Иргэдэд СӨХ-оор дамжуулан орчны газраа ашиглах эрхийг олгоно

2018 оны 04 сарын 12

Нийслэлийн Засаг дарга энэ оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.

Энэ аяны хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэр газрын ашиглалтыг сайжруулж, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Ингэснээр орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, газрын зөрчлийг арилгах арга хэмжээ авах, харьяалах Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэн, гэрээ байгуулж орчны газарт тохижилт хийх нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.

Орон сууцны орчны газрыг СӨХ-дод ашиглуулах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд, оршин суугчдаас орчны газрын ашиглалтыг сайжруулах талаарх санал хүсэлтээ холбоогоороо дамжуулан нийслэлийн Газрын албанд илэрхийлэх боломжтой.

Иймд орон сууцны оршин суугч иргэд уг ажилд идэвх санаачлагатай оролцож, саналаа тусгах, Сууц өмчлөгчдийн холбоод өөрийн харьяалалд байгаа орон сууцны байруудын орчны газрыг ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлтийг нийслэлийн Газрын алба, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд өгнө.

Хүсэлтдээ аянтай холбоотой хийгдэх үйл ажиллагааны талаарх оршин суугч иргэдийн саналыг тусгах, мөн СӨХ-ны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр үйлдүүлсэн орон сууцны орчны газрын кадастрын зураг, хорооны Засаг даргын санал зэрэг бичиг баримтыг хавсарган 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөрт багтаан ирүүлж, газрын асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой болж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top