Хууль бус газар олголтыг цэгцлэх ажил үргэлжилж байна

2018 оны 04 сарын 09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын авч хэрэгжүүлсэн нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна.

Харин өнөөдөр хотын дарга “Голомт банк” ХХК, “Болд энэрэл өргөө” ХХК, “Жи жи эй” ХХК -иудын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болголоо.

“Голомт банк” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны “Нархан” хотхоны хойд талд байрлах 504 м² газрыг 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Жэй кэй си” ХХК-с шилжүүлэн авсан боловч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өгөөж Чихэр боов” ХК-ийн замын урд талын талбай болох ногоон байгууламж дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410 дугаар захирамжаар 1522м2 газрыг “Жи жи эй” ХХК-д үйлчилгээний зориулалтаар олгосон байсан бөгөөд эзэмшигч нь энэ газар дээрээ мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жилийн хугацаанд ашиглаагүйг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо.

Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэх зурвасын хамгаалалтын хашааны зүүн урд талд байршуулан иргэн Э-д 4.0 га газрыг эзэмшүүлэхдээ бусдын эзэмшилд байгаа газруудтай давхцуулан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр эрх олгосон, улмаар уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Болд энэрэл өргөө” ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31.3-т заасныг болон бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар захирамжийн хавсралтын “Болд энэрэл өргөө” ХХК-д холбогдох “2” дахь хэсгийг тус тус хүчингүй болгож хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Газрын албанд даалгалаа.

Цаашид Хотын дарга 2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын ашиглалт, хуваарилалттай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс хууль бус газар олголттой тэмцэх үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлэхээ илэрхийлээд, энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн иргэдийг хамтран ажиллахыг уриаллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.142.3) 2018 оны 04 сарын 09

ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН БАЙШИНГИЙН ДУНДУУР бАРЬСАН ЭЛДЭВ МАШИН УГААЛГЫН ГАЗАР, 90ээд ОНД ДУР МЭДЭН БАРЬСАН ҮЗЭМЖ МУУХАЙ ГАРАЖ МЭТИЙГ ХЭЗЭЭ БУУЛГАХ ВЭ. ЭНЭ ЗҮЙЛҮҮД ХОТЫГ ИХ ГУТААЖ БАЙНА БАС АРИУН ЦЭВЭР ЭРҮҮЛ МЭНДЭД МУУ БАЙНА

0  |  0
Top