Үндэсний шинэ намын таван жилийн ой даруухан болж өнгөрч байна. Намын дарга О.Цолмон, “хүндэт дарга” М.Энхсайхан нар нь цөөн хэдэн хэвлэлд намынхаа үйл амьдарлын талаар ярилцлага мэтийг өгсөн шигээ ойгоо тэмдэглэв. Засгийн эрх барьж буй хоёр том намаас энэ нам нь хатуу гишүүнчлэлгүй, үндэсний үзлийг дээдэлсэн гэдгээрээ онцлогтой. Нам дагаж хоолондоо хүрэх гэсэн залуучуудаас зайгаа барьж явдаг нам ч гэж хэлж бас болох. Өөрөөр хэлбэл өнгөцхөн зүйлээр хөөцөлдөхгүй, намаа эрээвэх хураавар жулдрайнуудаар дүүргэхгүй гэсэн санаатай ажээ. Ерөнхий сайд асан М.Энхсайханы сүүлийн хэдэн жил хийсэн нэг гол ажил иймэрхүү зүйлд л чиглэж байжээ. Тэрээр “Улс төрийн тойм” сонинд өгсөн ярилцлагадаа ч энэ тухайгаа дурьдав. Гэхдээ түүнээс нэг л эвгүй, битүүлэг өнгө аяс урьдын адил цухалзаад байх юм. Мань хүнд сонгуулийн ямар тогтолцоотой байх хамаагүй бололтой. Хэдэн жил сараар дуншиж байгаа сонгуулийн тухай хуульд төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Харин сонгуулийг намууд биш, төрийн албан хаагчид зохион байгуулахыг чухалчилжээ. Намууд сонгуулийн хороодыг зохион байгуулдаг хэвээрээ явбал 2008 он 7 сарын 1-ний үймээн самуун давтагдсаар байх болно гэдгийг тэр сануулж байна. Магадгүй юм. Тэр үнэн хэл байж болох л байх. Учир нь сайн ч, муу ч төр, засгийн зовлон дундуур биеэрээ туулаад ирсэн юм чинь. Гэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын байгуулсан МАХН-тай намаа нэгтгэхийг яарахгүй, цаг хугацааг хүлээж байгаа гэнэ. Ингэхдээ Н.Энхбаяр болон өөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Уянга нарын зохион байгуулаад байгаа “Ард түмний их хуралдай”-н сценарийг хийгээд сууж байгаа ажээ. Энэ нь тэдний 15 олигархийг тодруулсан байдлаас тод харагдаж байна. Тэдгээр 15 хүний тоонд Э.Бат-Үүл орсон нь ч санаандгүй зүйл биш. М.Энхсайхан, Э.Бат-Үүл хоёр бол эртний андууд, бас сүүлийн жилүүдэд бие биедээ том дайсан бололцсон хүмүүс гэдгийг учир мэдэх эх сурвалжууд өгүүлж байгаа. Түүнээс гадна М.Энхсайхан нь Э.Бат-Үүл тэргүүтнийг харийнханы гар хөл болсон этгээдүүд гэдгийг шуудхан хэлдэг ажээ. Тиймээс тэр 15 олигархийг нийт ард түмнээрээ чөлөөтэй хэлэлцүүлэхийг санал болгож байна.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )