У.Уламбаяр агсны эхнэр хөрөнгөнд нь эзэн суухын тулд аав, ээжийг нь үхсэн гэж бүртгүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Цагтаа Монголын толгой баячуудын нэг гэгддэг байсан “Монре импекс”-ийн эзэн У.Уламбаяр агсан нас нөгчөөд багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл саяхнаас түүний үлдээсэн өв хөрөнгөтэй холботойгоор ар гэрийнхнийх нь дун томоохон асуудал үүсээн байна. Тодруулбал, У.Уламбаяр агсны “Монре импекс” ХХК болон бусад өв хөрөнгийг эхнэр Р.Туяацэцэг нь дангаараа эзэмшихийн тулд хадам аав, ээжийгээ нас барсан хэмээн бүртгүүлжээ. Иймээс амьд сэрүүн байхад нь нас барсан болгож байгаа Р.Туяацэцэгийг У.Уламбаяр агсны аав, ээж шүүхэд өгсөн байна. Шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт болох байсан ч тодорхой бус шалтгаанаар хойшлогдсон юм. У.Уламбаяр агсны хувьд бизнес төдийгүй улс төрийн салбарт гялалзаж явсан нэгэн. Дэд бүтцийн дэд сайдаар ажиллаж байсан тэрээр 2004 оны УИХ-ын сонгуульд аавынхаа нутаг Дундговь аймгаас өрсөлдөх гэсэн боловч тойрог олдоогүй. Дараа нь БНХАУ-ын Бээжин хото ЭСЯ-нд дипломатчаар ажиллаж байгаад нас нөгчсөн билээ. Тархины хүнд хавдраал өвчилж,  Бээжинд нэлээд эмчилгээ хийлгэсэн боловч дээрдээгүй гэдэг. 2008 онд эх орондоо ирээд хоёр сар шахам ухаангүй байж байгаад 10 дугаар сард таалал төгссөн юм. Гэтэл түүнийг нас бараад гурван жил гаруй хугацаа өнгөрсний дараа гэр бүлийнх нь дунд ийм маргаан үүсч ясыг нь өндөлзүүлэх болов.  Мэдээж У.Уламбаяр агсан Монголын толгой баячуудын нэг байсан гэдэг утгаараа үлдсэн өв хөрөнгө нь хэдэн тэрбумаар хэмжигдэх нь ойлгомжтой. Долоон давхар бүхий “Монре импекс” барилга гээд бас бус үл хөдлөх хөрөнгө бий. Харин У.Уламбаяр агсны эхнэр Р.Туяацэцэг энэ бүхнийг аав, ээжтэй нь хуваалцалгүй, ганцаараа эзэмшихээр сэтгэл шулуудсан аж. Хамгийн гол нь өв хөрөнгө өвлөж авахдаа аав, ээжийг нь нас барсан мэтээр бичиг баримт бүрдүүлсэн нь үнэхээр увайгүй зан гэж болно. Зарим хүн Р.Туяацэцэгийг балетчин гэдгээр нь илүү мэдэх байх. Тэрбээр залуудаа Монголын цөөн хэдэн балетчдын нэг байсан. Сүүлд балетын сургууль байгуулж, өдгөө “Монре импекс”-ийн хоёр давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнийхээ хажуугаар “Уламбаяр сан”-г үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажилладаг гэнэ. Харин У.Уламбаяр агсны аав УГЗ, Төрийн шагналт кино зураглаач О.Уртнасан өдгөө ная гарч яваа буурай бий. У.Уламбаяр агсны ээж С.Ямаахай гуай ч адил.  Өдий насны хөгшчүүл хүүгийнхээ үлдээсэн буянаас жаахан ч болов эдлэх эрхтэй л баймаарсан. Гэтэл бэр нь хэмээн нэрлэгдэж явсан эмэгтэй хүүг нь нас барсны дараа хамаг өмч, хөрөнгийг нь булааж авахдаа тулжээ. Мэдээж хэрэг Р.Туяацэцэг У.Уламбаяр агсны гэр бүлийн хүн байсан учраас юу ч үгүй хоосон үлдчихээгүй байх. Ямартай ч эр нөхрийнхөө ясыг өндөлзүүлэн байж ийм зүйл хийсэн Р.Туяацэцэг гэх эмэгтэйн хэрэг яаж шийдэгдэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top