Авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай болсноос хойш Монгол дахь авлига тууштай буурсангүй. Анхны дарга нь бусдад хорлогдож харийн оронд нас барсан. Үүнийг хэн ч шалгаж тогтоон буруутанг олж, яллахыг хүссэнгүй. Энэ талаар дарга нар ярих ч дургүй болсон бололтой. Тэгвэл талийгаач Дангаасүрэн агсны дараа дарга болсон Ч.Сангарагчаа дэд даргынхаа хамт одоо шоронд сууж байна. Тэд алдаа гаргасан байхыг хэн ч үгүйсгэхгүй. Анхан шатны шүүх ч мөн буруутай гэж үзсэн. Одоо харин давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг харах болоод байгаа. Ч.Сангарагчаа ажилтнуудаа тагнаж чагнасан л гэдэг. Тэгвэл тухайн үед тус газрын мөрдөн шалгах хэлтсийн даргаар Э.Амарбат гэдэг нөхөр ажиллаж байлаа. Одоо тэр жирийн мөрдөн байцаагч болсон. Ингэж албан тушаал буурсан нь түүний хариуцлагагүйтэй холбоотой. Тэрээр Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын идэж уусан хэргийг шалгахдаа тагнуулынхантай хууль бусаар харилцсан гэх асуудлын бай болж байлаа. С.Отгонбаяр ч нэр төрөө сэргээлгэнэ гэж түүн рүү баахан дайрсан. Энэ үеэр харин С.Отгонбаярын өмгөөлөгч бүсгүйг хүчиндэхийг завдсан хэрэгт Э.Амарбат өөрөө унахаа шахсан юм. Энэ бүх үйл явдлаас хүмүүст үлдсэн сэтгэгдэл гэвэл “Э.Амарбат бол цэвэр хүн биш. Тэр башир арга заль ихтэй. Хэрэгцээтэй цагт хэнийг ч егүүтгэж мэдэх нөхөр” гэсэн санаа юм. Тэрээр Авлигатай тэмцэх газарт ирснээсээ хойш дөрвөн жил ажиллахдаа дөрвөн орон сууцтай, өндөр үнэ бүхий машинтай болсон гэнэ. Эдгээр нь хэний хаялга байсан юм бол гэсэн хардлага одоо болтол учрыг гадарлах хүмүүсийн дунд яригдсаар байгаа. Түүний Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллах хуцагаанд бас олон ноцтой хэргүүд дарагдаж хоцорсон гэдэг мэдээлэл бий. Эдгээрээс үзэхэд Э.Амарбат гэгч нь их юмны зангилаа болж буй бололтой. Аягүй бол Авлигатай тэмцэгчдийн хоёр даргыг түүний гар хөлийн оролцоотойгоор хэн нэгний захиалгаар зохиомжилсон хэрэгт холбогдуулсан ч байхыг үгүйсгэх аргагүй ажээ. Э.Амарбатыг ер нь олигтойхон шалгаад өгөх газар байна уу. Түүнийг Ганц худагт саатуулан мөрдөх цөстэй аавын хүү олдохгүй юм гэж үү.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )