Мөнгөтэй байх сайхан юмаа. МАН-ын бага хурлын гишүүн болно. Гадаадаар аялна. Сонгуульд нэрээ дэвшүүлнэ. Хандивыг хаа сайгүй цацна. Ийм лут хүмүүн гэхдээ олон биш. Монголд мөнгө ихтэй залуучууд тун цөөхөн. Тэдний нэг нь “МАК” группын дэд захирал Н.Номтойбаяр юм. Түүнийг МАН хоёр тэрбум төгрөг хандивласных нь хариуд ирэх сонгуулиар Дорнод аймгаас УИХ-д зүтгүүлж магадгүй гэнэ. Тиймээс мань эр мөнгийг намдаа ёстой хандивлах шиг л болж байгаа сурагтай. МАХН-ын “эсэргүү нөхөд”-ийг дарах цуглаан зохион байгуулахад тэр намынхаа залуучуудын байгууллагад 80 сая төгрөг хаяж өгсөн гэдэг. Тэгвэл саяхан МАН-ын 20 гаруй залуучуудыг Бээжингээр аялуулахдаа бүх зардлыг нь тэр өөрөө даажээ. Тэдний айлчлал нэртэй энэ удаагийн зугаалгын гол зорилго уг нь Бүх хятадын залуучуудын байгууллагатай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явдал байсан бололтой. Үүнийг нь бас Хятадын коммунист маягийн засаглалын “туршлага”-аас суралцах боломжийг олж харсан явдал ч гэж үзэх хүн цөөнгүй ажээ. Гэхдээ ямартай ч Н.Номтойбаярын буянаар МАН-ын залуучууд Бээжинг үзээд ирлээ.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )