Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчтэй уулзав

2018 оны 07 сарын 02

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, АХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Дато Виндзор Жон, АХБХ-ны Гадаад харилцааны захирал Рави Кумар, Монголын ХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар байлцав. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай улс цаг агаарын хувьд хөлбөмбөгийн талбай байгуулахад тохиромжтой бус. Бид энэ спортыг хөгжүүлэх, дэмжих, дунд сургуулиудын орчинд хөлбөмбөгийн талбай байгуулах боломжуудын талаар хөлбөмбөгийн холбоотойгоо ярилцаж байгаа. Ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд хотын зүгээс дэмжлэг үзүүлж, бэлтгэл ажил дээр хамтран ажиллах болно” хэмээн хэллээ.

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифа “Хамтын ажиллагааг төрийн байгууллагын зүгээс дэмжиж буйд талархал илэрхийлье. Хөлбөмбөгийн спорт нь залууучуудад олон эерэг нөлөөг үзүүлдэг. Бидний зүгээс Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн гурван жилд маш сайн ажилласан гэж үзэж байгаа. Ирэх оны нэгдүгээр сараас бид багшлах мэргэжлийн хүмүүсээс гадна техник, төхөөрөмжийн тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно” хэмээв.

Хоёр тал Улаанбаатар хотод дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн шинэлэг хөлбөмбөгийн стадион барих боломжийн талаар санал солилцов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top