Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нартай уулзалт хийлээ

2018 оны 04 сарын 09

Нийслэлийн удирдлагууд дүүргүүдийн хороодын Засаг дарга нартай уулзалт хийж байгаа. /2018.04.06/ Сонгинохайрхан дүүрэгтэй уулзалт хийснээр төвийн 6 дүүргийн хороодын дарга нартай хийх уулзалт дуусч байна. Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой нутаг дэвсгэрийн хувьд нийслэлийн томоохон дүүрэг юм. Тус дүүргийн хороодын Засаг дарга нартай хийх уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд харьяа агентлагийн хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хорооны Засаг дарга бол тухайн нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн юм. Тиймээс бид амь нэгтэй байх учиртай. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг. Тиймээс бид амь нэгтэй байж нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хорооны Засаг дарга иргэдтэйгээ ойр байж ажиллах ёстой. Иргэдтэйгээ уулзаж тэдний асуудлыг сонсож, ярилцаж төрийн үйлчилгээг хүргэдэг хүн байх хэрэгтэй. Төрийн үйлчилгээ иргэдэд хүрэхгүй байгаа учир нь хүн амын нягтаршил ихтэй байна. Нэг иргэнд ногдох төрийн үйлчилгээний зардал бага байгаа. Нийслэлийн нэг хороо дунджаар 7 мянган хүн амтай. Тэгэхээр 10 мянгаас дээш хүн амтай хороодыг хуваах бодлого баримталж байна. Ингэснээр нэг иргэнд ногдох төрийн үйлчилгээ зохистой хүрэх эерэг талтай” гэж хэллээ.

Нийслэлээс зохион байгуулж байгаа ажил, хуулийн хэрэгжилтийг хороодоор дамжуулж иргэдэд хүргэх үүднээс Засаг даргын захирамжаар нийслэлийн 152 хороодод нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, хэлтэс нэгжийн дарга нарыг томилж ажил үүргийг холбосон юм.

Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдол бууруулах УИХ болон Засгийн газрын тогтоол гарсан. Ирэх 2019 оны 9 дүгээр  сарын 15 гэхэд Улаанбаатар хотод сайжруулсан түлшний 600 мянган тонн нөөц бий болгох шаардлагатай. Тэгэхээр хороодоор дамжин иргэдэд сайжруулсан түлш тараана. Хорооны Засаг дарга нар хяналтаа сайн тавьж агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх шаардлагатай юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top