Очирбатын Дашбалбарын 7 хоног үргэлжилж байна
Залуус, дүү нартаа хүргэх шүлэг
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бvсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хvйтэн шөнө, зэлэн дээр жихүүцэж суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!
Эгэмний чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү...
Ширхэг ширхгээр цайсан үс нь чамайг хvлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм.
Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хєлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагvй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!
Амьдрлын туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!
Хоног өдрүүдийг жаргалтай үедээ ч, дүү минь
Хорвоогийн юм бvхэнд эцэс буйг санаарай!
Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хvv минь" гэсээр босож ирнэ.
Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийнхээ хойморт Алтайн уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хvлээнэ.
Тєрсєн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сvрэг, толгод дамжихаас илvv сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи...
Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй, хөдөөгийн бор бүсгүйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!
Харь холын шуугиант хот неоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илvv ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.
Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгvй явснаа бод!
Ариун vнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр чинь юм шүү!
Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч єршєєх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй!
Аль алинаар нь тэд дутаагүй!
Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж, аав хоёртоо хүргэж ег!
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ!
Учир мэдэхгүй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!
Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амттаныг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндүүрч явлаа.
Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу...!
Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!
"Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хүслийн сvvлч нь ганцхан энэ л байсан юм шүү!
Чи зэмлэл хvлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бvсгvйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй...
Алдааг минь та нар бүү давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!...
Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг ах нь мэдэхгүй ээ!
Үзээд өнгөрөх амьдралыг мєнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
Очирбатын Дашбалбарын тухай товчхон
1955 онд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. 1984 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Түүний уран бүтээлийг үнэлж 1988 онд МЗЭ-ийн шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн. “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном хэвлүүлжээ. Түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг шүлгүүд нь олны дунд тархаж, талархал хүртсэн шилдэг бүтээлүүд юм. Монголын авьяаслаг, гал цогтой, үнэнч шударга үгтэй энэ найрагчийн долоо хоног эхэллээ. Наран ургах дорнын цэнхэр хязгаараас төрсөн эрхэм шүлэгчийн найргийн дээжээс хүртэнэ үү!
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )