Таван жил хаалттай байсан парк 70 хувийн хөнгөлттэй үнээр үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24


 Эх үрсийн баяр хаяанд ирлээ. Эцэг эхчүүд үр хүүхдээ хаана яаж баярлуулдаг юм билээ хэмээн бодлогоширч, харин хүүхдүүд авах бэлэг, очих газраа бодон одооноос хөөрнө. Урьд парк гэхээр хүүхдүүдийн очих дуртай  том жижиггүй тоглодог газар байв. Ядаж л зугаалах талбай томтой байж. Хэдэн жилийн өмнө одоо байгаа парк хоцрогдож, шинэчилсэн засвар хийж   Дисней Лэнд шиг гоё  болгоно гээд байсан, таван жил өнгөрлөө. Бахь байдгаараа. 2005 оноос өнөөг хүртэл хүүхдийн парк хаалгаа  нээгээгүй.  Өмнөхөөсөө хэд дахин багассан  “Үндэсний соёл амралтын хүрээлэн” төслийн  удирдлагууд   энэ жил хүүхдүүдэд 70 хувийн хөнгөлттэй үнээр үйлчилж  хүүхдүүдээс таван жил хол байлгасан  буруугаа хүлээхээр болжээ.  Гэвч хэдхэн тоглоом, жижигхэн талбайтай. Ахлах ангийнхан бол “өө энэн дээр чинь тэгээд би суух юм уу, за болъё” гэхээр ерөнхийдөө бага насныхны сэтгэхүйд  таарсан гэхэд болно.  Чөлөөтэй зугаалъя гэсэн ч хэд алхаад л тойрчих талбайтай. Алсыг харагчид нь зун суувал бүтэж үхмээр.   Чамлахаар чанга атга. Чихцэлдсэн ч гэсэн хүүхдийн парк нээлттэй байгаа нь  сайхан хэрэг.  Өнгөрсөн жил хүүхдийн баяр болохоос хэд хоногийн өмнө хотын дарга өвөл зунгүй гулгаж болох мөсөн талбайтай болно гэж байсан.  Тэр нь ус хөлдөөж мөс болгодог хуучин аргаар биш нанотехнологи ашиглан байгуулна, мөсийг тээвэрлэж яваа усан онгоц замдаа саатсан гэж байсан. Өнөө жилийг хүртэл тэр чигээрээ саатсан бололтой. Ер нь паркийг шинэчлэх төсөл удааширч байгаа нь илт. Хүүхдүүдийн очих дуртай газар паркийг  энэхүү төслийн удирдагчид  сэтгэл гаргаж бүрэн хэмжээгээр ашиглалтанд оруулбал хүүхэд үүхэдгүй баярлах болно. Таны хүүхэд ч гэсэн паркад тоглох дуртай гэдгийг анхааралдаа аваарай эрхэм төслийн удирдагч нар аа.

 Д.Сэндэр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top