С.Хэрлэн: “Их хурд”-д нэг хүний нэр дээрх хоёр азарга ташраараа айрагдана гэдэг маш ховор тохиол

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

"Зиндаа" сэтгүүлийн №13 дугаараас онцлов


 “...1990 оноос хойш буюу 8-р ангиа төгсөөд л Монгол Улсын Манлай уяач Гарамжав гуайг дагаад морь уяж эхэлсэн дээ. Тухайн үед сунгааны нас бүрт л Гарамжав гуайн морьд манлайлан хурдалж, түүн шиг мундаг уяач болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Бас 1967 оны төрийн наадамд азарга нь түрүүлж байсан Манлай уяач Дамдин гуайг дагаж морь уян, морь малыг нь адуулж хариулдаг байсан. Эдгээр мундаг уяачдыг дагаж явснаараа нэлээд туршлага хуримтлуулж чадсан гэж боддог...” хэмээн хүүрнэх Монгол Улсын алдарт уяач С.Хэрлэнг “Тод магнай” булангийнхаа зочин хойморт урилаа.


-Морины ажил бол ер нь сайн дурын үндсэн дээр л хийгддэг. Тэгэхээр чухам морь уяхад юу өөрт тань их нөлөөлөв?

-Манай аав нягтлан бодогч, сэхээтэн хүн байсан, удамд маань ч уяачид гэхээр хүмүүс байгаагүй. Би сумын төвд төрж өссөн, багадаа шагайгаар морь уралдуулж тоглох дуртай хүүхэд байлаа. Сайн уяач болоход өөрийн сонирхол их нөлөөлсөн. Өөрийн хүсэл сонирхлын төлөө тууштай зүтгэсэн хүн л амжилтад хүрч чаддаг.

-Анхны уралдааны гараагаа хэрхэн эхэлж байв?

-1997 онд Төв аймгийн Эрдэнэ сумын наадамд дөрвөн насны морьдтой ирж, их нас, шүдлэн, даага айрагдуулан уралдааны анхны гараагаа урам зоригтой эхэлж байлаа. Дөрвөн насанд морьд уяснаас гуравт нь айрагдан, бахдам амжилт гаргасан.

-Таны нэрийг дуурсган хурдалж байсан ажнай хүлгүүдийнхээ талаар хөөрөлдвөл?

-Миний Хонгор азарга 2009 онд Монгол Улсын шилдэг №1 азарга болж байсан. Дүнжингаравын Их хурд, Сэлэнгийн Зүүн бүс, Ламын гэгээний Даншиг наадамд аман хүзүүлж, “Хэрлэнгийн Хонгор” хэмээн алдар нэрийг минь дуурсгаж өгсөн хурдан буян даа. Хонгор азарга бол Максын Жигүүр хулын дүү байгаа юм. Мөн Цагдаагийн хурандаа Эрдэнэбаярын халзан үрээг уяж Дүнжингаравт аман хүзүүлгэсэн, 2010 онд Лувсанжамбаагийн зээрдийг улсын наадамд дөрөвт, 2011 онд Эрдэнээгийн зээрд соёолонг улсад бас дөрөвт оруулсан гээд уяачийн хөдөлмөрийн үр шимээ үзсэн тохиолдол олон бий. Өөрийн унаган азарга болох Тугал хулын дүү Хул азарга маань Баруун бүсийн наадамд мөн түрүүлж байсан нь их бахархалтай санагддаг.

-“Их хурд”-д өөрийн тань уясан хоёр азарга ташраараа айрагдсан гэдэг, энэ талаар сонирхуулбал?

-Би уяа сойлгыг нь тааруулсан Яруу хээр, Шөвгөр зээрд хоёр азарга 2016 оны Улсын наадамд айрагдсан юм. 1921 оноос хойших хурдан морины уралдааны түүхэнд нэг хүний нэр дээрх хоёр азарга айрагдаж байсан тохиолдол гараагүй юм билээ. Энэ утгаараа рекорд тогтоосон гэх үү дээ. Дараа нь “Их хурд”-д мөн хоёулаа айрагдсан. Ер нь наадмын өмнөх сунгаанд хоёулаа их сайн хурдалж байсан юм.

-Аймаг сумын чанартай наадмаас айраг түрүү их авч байжээ. Улс, бүсийн чанартай наадамд ямар амжилт үзүүлж байв? Улсын Алдарт цолоо хэзээ хүртсэн бэ?

-Улс, бүсийн наадмаас ойролцоогоор 30 гаруй айраг, түрүү хүртээд байгаа, өөрийн болон хүмүүсийн нэр дээрх амжилтуудаа оролцуулаад. Д.Дагвадорж гуайн нас насны морьдыг сүүлийн 7-8 жил дагнан уяж байна. Жигүүр хулыг гэхэд улсад дөрвөн удаа айрагдууллаа. Яруу хээр, Шөвгөр зээрд хоёрыг улс, бүсэд нэлээд хэдэн удаа айрагдуулсан.

Уяачдын амжилт, цолны талаарх журам шинэчлэгдэн, өмнө нь морины эзэн, уяач хоёуланд амжилт нь бүртгэгддэг байсан бол одоо зөвхөн морины эзэнд өгдөг болсон.

-Хүний морь уяхад бас ачаалал их байна биз? Хариуцлага талаас нь бодоход хэцүү байдаг байх даа?

-Уяач хүний хувьд, зорьсон наадамдаа айраг түрүү хүртэж чадвал тэр л жаргал болдог доо. Ер нь аливаа зүйлийг хайрлаж байж л үр шимийг нь хүртэнэ. Хүний морь уяхдаа ч гэсэн “хүнийх” гэсэн сэтгэлээр хандаж огт болохгүй. Ингэж өөриймсөг хандсан морьд эзэндээ ээлээ хайрладаг юм.

-Таны яриаг сонсож байхад ихэнх нь азарганы амжилт байх шиг. Ер нь азарга уяж гаршсан уяач гэж ойлгож болох уу? -Өмнөх журам мөрдөгдөж байсан бол өөрөө бараг Манлай уяач ч болчихоор байсан юм биш үү?

-Нийтдээ 10 гаруй азарга уяж, улс бүсийн наадмаас айраг түрүү хүртэж байсан. 2016 онд Монгол Улсын Алдарт уяач цолыг азарганы амжилтаар авсан юм.

-Дан азаргаар Алдарт уяач цол авсан хүн өөрөөс тань өөр байгаа болов уу?

-Байхгүй. Азарга бол уяхад урамтай адуу шүү дээ. Гэхдээ эцэг мал гэдэг үүднээс ороог нь зохицуулж, тарга тэвээргийг нь анхааран, өөр азаргатай ноцолдуулахгүй тал дээр сэрэмжтэй байх асуудал гардаг. Өөрөөр хэлбэл, азарга бол бусад насаа бодвол арчилгаа ихтэй л дээ.

-Хурдан адуу төрөхөд идээшилж байгаа өвс, ургамал нь нөлөөлдөг гэж ярилцдаг. Тэр хэр үнэний ортой бол?

-Ортой. Ер нь өвс ургамал сайтай соргог бэлчээрт идээшилж байж ганц адуу ч гэлтгүй бүх мал тарга хүч сайтай болж, онд тамиртай орно шүү дээ. Тийм адуунаас төрсөн унага ч өсөлт бойжилт сайн байх нь гарцаагүй.

-Адуугаа сайжруулах талаар уяач болгон л санаа тавьдаг байх. Энэ тал дээр юу хийж байгаа вэ?

-Найз нөхөдтэйгөө байдас, үрээгээ солилцох гэх мэтээр адууныхаа чанарыг сайжруулах тал дээр байнга анхаарч ажилладаг.

-Танайхан гал уяанд нэгдэж байгаа юу?

-Нэгддэггүй, аливаа шийдвэрийг өөрсдөө бие даан гаргадаг.

-Ер нь одоогоор хаанахын угшил хамгийн хурданд тооцогдож байгаа бол?

