Чингис хааны өчил
Зуун зууны зүүдийг минь үргээж
Захиж үлдээсэн гэрээсийг минь мартаж
Эрхэмлэж явсан заншлыг минь огоорч
Журамлаж зассан хуулийг минь зөрчиж
Онголж нууцалсан шарилыг минь
Олох гэж битгий эр
Олз омог алдар горилж
Оролдох гэж бүү хүс
Би та нарт
Хөлд анх орсон Дэлүүн Болдогоо үлдээсэн
Халуун амийг минь аварсан
Бурхан Халдунаа үлдээсэн
Алгандаа утгаж амссан
Хэрлэн мөрнөө үлдээсэн
Азай буурлуудаа онгодсон их Хоригоо үлдээсэн
Амар тайвны билэгдэл цагаан сүлдээ үлдээсэн
Ахуй төрийнхөө баталгаа алтан тамгаа үлдээсэн
Аян дайны хийморь хар тугаа үлдээсэн
Арсалдах дайснаа дарсан илд нумаа үлдээсэн
Эр зоригийг минь шалгасан найман шаргаа үлдээсэн
Эрхэм ёсонд сургасан хоёр загалаа үлдээсэн
Сүслэн залбирах төрийнхөө хаан ширээг үлдээсэн
Есөн өрлөг сайдынхаа эрх дархыг үлдээсэн
Эцэг дээдсээс улбаалсан цусан өсөө үлдээсэн
Энх төрийн түшээ дуун эвээ үлдээсэн
Аугаа төрийн чуулган их Хуралдайгаа үлдээсэн
Ахан дүүсийг нэгтгэдэг дайснаа ч бас үлдээсэн
Алдаа онооны дэнсэн дээр Жамуха андаа үлдээсэн
Алун-гоо эхийн ухаарал таван сумаа үлдээсэн
Би өөртөө юу ч үлдээгээгүй
Үхэл сөрөн олсон эрх чөлөөгөө үлдээсэн
Өвдөг сөхрөн дээдэлсэн “Их засаг”-аа үлдээсэн
Би та нарт бүхнийг үлдээсэн
Би өөртөө юу ч үлдээгээгүй
Хөх мөнх тэнгэрт амиа л ганц өргөсөн
Хөх Монгол удамдаа аминаасаа бусдыг үлдээсэн
Дэлхий дахиныг цочоосон алдраа та нарт үлдээсэн
Дээдлэн шүтэж ирсэн төрөө та нарт үлдээсэн
Зүдэрч бутарч нэгтгэсэн улсаа та нарт үлдээсэн,
Дөрвөн тотгонд бадмалсан гал голомтоо үлдээсэн
Он оныг элзэж
Онголж нууцалсан шарилыг минь бүү эр, бүү хөнд
Би та нарт бүгдийг үлдээсэн!
Цаг цагийг өртөөлсөн
Цадиг түүхэндээ бүү эргэлз, бүгд үнэн
Би МОНГОЛ нутагтаа байгаа!
Эх орон, наран дуртмал нутгаасаа
Элэг буруулж чи урваагүй л юм бол
Өөрөө өөрөөсөө намайг эрж хайхын хэрэггүй
Өрлөг түүхийнхээ өмнө нүгэл үйлдэхийн учиргүй!
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )