Монголчууд архин далайд живж байгаа тухай хүн бүр л ярьж байгаа. Дөнгөж төрсөн хүүхдэд хүртэл өнөөдөр 50 гаруй литр архи оногддог гэнэ. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архийг хязгаарлах, архины хэрэглээг багасгах уриалга гарган, баяр ёслолын үеэр цагаан сүүгээ дээдлэн өргөж, сөгнөхийг зөвлөсөн. Гэвч дарга, цэрэггүй архиа уусаар байна. Хавар болгон ёс мэт болдог хонхны баяр гэгч лонхны баярууд архийг, архичдыг улам дэвэргэж байгаа. Сүүлдээ Монголд архи уух шалтаг мундахгүй их болсон. Албан байгууллагууд янз бүрийн ойн арга хэмжээг архигүйгээр тэмдэглэх гэж үгүй. Ийнхүү архичид нь өнөөдөр донтох өвчтөнгүүд болж хувирчээ. Тэднийг эмчилдэг нэг гол цэг нь Мааньт дахь албадан эмчилгээний газар юм. Энд донтогчид ирж хордлого тайлах эмчилгээ хийлгэнэ. Мөн алкогол, трихопол зэрэг эмийг ууна. Тэгээд хашаа, байр цэвэрлэх мэтийн аар саар ажил хийсэн болж цагийг өнгөрөөдөг ажээ. Сэтгэл заслын эмчилгээ нь энэ хүмүүст төдийлөн үр дүнгээ өгдөггүй бололтой. Мааньтаас гарч ирээд удалгүй өнөөх бор дарсаа улам шуналтайгаар ууцгааж эхэлнэ. Алкоголийн төрлийн эмүүд нь тэдэнд хүчтэй нөлөөлдөг болов уу. Ингэж архинд буцаад орчихдог хүмүүс нь тэнд эмчлүүлэгсдийнхээ 20 гаруй хувийг эзэлж байгаа ажээ. Үүнд нийгмийн бусад таагүй орчин нэлээд нөлөөлж байгаа бололтой. Ажил орлогогүй хүмүүс сэтгэлээр унаад ирмэгцээ архиар гол зогоож, түр ч атугай “тайвширлыг” олдог хэмээн мэргэжлийн зарим хүмүүс хэлж байна.
Сэтгүүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )