"Сант марал" сангийнхан Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлын талаарх олон нийтийн санаа бодлын тавдугаар сарын судалгааг өөрийн вэб сайтдаа байршуулжээ. Энэ удаагийн судалгаанд Улаанбаатар хот, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд, Сэлэнгэ аймгийн 1000 хүнийг хамруулсан байна. Судалгааг дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 2-ны хооронд явуулжээ. "Сант марал" сан жил бүрийн тав, аравдугаар сард улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар судалгаа хийж олон нийтэд хүргэдэг юм. Хэдийгээр Монголд судалгааны олон төв байдаг ч аль нэг улс төрийн нам, сонирхлын бүлгээс хараат, тэдний хүсэл сонирхолд нийцүүлэх байдлаар ажиллах нь элбэг. "Сант марал" сангийн судалгаа нэлээд нуруутай, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид байж чаддаг гэсэн үнэлгээг олон нийт өгдөг. Энэ удаагийн судалгааны дүн нэлээд сонирхолтой гарчээ. Хэрэв маргааш УИХ-ын сонгууль болвол та аль намын төлөө саналаа өгөх вэ гэсэн асуултад судалгаанд оролцсон хөдөөгийнхний 21.2 хувь нь МАН, 23.7 хувь АН-д саналаа өгнө гаж хариулжээ. Улаанбаатар хотынхны 13.8 хувь нь МАН-ыг, 14 хувь нь АН-ыг сонгожээ. Ийнхүү хамтарч засаглаж байгаа улс төрийн хоёр намын рейтинг хот, хөдөөд зуузай холбож явна.
Монголын "Топ-10 улс төрч"-ийн жагсаалтад ч өмнөх жилийнхээс нэлээд өөрчлөлт орсон ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жагсаалтыг дахин тэргүүлсэн байна. Судалгааны дүнгээс харахад төрийн тэргүүний рейтинг хот, хөдөөд өссөн дүнтэй байна. Харин жагсаалтын хоёрдугаарт экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр орсон нь анхаарал татаж байгаа юм. Бас нэг сонирхолтой үзүүлэлт бол УИХ-ын гишүүн С.Баярын рейтинг наймдугаар байр руу ухарсан явдал юм. Нэг жилийн өмнө тэрээр топ 10-ын жагсаалтад хөдөөд хоёрт, харин хотод гуравдугаарт бичигдэж байсан юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд рейтинг нь огцом өссөн улс төрчөөр УИХ-ын гишүүн, ИЗ-НН-ын дарга Д.Энхбат тодорчээ. Тэрээр "Топ-10 улс төрч"-ийн жагсаалтад Улаанбаатар хотод айрагдсан байх юм. Түүнчлэн хамтран зүтгэгч УИХ-ын гишүүн С.Оюуны рейтинг хот, хөдөөд тогтвортой байгааг судалгааны дүн харууллаа.
"Топ-10"-ын жагсаалтанд МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, УИХ-ын гишүүн З.Энхболд, Ч.Улаан нар шинээр орж ирсэн нь массын дунд тэднии рейтинг өндөр байгааг харуулж буй юм. Мөн титэм үг тэрлэн улс төрөөс хөндий байдаг Н.Багабандийг судалгаанд оролцогсод шилдэг улс төрчөөр нэрлэжээ. Эцэст нь "Таны амьжиргаа өмнөх жилийнхээс дээрдсэн үү" гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 59 хувь буюу олонх нь "хэвээрээ" гэж хариулж, "F" үнэлгээ өгчээ.
Эх сурвалж: Тэргүүн сонин
Сэтгэгдэл ( 0 )