Гадаадын 59 иргэнийг албадан гаргав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөн шалгалтын удирдамж батлан нийслэлийн нутаг дэвсгэрт эмнэлэг, эм зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт хийлгэжээ.

Шалгалтанд 25 аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын есөн орны 48 иргэн хамрагдсан байна. Мэргэжлийн хувьд 33 эмч сувилагч, хоёр эм ханган нийлүүлэгч, таван захиргааны ажилтан, таван техникийн ажилтан оролцсон аж. Мөн өнгөрсөн сард гадаадын иргэн ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт хийж зөрчил гаргасан 63 аж ахуйн нэгж, байгууллага 227 иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Зөрчлийн дийлэнх нь гадаад орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчил байжээ. Монгол Улсын хилийн боомтод хилээр нэвтэрч буй 34558 гадаадын иргэний бичиг баримтад шалгалт хийж, 30 зөрчил илрүүлж, 26 зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ авч нийтдээ 73 сая 800 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Мөн манай улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, зорчих, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан 14 орны 80 гадаадын иргэн, 1 харьяалалгүй хүнд хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Түүнчлэн Монгол Улсад нэвтрэх визгүй, зорилгоо тодорхойлж чадаагүй, хууль бусаар хөдөлмөр эрхлэх зорилготой ирсэн 369 иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцааж таван орны 59 гадаадын иргэнийг Газрын даргын тушаалаар Монгол Улсаас албадан гаргасан байна.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top