Очирбатын Дашбалбар
1955 онд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. 1984 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Түүний уран бүтээлийг үнэлж 1988 онд МЗЭ-ийн шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн. “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном хэвлүүлжээ. Түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг шүлгүүд нь олны дунд тархаж, талархал хүртсэн шилдэг бүтээлүүд юм. Монголын авьяаслаг, гал цогтой, үнэнч шударга үгтэй энэ найрагчийн долоо хоног эхэллээ. Наран ургах дорнын цэнхэр хязгаараас төрсөн эрхэм шүлэгчийн найргийн дээжээс хүртэнэ үү!
Тэнгэр шиг бай
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ, гэвч удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо, гэвч төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэнтээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өөрөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Илд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй, тэнгэр шиг бай!
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна!...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхын тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс 4
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!... ^Г,
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )