцоод хоёр УАЗ- 69, нэг мотоцикл хүртэж байсан. Баянцагаанд 1998 онд Даваахүү уяач даншиг хийх үеэр хонгор шүдлэн анхны түрүүгээ авч, морьдоо даган гүйж их баярлаж билээ. Хурдан морь гэдэг хавтай сайхан зүйлийн нэг мөн. Морь хурдалснаар төрсөн нутаг ус, олон жил ажилласан Төв аймгийн Баянчандмань сум, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, БХЯ гээд миний ажил амьдралд холбоотой бүхий л орчин яригдаж дуурсагдаж байдаг нь аятай сайхан байдаг.

-Хурдан буянгуудаа хэдий хэр үнээр худалдаж авдаг байсан бэ?

-Би их азтай хүн. Ер нь, нэг их өндөр үнээр адуу худалдаж авч байсангүй. Насаараа цэргийн дарга байсан мань мэт ямар мөнгөөрөө ч үнэтэй адуу худалдаж авах вэ дээ, угаасаа. Гэхдээ авъя гээд өөрөө сонирхоод авсан адуу л их сайн хурдалдаг юм. Айлын адуун сүрэг рүү ороод хамгийн түрүүнд нүдэнд туссан гүүг л авдаг байлаа. Нэг харчихаад л, өөр адуу харалгүй авдаг байсан. Олон харчихаар будлиад байдаг юм.

-Нэг харангуут ямар мэдрэмж төрдөг байсан бэ?

-Миний тийм азарганд таарах юм байна даа гээд шууд нүдэнд тусдаг байсан.

-Сүхбаатар аймагт хурдан хүлгүүд их байдаг талаар онцлон яригдаад байдаг. Энд нутаг орны ямар нэгэн онцлог нөлөөлсөн болов уу?

-Сүхбаатар бол аргагүй шүү дээ. Галшард “Өвгөн ноён” гээд агуу уяач байсан. Бас зүүн аймгууд хурдны удам сайтай байдаг нь Өвөрмонголоос нэлээн адуу орж ирээд угшлаа сайжруулсантай холбоотой. Хятад улс дээр үед морин цэрэгтэй байхдаа морьдоо араб адуутай эрлийзжүүлээд, харин дараа нь морин цэргээ татан буулгаад мото буудлагын анги болгохдоо нөгөө олон морьдоо Өвөрмонгол руу шилжүүлсэн байдаг. Манайхан тэндээс адуу олноор авчирсан нь зүүн аймгуудын хурдад зохих хэмжээгээр нөлөөлсөн. Бас Чингис хааны нутаг гэдгээрээ онцлогтой. Тухайн үед Чингис хаан гадагш аян дайн хийгээд буцаж ирэхдээ сайн үүлдэр угсааны морьд их авчирдаг байсан нь мэдээж нөлөөлсөн байж таарна.

-Одоо наадмын уур амьсгал эхэлчихсэн байгаа юу?

-Морь уяна гэдэг бол өмнөх наадам дуусаад л дараагийнхдаа бэлдэж эхэлдэг ажил. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй л ажиллана. Морьдоо тэжээгээд, хөндүүрийг нь аваад, тамир суулгаад л. Морь уяхад уйгагүй хөдөлмөр шаардагддаг. Энэ жил миний өөрийн адуу болох хязаалан засаатай үрээ, нэг сүүтэй даага уралдуулах санаатай байна. Нэг юм дуулгачих болов уу гэсэн горьдлоготой байгаа гэх үү дээ. Хурдан морь гэдэг ер нь амны билгээр байдаг юм.

-Уяачийн ёс зүйн талаар ямархуу бодолтой байдаг вэ?

-Дээр үеэ бодвол одоогийн уяачид боловсрол өндөртэй болсон. Уяачид ерөнхийдөө асар их хөрөнгөжсөн учраас хөрөнгө сайтай нь жаахан ёс зүй сул талдаа, харин удам залгаад номоороо явж байгаа нь гайгүй. Ер нь, их сагсуу хүнийг хүмүүжүүлдэг зүйл бол морь шүү дээ. Жишээ нь, морин дээр согтуу очиж болохгүй, энгэр заам задгай байж болохгүй, хашгирч гуугачиж болохгүй гээд өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс, дэг жаягууд байдаг. Хурдан морь эдэлж хэрэглэж байгаа хүмүүс ерөнхийдөө өндөр ёс зүйтэй болж өөрчлөгддөг. Гэхдээ олон дотор сайнтай, саартай гэгчээр зарим нэгэн “шинэ баян цээж өвчтэй” маягийн нөхдүүд мэр сэр байна. Гэвч ерөнхий голдрилоороо бол их гайгүй байгаа. Аргагүй, цаад хийж байгаа ажил нь тийм юм.

-Залуу уяачид, өөрөөр хэлбэл, сонирхогчид юуг анхаарвал зүгээр бол?

-Хурдан морь худалдаж авахдаа угшлыг нь сайн судлах хэрэгтэй. Ер нь, хүн ямар ч ажил хийхдээ эхлээд судалгаа сайн хийвэл амжилттай болдог биз дээ. Тэгэхгүй бол, хэн нэгнээ дагаж хөөрөөд өндөр үнээр адуу худалдаж аваад олигтой давхиулсан ч юмгүй хөлгүй болгох, мөн буруу таньж хурд тааруу адуу өндөр үнээр авах гэх мэт зүйлс тохиолддог. Жишээ нь, зүүн аймагт ямар ямар угшил байна, хэнтэй уулзвал илүү сайн мэдэх зэргээр судалгаа хийн, хурдан морины чиглэлээр гарч байгаа сонин, сэтгүүл, сайтын материалуудтай сайн танилцах хэрэгтэй. Эс тэгвээс, морины ажилд харанхуй ороод хий дэмий мөнгө төгрөгөө үрчихээд, эцэст нь шантраад “хурдан морь гэдэг чинь дэмий зүйл байна” гээд сөрөг сурталчилгаа хийх жишээний.

-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд их баярлалаа. Хурдан хүлгүүдийнх нь шандас улам эрмэг хүчтэй байх болтугай.

-Танай хамт олонд бас уран бүтээлийн өрнүүн амжилт хүсье.

Ярилцсан: Д. Мягмарсүрэн

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.14.192) 2023 оны 07 сарын 12

уяач яах вэ хүний үр хүүхдийг өөрийн үр шиг бод

1  |  2
Nu CD(172.58.43.27) 2018 оны 04 сарын 06

Ysch uu malvhinuu

0  |  0
Top