-Сүүлийн үед бол “шинэ цагийн адуу” /эрлийз/ л хурдан байна даа. Харин хурдны өлгий нутаг бол яалт ч үгүй Сүхбаатар аймаг. Ялангуяа Сүхбаатарын Асгат, Халзан, Баяндэлгэрийн адуу бол онцгой хурдан байдаг.

-Танайд Сүхбаатарын адуу байгаа юу?

-Байлгүй яахав. Яруу, Шөвгөр хоёр гэхэд л Сүхбаатарын Асгатын угшилтай хүлгүүд. Өнгөрөх жил Дүнжингаравт түрүүлсэн Буурал азарга ч бас тэндхийнх.

-Уралдааны өмнө эрлийз, монголоор нь ялгахдаа ямар шалгуурыг баримталж байгаа вэ?

-Сэрвээний өндрөөр л голчлон баримжаалж байгаа. Тиймээс зарим өсгөлүүн төрсөн монгол адуу ч хасагдах тохиолдол гардаг.

-Өөрт тань тийм таагүй тохиолдол гарч байсан уу?

-Тохиолдож байсан. Бидний бүтэн жилийн хүч хөдөлмөр шингэсэн болохоор гомдолтой л санагддаг юм билээ.

-Ялгах комисст нь уяачид оролцдог болов уу?

-Үгүй. Наадам зохион байгуулах комисс болон Морин спорт, уяачдын холбооны төлөөлөл оролцдог.

-Уг нь олон жил морь уяж мэргэшсэн хүмүүсээс оролцуулбал эрлийз, монголыг илүү баталгаатай ялгах байх даа? Жишээ нь, өөрийг тань ялга гэвэл хараад багцаалдана биз?

- Харахад андашгүй л дээ. Эрлийз, монгол адууг харьцуулахад арьс хөрснөөс нь авахуулаад ялгагдах зүйлс бий.

-Түрүүлэх адууг гаднаас нь харахад мэдэгдэх шинж тэмдэг байдаг уу?

-Байдаг. Хурдлах адуу цаанаа л өөр байна. Бие нь томроод, арьс хөрс нь сортон гялалзаж, ялангуяа нүдний харц маш сэргэлэн цоглог болдог.

-Таны хүүхдүүд удам залган уяа эвлүүлж байна уу?

-Би нэг хүү, хоёр охинтой. Хүү одоо 17 настай, энэ жилээс бие даан морь уяж байгаа. Хүү маань өөрөө морь уях сонирхолтой болохоор цаашид амжилт гаргах байх гэж найдаж байна.

-Орон нутагт байгаа залуу уяачдад хандан туршлагатай хүний хувьд юу зөвлөхсөн бол?

-Юуны түрүүнд өөрөө морины ажилд үнэхээр сонирхолтой байх хэрэгтэй. Тэгээд адууныхаа чанарыг сайжруулахад анхаарах, адуугаа сэтгэлээсээ хайрлан уяа сойлгыг нь тааруулах. Сонирхлоороо морины ажил эхэлж буй залуу уяачдад хандан хэлэхэд, мориныхоо хөндүүрийг сайн гаргаж, “хар гэдэс” суухаас сэрэмжлэх хэрэгтэй. “Хар гэдэс” их аюултай. Бас нэг гол зүйл бол тамир тэнхээ, эдэлгээний асуудал. Өмнө нь адуучин байсан хүмүүс морины эдэлгээг маш сайн мэддэг. Жишээ нь, Улсын Тод манлай Онон гуай гэхэд, маш арвин туршлагатай, морьдоо жинхэнэ ном ёсоор нь эдэлж чаддаг мундаг уяач хүн. Морины хор, хөндүүр гаргах их чухал. Тамиртай хэдий ч гэдэстэй адуу бас хэцүү. Гэдсийг нь сайхан суллах хэрэгтэй.

-Уяачид наадмаас наадмын хооронд суралцдаг гэлцдэг. Өөрт тань төдийгүй бусдад ч сургамж болчихоор ямар наадам байсан бэ?

-Ер нь уралдааны үед алдаа, оноо их гарна л даа. Тэр болгонд дүн шинжилгээ хийж, алдаагаа дахин давтахгүй байх л чухал. 2017 онд Шөвгөр зээрдийг эндэхэд их харамссан. Наадмаар уралдаж яваад эндчихсэн юм. “Хар гэдэс” суусныг нь анзаарсан боловч янзлах хугацаа гаргаж амжаагүй.

-Таны хамгийн сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе гэж бодлоо?

-2016 оны “Их хурд”-д үнэхээр бахдалтай сайхан наадсан. Яруу хээр, Шөвгөр зээрд хоёр маань ташраараа айрагдаж, магнай тэнийтэл баярлуулж билээ. Өмнөхөн нь Улсын баяр наадамд хоёулаа ташраараа айрагдчихаад, эргээд “Их хурд”-д бас хоёулаа айрагдана гэдэг үнэхээр гайхалтай л даа. “Их хурд” бол сүүлийн гурван жилд айрагдаж түрүүлсэн хүлгүүд урилгаар оролцдог, жинхэнэ хурдны шандас сорьсон уралдаан шүү дээ. Ийм том уралдаанд нэг хүний нэр дээрх хоёр азарга ташраараа айрагдана гэдэг хэн хүнд заяагаад байхааргүй ховорхон тохиол юм.

Ярилцсан: Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ah(202.55.188.84) 2020 оны 01 сарын 19

Shuvgur zeerd yaruu her hoyriig ulsiin naadam ba IH Hurd naadamd tashraar n davharaar n airagduulj ugsunii tuluu Land76 mashinaar shagnaj hudulmur gaviyag n uneljee. Ter mashinaa butsaaj bulaaj avahaar tsagdaad uguud, bulaatsaldaad baidag yum baina. SB aimgiin tsagdaa, prokuroruud zarim n tuunii tuluu yahaas CH butsahgui yavj baigaa bol Herlengiin asuudliig huuliin daguu shudarga shiideh setgeltei alban haagchid zunduu baina. Dagvadorj uneheer tasarchihsan, mungu n ihedchihsen hun bolohoor ingeed udaagaad tamlaj baival tuund men taalamjtai bololtoi

1  |  0
Ah(202.55.188.89) 2020 оны 02 сарын 25

Herlen duu bol hovorhon tersen aviyas shuu. Dagvaa tuun deer 9 jiliin umnu irehdee azarga aduugui baisan gedeg yum. Herlen duu zuvhun moriig n uyasan gants bid hun bish. Tedniih her buleeree 8 jil Dagvaagiin aduunii tuluu buhnee zoriulj zutgesen yum. Dagvaagiin aldar neriig morinii ertentsed manduulj orgild n gargaj ugsun yum. Dagvaagiin aduun surgiig usguj urjuulj 8 jil hour narnii hoorond zutgesen yum. Ene buhnii hariug Dashzevegiin Dagvadorj barij tuuniig shorond suulgah yum gene. Ter 20-30 aduug tuluuleheer 400 garui say tugrug nehej Herleng tsagdaad ugchee. Denduu judaggui.

1  |  1
Дуня(66.181.161.7) 2020 оны 02 сарын 25

Хэрлэн уяач бол үнэхээр чинь шударга монгол адуугаар уралддаг эрхэм. Энэ их хичээл зүтгэл сайхан сэтгэлд л хариуг нь новш шиг барьсан хүн дээ Дагвадорж гуай

1  |  1
Moyo(103.229.120.160) 2022 оны 12 сарын 24

Iiim ajiliig uguisgej herlend noshirson byaam daa davagdorj

2  |  2
.(66.181.185.153) 2022 оны 12 сарын 24

Ямар ч сайхан буянтай хүн бэ

4  |  2
Зочин(66.181.185.153) 2020 оны 07 сарын 20

Ёстой сайхан хүндлэл хүлээхээр хүн шүү

3  |  5
Top