Монголын хурдан морины ертөнцөд залуус цахиур хагалж байна. “Зиндаа” сэтгүүлийн “Тодмагнай” булангийн №09/509 дүгээр дугаарт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэг уригдлаа. Уясан хүлгээтүрүүлгэж, айрагдуулан наадамчин олноо цэнгүүлэгч тэрээр удам дамжсан уяач бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын чансаа өндөр есөн уяачийн нэгээр шалгарч, 2014, 2015 онд Шилдгийн шилдэг уяачаар тодорсон юм. Ононгийн Батбилэг 1989 оны улсын баяр наадамд аавынхаа уясан зээрд халзан морийг аман хүзүүнд хурдлуулж, 2009 оноос эхлэн өөрийн уясан морьдоо түрүүлгэж айрагдуулах болсон бөгөөд сүүлийн 3-4 жилийн дотор улс, бүсийн уралдаанд 18 түрүү, 61 айраг хүртсэн гайхалтай амжилт гаргасан юм.
-Сайхан хаваржиж байна уу. Хоёулаа ярилцлагаа өөрийн тань хүүхэд ахуй цагийн дурсамжаас эхэлбэл ямар вэ? Алдарт Онон уяачийн үр сад болохоор мэдээж, хүлэг морьдтой ойр өссөн байх.
-Би гурван хүүхэдтэй айлын ууган хүү, дороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Аав маань нэгдлийн адуучин байсан болохоор багаасаа л адуутай ойр өссөн дөө. Анх гурван настайдаа морь унаж сураад аавдаа хөтлүүлээд номхон морь унаад адуунд явдаг байсан гэдэг. Тэр үеэ би өөрөө сайн санадаггүй юм. Харин дөрвөн настайдаа морь унаад саалийн гүү ээждээ дөхүүлж өгдөг байснаа бол санадаг. Манайх 70-80 гүү саадаг байлаа. Бидний үеийнхэн ерөнхийдөө эрт бие дааж, ээж аавдаа тусалдаг байсан. Өглөө босоход л эмээл хазаартай морь бэлэн, өдөржин түүнийгээ уначихдаг байсан болохоор тэр үеийн хүүхдүүд моринд чадамгай. Ер нь аль болох багадаа морь унаж сурсан хүүхдүүд илүү дадамгай байдаг.
-Анх хэдэн насандаа хурдны морь унаж эхэлсэн бэ? Шаггүй унаач хүүхэд байсан биз?
-Анх өөрийн тэрэгний халтар морийг унаад уралдаж байснаа санадаг юм. Бас “хулгар” Нарангэрэл гээд Төв аймгийн Баянжаргалангийн хүний буурал даагыг унаж уралдаж байлаа. Тэр үед одоотой адилхан төхөөрөмж байгаагүй болохоор гараан дээр цэрэг барьж байгаад тавьдаг байсан. Нэлээн туршлагатай болсон хойноо аль болохоор цэрэгт баригдалгүй, хойхно явж байгаад түрүүлж эргэхийг хичээдэг болсон.
Гарааны төхөөрөмжтэй болсноор ингэх шаардлага байхгүй болсон хэдий ч хүүхдүүд төхөөрөмжинд урдуур байр эзлэх гээд тарлачихаад байна. Хэрэв төхөөрөмж өргөн байвал хүүхдүүд цаашаа очихдоо тарлахгүй, морио хөөргөхгүй шүү дээ.
-Өөрийг тань унаач байх үед хүүхэд мориноос ойчдог байсан уу, эсвэл унасан ч тоодоггүй байсан юм уу? Яагаад тэр үед сүртэй яригддаггүй байсан юм бол?
-Энэ чинь спорт шүү дээ. Тэр утгаараа ямар нэг байдлаар эрсдэл гарна. Дээр үед хүүхдүүд хурдны морийг зайдан голдуу унадаг байсан болохоор мориноос ойчсон ч бэртэл гэмтэл авах нь харьцангуй бага байсан байх. Мөн тэр үеийн хүүхдүүд ахуйгаасаа болоод одоог бодвол дадал сайтай байсан. Өглөө босохоос авахуулаад үдэш унтах хүртлээ морь унаж байгаа хүүхдүүд чадварлаг байх нь мэдээж. Тэгэхээр мориноос унах эрсдэл бага гардаг байж. Одоо бол байнгын дадалгүй, уяаны хэд хоногт морь унадаг хүүхдээр унуулдаг. Үүнээс болоод унах эрсдэл ихсэж, хэл ам дагуулаад байдаг байх.
-Улсын наадамд хурдан морь унаж эхлээд морио айрагдуулсан анхны тохиолдол мэдээж дурсамжтай байдаг байх. Тэр талаар уншигчидтай хуваалцвал?
-Соёолондоо улсын наадамд айрагдсан долоон настай морийг өвөл аав авч байлаа. Тэгээд зун нь би түүнийг унаж аман хүзүүдэж байсан. Халзан морь бол ясны хурдан хүлэг байсан юм. Гараанаас 20-иор гараад “Айдасын даваа” өгсөхөд тархинд ирж, Рэндамбын саарлыг гүйцэлгүй аман хүзүүдэж байлаа. Морио цоллуулахдаа машинаар явж, замдаа Туул голд нүүрээ угааж байснаа бүдэг бадаг санадаг юм. Тухайн үед уралдаанч хүүхдийн шагналаа Ж.Батмөнх даргаас авч байлаа. Нэг хайрцагтай юм л өгсөн, дотор нь харин юу байсныг одоо санадаггүй юм.
ТЭР ҮЕИЙН ХҮҮХДҮҮД АХУЙГААСАА БОЛООД ОДООГ БОДВОЛ ДАДАЛ САЙТАЙ БАЙСАН
-Наадамд хэдэн насны морьд унаж байв?
-Ер нь л, бараг бүх насны морь унадаг байсан. Улсад айрагдсаны дараа жил “Монголын Нууц Товчоо”-ны 750 жилийн ойн том наадамд зургаан насны морь унаж уралдаж байлаа. Тэр наадам тухайн үедээ хамгийн том наадам боллоо гэлцэж байсан. Ер нь намайг уралддаг байхад морьд их олноор морддог байсан. 700-800 хүрч л морддог байсан санагдана. Сүүлийн жилүүдэд морьдын тоо цөөрсөн хэдий ч чанаржсан. Харин тэр үед наадам цөөн байсан болохоор уяснаа улсын наадамд л мордуулдаг байж. Одоо бол аймаг, сум, бүсийн гээд олон наадам болж байна. Уяачид морьдоо харж байгаад магадлал өндөртэй гэсэн морьдоо л уралдуулж байна. Манайх гэхэд л, уягдсан олон мориноос улсын наадамд 2-3 морь тавьж байна. Заримыг нь бүр тэр жилдээ уралдуулалгүй өнжөөх нь ч бий.
-Хурдан морь унаач Батбилэг хүүгийн сэтгэлд хамгийн дурсгалтай үлдсэн наадам хэзээнийх вэ?
-Дүүтэйгээ хамт морь унаж уралдсан 1994 оны улсын наадам. Тухайн үед дүүгийн унаж уралдуулсан саарал азарга айрагдаж байлаа. Дүүгээ эргүүлж өгчихөөд, өөрөө арван хэдээр орж ирж байсан. Дүүдээ тусалж зөвлөж байсан гэдэг утгаараа ч юмуу, яагаад ч юм сайхан санагддаг. Бас 1995 онд манай дүү ахын хүрэн морийг, би талийгаач Пунцагбалжир агсны “Шувуу хүрэн”- ийг унаад улсад долоо, наймаар давхиж байлаа. Тэгэхэд би хүрэн морио айрагдчих болов уу гэж бодож байсан болохоор тухайн уралдааныг тод санадаг юм.
-Хэд хүртлээ хурдан морь унасан бэ?
-1988-1996 оны хооронд найман жил хурдан морь унасан.
-Уяачийн гараагаа хэдийд эхлэв?
-Бараг л унаач хүүхэд байхаасаа л морь уяж эхэлсэн дээ. Заримдаа өөрөө уяад дүүгээрээ унуулна. 1995 оны наадмын дараа талийгаач Гарамжав гуай, Батчулуун ах, Бандгаа ах нартай хамт Өвөрхангайн Есөнзүйл суманд болсон даншигт явцгаасан юм. Аав Батчулуун ахыг дагуулаад намайг хоёр морьтой явуулчихсан. Тэгж явахад Гарамжав гуай намайг “энэ Билгээ гайгүй сайн уяач болно доо” гэсэн юм билээ.
-Томоохон наадмын анхны айргаа хэдэн онд хүртэж байв?
-2004 онд “Алтан-Овоо”-ны тахилга наадамд Магнай халзан гээд Оросоос орж ирсэн үрээгээ хол түрүүлгэж байлаа. Мөн тэр жилээ аав уяж улсад түрүүлгэсэн Энхбаярын хамар цагаан зээрд хязааланг би давхар уяанд нь уяж Алтан-Овоонд түрүүлгэсэн. Тэр зээрд үрээг би хавар нь уяж Налайхад болсон 500.000 төгрөгний бооцоот уралдаанд аман хүзүүдүүлж байлаа. Түүнээс өмнө 2001 оны “Их хурд-2”-т миний буурал морь хүүхэдгүй гурвалсан. “Аварга хээр” улсад түрүүлээд дараа нь “Их хурд”-д мөн түрүүлсэн. Хавар нь хээр морь тойруулгад болсон уралдаанд түрүүлээд “УАЗ-469” машинаар шагнуулахад аав байг нь надад өгч байлаа. Тухайн үед би мотоцикль л унадаг, машин барьж чаддаггүй байсан болохоор 69-өөр чинь морь авчих уу гэхээр нь “тэг тэг” гэсэн. Тэгээд Дарьгангын угшилтай буурал морийг авч байлаа. Буурал морь суманд ганц нэг айрагдаж байсан хэдий ч тэр жилээ улсад уралдуулалгүй дан уяагаар “Их хурд”-д айрагдуулсан юм.
-Гадаадад морины чиглэлээр ажиллаж байсан гэсэн. Хаана байсан бэ?
-Би 2001 онд Японд цэвэр цусны адуун дээр дадлага хийж байгаад ирсэн. Өөрөөр хэлбэл, эрлийз адуутай нэлээн хөөрхөн харьцаад сурчихсан гэсэн үг. Тийшээ гурван сарын хугацаатай явсан. Тухайн үед Гарамжав гуай, талийгаач Ганболд ах нар намайг явуулж байсан юм. Тэр жил нэгдүгээр сарын 9-нд дөрвүүлээ явж байлаа. Тэнд долоо хоногт нэг өдөр амардаг байсан юм. Харин би юугаа ч хийж амрахав. Долоо хоногт долууланд нь морь унана, жүчээний хоёр өрөөгөө цэвэрлэнэ. Ингээд гурван сарын визний хугацаа дуусаад буцах болоход багш авч үлдэнэ гээд сандаргасан. Түүний дараа 2003 онд би Америк руу явсан. Мөн гурван сарын хугацаатай яваад ирсэн. Тэр жил “Хүй долоон худаг”-ийн анхны наадам байсан ч би Америкт байсан болохоороо үзэж чадаагүй.
Ганцаараа хүний нутагт, “Монголд наадам болоод сайхан байгаа даа” гэж бодохоор сэтгэл тогтохгүй. Бараг л ухаан орохын наадмын амтыг мэдэрсэн хүн чинь үнэхээр хэцүү юм билээ. Яг наадмын өдөр утсаар ярьж байж арай гэж тайвширсан. Түүнээс хойш ахин гадагшаа яваагүй.
-Өөрийн тань уясан морьдоос 2014 онд бараг л зургаан насны морь айрагдах дөхсөн? Өөрийн тань аав, алдарт уяач Онон гуай зургаан насны морьд айрагдуулж байв уу?
-Тэр жил Хул азаргаа зургаалуулж, Их насанд Пүрэвбаатар ахын Бор морийг гуравлуулж, Сартай зээрд соёолон аман хүзүүдүүлээд Хакуход өгсөн. Харин хязааланд Янзага, Хээр үрээгээ тус тус гурав, таваар оруулж, шүдлэнд Пүрэвбаатарын загал үрээг аман хүзүүлгээд, “Макс”-ын хар бор даагыг гурваар оруулж одтой сайхан наадсан. Бас тэр жил Дорнодын зүүн бүсэд очоод зургаан наснаас таван айраг авч байлаа. Аавын хувьд, зургаан насны айраг авч байсан тохиолдол байхгүй. Харин 4-5 бол байгаа. Харин Даваахүү гуай өмнө нь 1982 онд зургаан насны айраг авч байсан юм билээ.
-Танай угшилтай адуунууд хаагуур хурдалж байна вэ?
-Бид адуугаараа л амьдарч байгаа улс. Үүнээс өөр бизнес байхгүй. Жилдээ хэдэн зуун адуу гаргаж, зарж борлуулж байна. Мөн жилд давхардаагүй тоогоор улс, бүсийн наадамд манай тамгатай 15-17 адуу айрагддаг нь үнэхээр бахдал төрүүлдэг. Сүүлийн жилүүдэд ойролцоогоор 200 орчим унага авч байна. Гэхдээ чоно ихтэй болохоор хэцүү л дээ. Манай тамгатай хүлгүүд Баян-Өлгийгөөс бусад аймагт бараг очсон байх шүү. Бас Баянхонгор руу гаргаж байснаа санахгүй байна. Ер нь гайгүй сайн адуу гарчихвал сургаар нь хүмүүс хүрээд л ирдэг юм. Одоогоор хамгийн их нь Хөвсгөл рүү гарсан байгаа. Ер нь гарсан адуунууд маань сайн давхиж л байвал хөдөлмөрийн маань үр шим юм даа гэж баярладаг.
-Уяач хүний хамгийн жаргалтай мөч гэвэл?
-Мэдээж, Наадмын дараа. Өөрөөр хэлбэл, 12-ны орой морь, хүүхэд эсэн мэнд, айраг түрүүтэй наадчихаад сэтгэл өег хэвтэж байх ч сайхан шүү. Гэр бүлийнхээ талаар танилцуулбал? Эхнэр бид хоёр нэг сумынх. Эхнэр маань хөдөө төрж өссөн болохоор миний ажлыг сайн ойлгож дэмждэг. Найр наадмын үед хоол ундаа зэхэж, арын албыг хариуцдаг хүн дээ. Манайх хоёр хүүтэй. Миний хувьд, төрөлхийн хөдөө амьтай хүн гэж болно. Дунд сургуулийн зургадугаар ангиас гарчихсан хэдий ч сүртэй муудсан зүйлгүй л амьдарч явна. Гэхдээ хүүхэд залуусыг сургуульд сурах хэрэггүй гэсэн утгаар хэлээгүй юм шүү /инээв/.
-Залуу уяачдад зориулан зөвлөгөө өгч байна уу?
-Өнгөрсөн жил Хөвсгөлийн 4-5 сум, Булган руу яваад ирсэн. Сүүлд хэдэн үрээ Хөвсгөлд аваачиж өгөөд буцахдаа Булганд болсон уяачдын зөвлөгөөнд оролцсон. Тэд хар гэдэсний талаар их асуух юм билээ. Хар гэдэс суучихаар уушгиндаа нөлөөлчихдөг гэмтэй. Тэгэхээр уушгийг нь эмчлэх хэрэгтэй гээд өөрийн мэддэгээ хуваалцсан. Үнэндээ хүн морийг төгс мэднэ гэж юу байхав. Үзэж харснаа, сонсож дуулсантайгаа нийлүүлээд барагцаагаар л ярьж байгаа юм.
Хурдан адуутай болчихвол морь уях тийм ч хэцүү биш. Тэгэхээр хамгийн эхлээд адуугаа сайжруулах зорилго тавих хэрэгтэй. Адуугаа сайжруулахад гүү хамгийн чухал үүрэгтэй байдаг. Учир нь, адуу эхийгээ татаж төрдөг.
Аав 1993 онд Баянцогт руу отроор явж ирчихээд хавар нь тухайн үеийн морин тойруулгын дарга байсан Даваадорж гуайтай ярьж байгаад 33 адуугаар тойруулга угшилтай 11 адуу сольж авсан. Одоо манайд давхиж байгаа бүх адуунууд тэгэхэд ирсэн гүүний төлүүд. 11-ийн 9 нь гүү байсан. Хамгийн сайн төл өгсөн нь Солонго цавьдар халзангийн төл зээрд гүү. Түүнээс хурдан хул азарга маань гарсан. Хул азарганы төл нь Сугарын хул. Тэр зээрд гүүнээс манай Янзага, Энхбаярын хамар цагаан зээрд, Сугарын зээрд гээд улсад айрагдсан гурван адуу төрсөн. Тэд бол 1994 онд айрагдсан саарал азарганд тавиад гарсан төлүүд нь. Азарга тавихдаа ч гэсэн эхийг нь ямар гүү байсан билээ гэж бодох хэрэгтэй. Яагаад гэхээр гарсан төлүүд нь эмээгээ татаж төрдөг. Өөрөө сайхан азарга байсан ч эх нь тааруу бол төлүүд нь тийм гарах жишээтэй.
-Адуугаа чанаржуулах, хурдлах чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор цусанд нь буцааж оруулах аргыг түлхүү ашиглах болжээ. Танайх хэд дэх үе дээр нь буцааж нийлүүлдэг вэ?
