Үерхэж хайрласнаас үнсэж хайрлаагүй Эгчмэдхэн минь!

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 22

Д.Пүрэвдоржийн 7 хоногийн хаалт болгож "Эгчмэдхэн" шүлгийг эрчүүд та нартаа зориулж байна. Харц бүхнээс нуугдаж уншаарай, Ханьдаа мэдэгдвэл аргадаж уншаарай. Утгын ярууг, үгийн тансгийг бэлэглэгч, Ардын уран зохиолч, төрийн соёрхолт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан манай сайтнаа ийнхүү өөрийн шилмэл бүтээлээр бүтэн долоо хоног зочиллоо. Дараагийн долоо хоногт билэг танхай, даанч тэнгэрлэг яруу найрагч Очирбатын Дашбалбарын уран бүтээлээс та бүхэндээ дээжлэн хүргэх болно. Зиндаагийн уран бүтээлийн их цэнгүүн үргэлжилсээр ... 

 

 

 

Эгчмэдхэн 

Үерхэж чадсанаас

Үнсэж чадаагүй

Эгчмэдхэн минь!

Насны зөрөө ойрхон ч

Надаас арай түрүүхэн

Нартын тоос хүртсэн

Эгчмэдхэн минь!

Амьдралын бал амсаж

Аальгүй загнан хүүхэмсэж

Амь тэмцсэн зүрхэнд

Ад дуудан хувилж билээ чи.

Хацар чинь туяаран

Харц чинь туниаран

Хажууд чинь байхад

Хайрын тамд жаргадаг сан.

Ахиж суухаар

Аяархан түлхэж

"Эр болоогүй байж

Эгчийгээ тэгдэггүй юм..."

Ховилтсон энгэрээсээ

Хоёр гар зайлуулж

"Аз чинь харьчихна

Ажаагаа тэгдэггүй юм..."

Хацарт чинь ойртохоор

Халуун амьсгаа буруулж

"Хүн шоолно

Хүүхэд тэгдэггүй юм..."

Цэцэгт талд хөөцөлдөн

Цэнхэр дурдан алчуур булаацалдан

"Тэгдэггүй юм, тэгдэггүй юм..."

Цагаан шөнийн зүлгэнд

Цахилдган туухай гэзгэндээ зангидуулж

Наадмын тоостой эмээлд

Нарийн харгуйд дөрөө харшин

"Тэгдэггүй юм, тэгдэггүй юм..."

...Тэгдэггүй юм

Тэгдэггүй юм... гэсээр

Тэр бид хоёр холдсон билээ.

Хүүхэд гэж бодоогүй ч

Хүүхэн бие өрсөж гандахад

Хүний үр насны хярд

Хүйтэнд ганцаардана хэмээн

Ууланд унах цасыг

Урд зуны үүлэнд харж

Ухаанаар сэтгэлээ барьсан

Учрыг би тэгэхэд мэдээгүй.

Тэгдэг юм гэж

Тэр цагт хэлсэн бол

Тэртээ хойно бид хоёр

Тэрэндээ харуусах ч байсан билүү.

Амьдралын босго

Арай түрүүлж алхсандаа

Ариухан хэвээрээ үлдсэн

Амрагийн "Тэгээгүй" тэнгэр

Үерхэж хайрласнаас

Үнсэж хайрлаагүй

Эгчмэдхэн минь!

 

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top