О.Чулуунбат Засгийн газрын 100 тэрбумын бондын булхайг илчлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

Олон овоотын ашигт малтмалын лиценз банкнаас банкинд дамжин явсаар нэлээд шуугиан дэгдээж эхлэв. Засгийн газраас саяхан 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Гэтэл энэ нь хувийн компанид санхүүгийн дэмжлэг үзүүлэх төдий зүйл болж хувирч байгаа ажээ. Олон овоотын лиценз нь анх “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын мэдэлд байсан юм байна. Гэвч сүүлдээ Таван толгойн IPO хийхээр шалгарсан гэх Английн “Голдман санкс” банкинд барьцаа болоод орчихжээ. Мэдээж их хэмжээний мөнгөн зээл авах гэснээс улбаатай. Тэгтэл дараа нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас уг лицензийг цуцалж, “Жаст” компанид өгчээ. Яг л бөмбөг өшиглөж байгаа юм шиг. Уг нь ихээхэн үнэд хүрч буй лиценз бололтой. Засгийн газрын 100 тэрбумын бондоос хамаагүй их, бүр 140 тэрбумд хүрэх  аж. Тиймээс Засгийн газар тэрхүү бондоо гарган “Жаст”-д өгснөөр улам өндөр ашигтай ажиллах нөхцөл бүрдээд ирнэ гэж тооцсон юм байх.  Гэвч ингэж ажилладаг Засгийн газрыг шууд л луйварчин гэхэд болно гэнэ. УИХ-ын гишүүн О.Чулуунбат энэ талаар саяхан хатуу байр сууриа илэрхийллээ. Тэрээр Монголын шилдэг банкируудын нэг болохоор ийнхүү эмзэглэх нь зүйн хэрэг биз. Ц.Мянганбаярын хувьд “Зоос” банкнаас их хэмжээний зээл авч тус банкийг дампуурал тийш түлхэлцсэн гэх хүн ч бий. Тухайн үед Ц.Мянганбаярын барьцаа хөрөнгийг зарж борлуулаад “Зоос” цаашаа хэвийн ажиллаж болох  байсан болов уу. Гэвч тэгж чадаагүй. “Голдман сакс” харин барьцааны лицензээ цуцлуулаад зүгээр суухыг хүсээгүй. Мэдээж хэрэг, хэн ч хүсэхгүй. Юмыг нь булаагаад авч байгаатай ялгаа юу байхав. Тиймээс олон улсын арбитрын шүүхэд хандах гэж байлаа. Ийм эгзэгтэй мөчид Засгийн газар 0,01 хувийн хүүтэй 100 тэрбумын бонд гарган “Жаст”-ыг ч, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг ч хэл амнаас салгаж , бас “Голдман сакс”-ын гомдлыг “барагдлуулав”. Товчдоо нэг иймэрхүү юм болоод өнгөрч байна. Бонд гэгч нь тэгэхээр хувийн компанийг тэтгэх хэрэгсэл болж хувирчээ. Үүнийг О.Чулуунбат “Зарчим алдагдлаа” хэмээн шүүмжилж байна. Тийм ээ. Засгийн газрын “өвөр”-өөс гарсан ганцхан эрх танхил “хүү” хэмээх  “Жаст”-д зориулагдсан тийм бага хүүтэй бонд байж яаж болохов. Ерөөсөө жудаггүй луйвар гэж үүнийг хэлэхээс өөр яахав дээ.    

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top