-Янз янз л байна. Хоёр гурван үе холдуулаад эргүүлээд нийлүүлчихэж ч байна. Тэглээ гээд муудчихсан юм алга. Гэхдээ хэт ойртуулбал туниа муутай, хэврэг адуу гарна. Дөрөв, тавдугаар үе дээр нь цусанд нь буцаагаад оруулахад сайн чанаруудаа хадгалж төрөөд байх шиг ажиглагддаг. Мэдээж төрсөн болгон нь хурдална гэсэн үг биш шүү. Хүмүүс тэгж ташаа ойлгоод байх шиг санагддаг юм. Зарим хүмүүс манай адууг тэр чигээрээ эрлийз гэж боддог юм шиг. Тэгээд адуун дээр ирж үзчихээд “тэгтлээ эрлийз юм алга” гэдэг. Шударгаар хэлэхэд, манай адууг хурдан болохоор эрлийз гэж харддаг юм болов уу..
-Одоо хэддүгээр үеийн эрлийз адуунууд гараад байгаа вэ?
-Одоо манайд 25, 50 хувийн цустай азарганууд байна. Эрлийз адуунаас уралдаж байгаа нь ганцхан Үзмэн бор. 50 хувийн цустай адуу шүү дээ. Дааганаасаа эхлээд улсын наадамд айрагдаж байгаа.
-Одоогоор эрлийз адууг ялгаж байгаа тал дээр нэлээн маргаантай байх шиг. Энэ талаар өөрийн тань бодол?
-Цаг хугацааны л асуудал даа. Сэрвээний өндрөөр ялгая гэхээр жижигхэн биетэй эрлийзүүд орчих гээд ялгахад бэрх л байдаг бололтой. Уг нь 50 хувийн цустай буюу нэгдүгээр үеийн эрлийзүүдээ уралдуулахаа больчихвол заавал ялгах албагүй гэж боддог. Шударгаар ялгахгүй бол зарим уяачид гомдолтой үлдэж байна. Ер нь морь уралдуулна гэдэг бол бүтэн жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж байж амжилт гаргадаг зүйл. Мөн уяачид янз бүрийн байдлаар нийгэмд хөрөнгө оруулалт их хийж байгаа.
-Сүүлийн жилүүдэд дараалан чансаа өндөр уяачаар шалгарч байгаа. Ямархуу том амжилтуудыг гарган шалгарч байв?
-ММСУХ-ны чансаа өндөр уяачдыг тэргүүлж, могой жилийн шилдэг уяачаар шалгарсан. Түүний дараа “Дүнжингаравын хурд-2016” уралдаанаас нэг түрүү, дөрвөн айраг авч Дүнжингаравын шилдэг уяач болсон. Мөн Монгол Улсын 2016 оны хамгийн өндөр чансаатай есөн уяачийн жагсаалтад Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд- VII” уралдаанаас нэг түрүү хоёр айраг, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмаас нэг түрүү, дөрвөн айраг, Засгийн Газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас гурван түрүү, 10 айраг хүртсэн амжилтаар нэгдүгээрт эрэмблэгдсэн.
-Хурдан морь сонирхож буй залуу уяачдад хандан юу зөвлөх вэ?
-Залуустаа хандан хэлэхэд, адууг зөв л эдэлж, зөв засах хэрэгтэй. Уяандаа зөв сургачихсан адуу хурдан байдаг. Өвөл зөв сайхан эдэлчихсэн адуу, зуны уяандаа зөв шургачих юм бол эрчээ алдахгүй. Харин буруудчихвал засахад хэцүү. Зөв эхэлнэ гэдэг нь тухайн адуунд ямар засал хэрэгтэйг мэдрэхийг хэлж байгаа юм. Мэдээж энэ бол уяачаасаа шалтгаална. Гэхдээ хамгийн гол нь гэдэс л дээ. Адуу чинь хий, цараа суучихна. Тэрийг нь эхлээд засна. Хар гэдсийг нь авна. Хэрвээ нарийсчихвал яаж ч гэдсээр нь оролдоод нэмэргүй болдог гэмтэй. Тэгэхээр гэдэс, бие нь тавиу байхад засах хэрэгтэй байдаг юм.
Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн явдалд их баярлалаа. Ажнай хүлгүүд нь улам хурдлах болтугай.
“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №09/509 дүгээр дугаараас онцлов
Ярилцсан Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )