Монголын хууль хэнд үйлчилж байна аа. Одоо бүр улаан цагаандаа гарсан луйврыг шүүхийнхэн хийдэг болоо шив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэтгэлийн тухай баахан лоозогнож, сүржин хуралдсан нь зүгээр л шоу байсан юм гэж үү.
Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Цагаан дэл гэдэг газар Хятадын иргэн Монгол залууг машинаараа удаа дараа дайрч, амь тавих шахам шархдаад байхад нь нэмж зодон амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. Гэтэл энэхүү хэргийн шүүх хурал саяхан болж, хэргийг үйлдэгч Хятадын “Эжүмэн” компанийн эзэн Жан гэгчид ердөө л хоёр жил хорих ял оноожээ.
Энэхүү хэрэг яг нэг жилийн өмнө буюу өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн орой болсон бөгөөд хохирогч Т.Сүхболдыг Жан гэгч энэхүү Хятад иргэн машинаараа дайрч унагаад буцаж ухран цээжин дээгүүр нь дахин гарч зэрэмдэглэснийхээ дараа машинаасаа үсрэн бууж нэмж зодсон тухай нь болсон явдлыг нүдээрээ харсан хэд хэдэн гэрчүүд ярьсан байдаг. Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллээр ч хангалттай мэдээлсэн.
Гэтэл Дорноговь аймгийн сум дундын I шүүхээс энэ хэрэгт буруутгагдаж байгаа Жанд хоёр жилийн ял оноож, бусад дөрвөн шүүгдэгчид 1.6 жилийн хорих ял оноожээ. Энэ арай л дэндэж байгаа хэрэг биш гэж үү, ерөнхийлөгчөө, ерөнхий шүүгчээ.
Бид хэргийн талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг та бүхэнд эргэн мэдээлэх болно.
Б.Сараа
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )