Жороо морьдын уралдаан

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

 “Зиндаа” сэтгүүлийн “Тод магнай” булан мориор дамжсан үндэсний их өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилго агуулан, Улс, бүсийн алдартай уяачид болон хурдан морины зүтгэлтнүүдтэй хамтран сонирхолтой ярилцлага, танин мэдэхүйн шинжтэй өгүүллүүдийг уншигчиддаа толилуулахыг зорьж байгаа билээ. Энэ удаад жороо морины тухай сэдвээр танин мэдэхүйн материал бэлтгэн нийтэлж байна. 


Монголчуудын эртний уламжлалт тэмцээний нэг нь хурдан морины уралдаан. Манай монгол адуу хамгийн эрс тэс цаг уурт олон мянган жилээр хувьсан амьдарсаар ирсэн тул маш тэсвэр хатуужилтай, бусад төрлийн морьдыг бодвол өвс тэжээл голдоггүй, өл даадаг гээд олон давуу чанартай юм. Жил бүрийн баяр наадмын сүүлийн өдөр буюу долдугаар сарын 13-нд Уяачдын наадам болдог. Түүний хамгийн үзүүштэй хэсэгт жороо морины уралдаан зүй ёсоор ордог. Уран, усан, тэлмэн гэх мэт олон төрлийн жороо явдалтай морьд өрсөлддөг энэхүү наадмыг 1996 оноос явуулж эхэлсэн юм. Харин 2004 оны наадмаас хойш жороо морьдыг тойргоор уралдуулах болсон байна. Тойргийн уралдааны гол онцлог нь жороо алдахгүй хурдтай явах ёстой. Нэг тойрог нь 400 метр бөгөөд таван удаа тойрох учиртай. Бүтэн тойрохдоо ямар хугацаа зарцуулж, хэр цэвэрхэн жороолсныг нь харгалзаж морьдыг шалгаруулдаг зарчимтай. Тийм учраас хамгийн богино хугацаанд жороо алдаагүй морь түрүүлдэг уламжлалтай билээ. Монголын жороо морины холбооны ерөнхийлөгч, адуу судлаач Д.Эрдэнэхуягийн тайлбартайгаар жороо морины тухай гол ойлголтуудыг толилуулж байна.

Монгол жороо морины явдал түүний ангилал

Адуу нь нэг алхамдаа зүүн талын урд хойд хөлөө зэрэг, нөгөө алхамдаа баруун талын урд хойд хөлөө зэрэг гишгэж сайвраас хурдан явах явдлыг жороо гэнэ. Адуу болгонд байдаггүй жороолох энэ өвөрмөц явдал нь эрт үеэс морьтон монголчуудын ажигч гярхай нүдэнд өртөж улмаар дээдлэн хайрлан, найр наадам, баяр ёслол, гоёлд унадаг унаа нь болон уламжлагдаж ирсэн өнө эртний баялаг түүхтэй. Адууны сайварлах, жороолох явдлыг нүүдэлчин ахуй амьдралын ухаан туршлагаараа ялган ангилж, байгалийн үзэгдэл, амьтны хөдөлгөөнтэй зүйрлэн усан тэлмэн жороо, хонин жороо, тэмээн жороо зэргээр онцгойлон нэрлэж ирсэн нь өнөө хэр хэрэглэгдсээр байна. Адууны жороо явдлын түгээмэл нэрлэх ялгаанд:

Унаган жороо: Хүний сургалт оролдлого үгүйгээр эхээсээ гарсан цагаас жороолж, даага үрээ насандаа ч уг явдлаа алдахгүй сулдаа жороолохыг унаган жороо гэнэ. Унаган жороог сайн сургаж чадваас тухайн морины хэвшил, галбир байдлаас хамааран хурдан жороо, тэмээн жороо, бүр усан тэлмэн жороо ч гарч болно. Усан тэлмэн жороо: Дөрвөн хөлийн тавилт тэгш нэгэн хэмээр эрч хурдтай, усны урсгалыг санагдуулам жороолохыг хэлнэ. Ийм жороо морь ховор бөгөөд үнэ ханш өндөр байдаг. Хонин жороо: Хонины явдалтай адил зөөлөн жороолох ба тэгш хэмтэй хурд таарууг хэлнэ.

Тэмээн жороо: Тэмээ тэших лугаа адил сэгсчээ ихтэй, хурдан жороо морийг ийнхүү хэлдэг. Жороолох үед хүзүү толгой дээр гэдгэр харагддаг онцлогтой.

Дээгүүр жороо: Хөлөө зөөх зай нь илүүтэй /суга цавь нь сайн тэнийх/ тавигдаж жороолохыг дээрээс авч байна гэх буюу дээгүүр жороо гэнэ. Урд хөлийн самралт, хойд хөлийн цацалтаар шороо хаях нь илүү, их бярдан зүтгэж байгааг дээрээс авч байна сайн жороогийн шинж гэнэ.

Доогуур жороо: Ергөө буюу жирийн хатираас хэтрэхгүй хурдтай жороолохыг доогуур жороо гэх ба зарим нутагт сайвар явдал ч гэж хэлдэг.

Ормол жороо: Монголчууд эртнээс моринд жороо явдал сургаж баяр наадам, гоёлын унаанд эдэлж хэрэглэж ирсэн уламжлалтай. Тийнхүү адуунд жороо явдал сургасныг ормол жороо гэдэг. Адууны жороолох явдлын хамгийн бага аажим хэмнэлийг сайвар гэж ялгадаг. Морины сайвар явдал нь маш зөөлөн, эвтэйхэн тул ихэс дээдэс болон эмэгтэйчүүд унах нь элбэг. Монголчууд адуунд жороо сайвар явдлыг зориуд сургахаас гадна уналга эдэлгээ уяа сойлгын аясаар сайвар явдал орох нь бий. Жишээ нь, Ардын Хувьсгалын 35 жилийн ойн баяр наадмын их насны 800 орчим морьдоос шалгаран айргийн тавд давхисан Архангай аймгийн Хотонт сумын уугуул Ванчинравдангийн хар морь уяа нь эвлэхээрээ их сайвар явдал ордог. Энэ л үедээ давхил нь илүү байдаг байсан гэдэг. Мөн 1980-аад оны эхээр Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Цэдэнсамбуугийн хул алаг уягдаж байгаад явдал орж, улмаар жороо болсон зэргийг дурдаж болох ажээ. Стандартчилал, хэмжил зүйн газрын 2017 онд гаргасан баримт бичигт Жороо морины уралдаанд тавигдах ерөнхий шаардлагыг тусгаж өгчээ. Үүнд: Жороо морин спортын уралдааны талбайд үзэгчдийн суудал, аюулгүйн бүс, морьд болон тамирчдын байрлах хэсэг, орц, гарц, гараа болон барианы шугам, алдаа тоолох шугам зэрэг багтана. Жороо морины уралдааны тойрог замын хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна.

Жороо морин уралдааны тойрог зам нь хашлагатай байх бөгөөд байнгын болон түр ашиглах хашлага гэж байна. Түр хашлаганы шон нь хуванцар материалаар хийгдсэн морьд болон унаач тамирчинд аюулгүй, зөөлөвчтэй, цилиндр хэлбэртэй, эрүүл ахуйн шаардлага хангахуйц, угсарч, зөөвөрлөхөд хялбар, газрын хөрсөнд 20 см гүнд суугдана, шонгийн өндөр 100 см ногоон алаг өнгө бүхий байна. Резинэн тусгаарлагч утас нь морьд, тамирчин, үзэгчдэд аюулгүй, резинээр хийгдсэн, хүнд металл агуулаагүй байна. Байнгын хашлага нь тойргийн хамгийн гадна захаар болон саадтай уралдааны талбайг хааж дотор талаар баригдсан хашааг хэлнэ. Байнгын хашлагыг тэгш дээд хэсгээрээ хагас цагираг хэлбэртэй шон дээр шулуун хөндөл байрлуулж хийнэ. Байнгын хашлага нь бат бэх, үзэмжтэй, жороо морь болон унаачид аюулгүй хийгдсэн байна. Байнгын хашлагыг төмөр болон хуванцраар хийнэ. Цаг нь морины цээжинд байрлуулж, гараа болон барианы шугаманд мэдрэгч төхөөрөмжтэй автомат цаг байна. Автомат цагны төхөөрөмжийн зэрэгцээ хяналтын журмаар гар ажиллагаатай цаг хэрэглэж болно. Жороо морийг унаж уралдахдаа Монгол үндэсний хээнцэр, үзэмж гоё, ур хийц тансаг сайхан бүрэн хувцастай байна. Унаачийг бэртэл гэмтлээс хамгаалах хамгаалалтын хувцас, хэрэгслийг үндэсний хувцас дотор заавал өмссөн байна. Жороо морины тэмцээнд монгол цусны /удмын/ морьд оролцох бөгөөд морьдыг 2-р хүснэгтэд заасан гадна шинжээр шалгана. Моринд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхээр маргааныг морьдын суурь шинжилгээ буюу генийн шинжилгээгээр шийдвэрлэнэ.

Жороо морины уралдаанд оролцох морьд үржлийн гэрчилгээ, хувийн карттай, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн, эрүүл болохыг нь баталгаажуулан шинжилгээ хийлгүүлсэн байна. Эртний Монголчуудын хэрэглэж байсан өргөн суудал бүхий хүннү эмээлийг орчин үеийн хэрэглээнд тохируулан хэрэглэнэ. Үүнтэй холбоотойгоор дөрөө, дөрөө сур, олом, тохом, эмээлийн зөөлөвч, ташуур, эмээлийн даруулга, бүүрэг хавтас, гөлөм зэргийг хэрэглэх боломжтой. Дөрөөний сур, олом, жирэмний уртын хэмжээ стандартын дагуу заасан байна. Эмээлийн бүүрэг намхан, суудал гүн, морины нуруунд холбирохгүйгээр урд, хойд олом буюу даруулга олмоор бэхлэгдэж,худрага, хөмөлдрөгтэй унаачийн аюулгүй байдлыг хангасан байна. Эмээлийн суудал, гөлөм, олом, жирэм, угсуурга, дөрөө холбоог сайн чанарын булигаар, шир, сур, хялгас мэт сунаж, агшдаггүй материалаар хийнэ. Тохмыг эсгий зулхай зэрэг чичиргээ, доргилтын хүчийг сулруулах, эдэлгээ даах чадвартай хүчний үйлчлэлд тэсвэртэй материалаар хийсэн байна. Эмээлийн модыг хус модоор хийнэ. Мөнгөн тоноглолтой байж болно. Дөрөөг цутгаж буюу гагнаж бат бэх хийнэ. Төмөр дөрөө байна. Бат бөх нь 1800 кг/см доошгүй хүчийг тэсвэрлэдэг. Дөрөөний сур залгаасгүй, дөрөө сурны урт богиныг тохируулж унаачийн атгасан гарын уртаар авна. Хазаар нь хазаарын толгой, амгай, зуузай, жолоо, сагалдрагаас бүрдэнэ. Сайн чанарын элдүүртэй шар сураар хийсэн байна. Хазаарын сагалдарга бат бөх уягдсан байна. Амгай зуузай нь зэвэрдэггүй гангаас бүтсэн. Хар тугалганы хольцгүй. /Хазаарын хэмжээг 5-р хүснэгтээр үзүүлэв./

Ташуур нь суран монгол ташуур байна. Ташуурын сагалдарга сайн чанарын сураар хийсэн байна. Ташуур нь 75 см-ээс уртгүй модон байна. Морины тах нь өвлийн цагт халтирах, гулгахаас сэргийлсэн, хөнгөн бас бат бэх байх ёстой. Тахны масс нь 80-120 грамм, зузаан 5-6 мм, өргөн 8 мм байна. Уралдааны зам нь нойтон халтиргаатай бол трапец хэлбэрийн огтлолттой илүү нимгэн, өвлийн тах огтлолттой илүү нимгэн байна. Өвлийн тах нь доод талдаа 10 мм өндөртэй босоо хүрээтэй, эсвэл дотор тийш хазайсан өргөстэй байна.

ЖОРОО МОРИНЫ МАГТААЛ

Туяа тэвэг нь бадарсхийж

Туг сүүл нь сагсалзана

Тогосын сүүл дэлгэсхийж

Тоос манан суунаглана.

Гархин хазаар тумсхийж

Ганзага гөлөм дэвсхийнэ

Гарьдын хүзүү сунасхийж

Ган туурай гялсхийнэ

Бөгтрөг сайтай жороо морь

Бөмбөг адил бөмбөлзөнө

Хамаа сайтай жороо морь

Хандгай адил хайвалзана

Уг төрөгсөн ургаа жороо

Улам хойноо сунам жороо

Уруу газар урсам жороо

Усан тэлмэн уран жороо

Хажуу дээгүүр хайван жороо

Харвасан сум шиг хурдан жороо

Өөд газар өлгөө жороо

Өвсөн толгой найгам жороо

Хурсан хүмүүс гайхалцан

Хуруу гарган шагшралдана

Саалийн дээжээ өргөн

Сайхан алдрыг нь магтацгаана

Бэлтгэсэн Д.Мягмарсүрэн

"Зиндаа" сэтгүүл 2018 он. №01 (08/508) дугаарт нийтлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top