Ц.Баатархүү: Сайхан, муухай мэргэжил гэж байхгүй. Зөв, буруу сонголт л гэж бий

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

 Монголын "Лектор" төвийн захирал, шинэ үеийн оюунлиг залуучуудын төлөөлөл Ц.Баатархүүгийн  ярилцлагыг хүргэж байна.


-Бидний яриа ЕБС-ийг төгсөгчдөд байнга тулгамддаг мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ гэсэн сэдвээр өрнөсөн юм. Мэргэжлээсонгохын тулд юунд анхаарах вэ?

-Зарим хүний хувьд мэргэжлээ олох нь амархан байж болно. Амархан мэт сонголтын цаана ирээдүйн алдаа оноо, амжилт бүтэлгүйтэл нуугдан байдаг. Мэргэжил бол үүрдийн хань. Хүний амьдрал мөнх биш учраас ирсэн бүхэн буцдаг жамтай. Аав ээж, ах дүү, найз нөхөд бүгд л энэ замыг тойрохгүй. Харин мэргэжлийн ур чадвар цаг ямагт дэргэд байна. Хэзээ ч танаас урвахгүй, бас хэнд ч булаагдахгүй. Хүн идэвхтэй амьдралынхаа 40 орчим жилийг ажлын байранд өнгөрүүлдэг гэдэг. Энэ бүх хугацаанд мэргэжлийн чадвар л хүнийг ажилтай, орлоготой байлгана. Сүүлийн үед зөв, буруу, эрэлттэй, хоцрогдсон, сайхан, муухай мэргэжлийн талаар ярих болж. Зөв буруу мэргэжил гэж байхгүй. Гол нь зөв, буруу сонголт л гэж бий. Хувийн онцлог, хүсэл сонирхол, ур чадварт нийцсэнийг сонгож чадвал ямар ч мэргэжил зөв, сайхан. Зөв сонголт хийхийн тулд хэд хэдэн алхмыг тооцох хэрэгтэй.

-Жишээ нь юуг анхаарах вэ? 

-Нэгдүгээрт, хүсэл сонирхол, төрмөл онцлогоо үл харгалзан зөвхөн цалин өндөртэй мэргэжил хөөх нь том алдаа. Хүний ажил үйлс, амжилт бүтээл мөнгө дагуулдаг болохоос ажил амьдралаа мөнгөөр удирдуулж болохгүй. Өөрийгөө зөв олж, тохирсон мэргэжлээ сонгож чадвал бусад бүх зүйл олдоно. Хоёрдугаарт, мэргэжлээ сонгохоос өмнө сургуулиа сонгох нь зөв хандлага биш. Зарим хүүхэд гадаадад л сурвал ямар ч мэргэжил яахав, эсвэл МУИС-д л орвол боллоо гэж боддог. Сурах сургуулиа шилж сонгох буруу биш ч, нэн түрүүнд эзэмших мэргэжилдээ анхаарах нь чухал. Уг нь мэргэжлээ сонгоод дараа нь тэр чиглэлээр бэлтгэдэг сургуулиудыг харьцуулж судлах шаардлагатай юм.

-Таны тооцоолсноор өнөөдөр ямар мэргэжил эрэлттэй байна вэ. Энэ талаар манайд нарийн судалгаа тэр бүр байдаггүй?

-Дэлхий дахинд нийт 7000 төрлийн ажил мэргэжил байдаг. Гэтэл Монголд залуус 50 гаруйхан мэргэжлээс л сонголтоо хийдэг. Эзэмших гэж буй мэргэжлийнхээ өсөлтийг эхлээд судлах хэрэгтэй. Өсөлт гэдэгт тухайн мэргэжилтний сарын дундаж цалин, эрэлт хэрэгцээ, ажлын байрны аюулгүй байдал, өсч дэвших боломж, ажлын байрны стресс зэргийг авч үздэг. Зарим улс жил бүр өндөр өсөлттэй 20 мэргэжлийн жагсаалтыг албан ёсоор гаргадаг. АНУ-ын Үндэсний статистикийн хорооноос жил бүр "өсөлттэй" болон "илүүдэлтэй" мэргэжлүүдийн жагсаалт гаргадаг. Жагсаалтыг харж байгаад хүүхдүүд мэргэжлээ сонгох жишээтэй. Гэтэл манайд энэ нь таамаглал төдий. Энэ салбар гарцаагүй хөгжих учиртай. Ер нь ажлын байрны төлөө биш, тухайн салбартаа амжилт гаргах гэж л их, дээд сургуульд суралцах хэрэгтэй шүү дээ.

-Мэргэжил бүхэн сайхан гэдгийн учир холбогдлыг өнөөгийн хүүхэд, залуус жинхэнэ утгаар нь ойлгож чадаж байна уу?

-Хүн мэргэжлийг биш, мэргэжил хүнийг голдог. Хүний амжилт мэргэжлийн болон хувийн ур чадварын зөв хослолд тулгуурлана. Хувь хүнийхээ онцлогт тохирсон мэргэжил эзэмшвэл түүндээ илүү татагддаг. Хийж буй ажилдаа татагдах тусам амжилт гаргах магадлал нэмэгдэнэ. Амжилт нэмэгдэх тусам мэргэжлийхээ сайн сайхныг илүү мэдэрдэг.

-Ур чадвар, өөрийн авьяасаар сонгодог мэргэжлүүд бий. Сэтгүүлч, багш гэх мэт. Энэ мэргэжлүүдийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Тухайн мэргэжил эрэлттэй байлаа ч хүүхдийн хувийн онцлогт үл нийцвэл түүнээс амжилт нэхэх хэцүү. Хий дэмий цаг, мөнгө үрсэн хэрэг болно. Оросын эрдэмтэн сэтгэл зүйч Е.А.Климов хүнийг сэтгэл зүйн хувьд хэд хэдэн бүлэгт хуваасан. "Хүн-байгаль", "Хүн-хүн", "Хүн-тэмдэгт", "Хүн-техник", "Хүн-уран сайхны дүр" гэсэн ангиллын алинд багтахыг таньж мэдвэл ямар чиглэлээр суралцахаа шийдэж болох юм. Жишээлбэл, сэтгүүлч бол "Хүн-тэмдэгт" ангилалд багтдаг. Энэ чиглэлээр сурах хүүхэд харилцааны ур чадвараас гадна аливааг тэмдэгт ашиглан сайн илэрхийлж чаддаг байх ёстой. Үүнээс гадна ямар ч мэргэжил сэтгэл зүйн болоод физиологийн шалгуур. Тухайн хүн мэргэжилдээ тохирох байдлыг ерөнхийд нь бүрэн тохирохуй, харьцангуй тохирохуй гэж хоёр ангилдаг. Бүрэн тохирохуй гэдэг нь хүний сэтгэц, физиологид хатуу шаардлага тавьдаг, тусгай сонгогдсон хүн хийх ёстой мэргэжил. Жишээ нь, сансрын нисгэгч, балетчин гэх мэт. Харин харьцангуй тохирохуй нь дурын эрүүл хүн хийж гүйцэтгэж чадах мэргэжил. Хүн ажилдаа тохирох эсэхийг тодорхойлохдоо дараах үзүүлэлтүүдийг харгапздаг.

-Монголд мэргэжлээ зөв сонгох талаар холбогдох байгууллагууд ямар асуудалд анхаарах ёстой вэ?

-Хүүхдийн онцлогийг бүрэн таньж мэдэх мэргэжлийн тест оношлогоо бага байна. Мөн хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагын талаарх хангалттай судалгаа мэдээлэл хомс. БСШУЯ, НХХЯ, Үндэсний статистикийн газар гэх мэт төрийн байгууллагууд жил бүр хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон цаашдын чиг хандлагын талаар олон нийтэд баттай мэдээлэл өгөх учиртай. Ингэж чадвал тухайн айл, өрх хүүхдийнхээ сонирхож байгаа мэргэжилд бодитой ханддаг болно.

-Хувийн онцлог, хүсэл сонирхол, урчадварт нийцсэнийгсонгож чадвал ямар ч мэргэжил зөв бөгөөд сайхан гэж Та дээр онцолсон. Дөнгөж сургууль төгсөж байгаа хүүхдүүд хувийн онцлог, чин хүслээ бүрэн таньж мэдэх боломжтой юу?

-Янз бүр л байгаа.Тухайн чиглэлээр суралцах чин хүсэл тэмүүлэл дангаараа хангалтгүй. Хүсэл тэмүүллийг бодит ажил болгоход хүний сэтгэл зүйн онцлогоос гадна ур чадвар нөлөөлдөг. Ур чадвар нь авьяас билэг, оюуны чадвар, мэдлэг, туршлагын нийлбэр. Олон зүйлийн нийлбэр ч энэ шатанд төрмөл өгөгдөл буюу оюуны үндсэн долоон чадварыг нь илрүүлэхийг хичээх хэрэгтэй. АНУ-ын сэтгэл зүйч Ховард Гарднер 1983 онд "Frame of mind” номд "хэл яриа", "математик-логик", "дүрслэл-орон зай", "хөгжим", "бие-хөдөлгөөн", "харилцаа", "өөрийгөө танин мэдэхүйн" оюун ухаан гэсэн ангиллыг санал болгосон бөгөөд одоо ихэнх сургуулиуд уг загварыг хүлээн зөвшөөрч байна. Энэ чадвараас аль нь илүү хөгжсөн бэ гэдгийг мөн мэргэжлийн тестүүдээр, эсвэл өнөөг хүртэл аль хичээлдээ амжилт гаргаж буйг ажиглах маягаар гаргаж болно. Тооны хичээлд огт амжилт гаргадаггүй хүүхэд санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцахад төвөгтэй. Урлагийн од болж гялалзахыг хичнээн хүссэн ч хөгжмийн ур чадвар нь хөгжихгүй бол яах вэ гэх зайлшгүй зүйлийг энэ шатанд тооцоол. Аль ур чадвар хөгжөөгүй, бас давамгайлдгийг нь мэдвэл ямар мэргэжил таарахыг түвэггүй хэлж болно.

-Ингэхэд мэргэжлээ сонгох талаар Та хаанаас судалж мэдсэн бэ?

-Хийх ажил их байгаа атал ажилгүйдэл их байгаад харамсдаг. Дээд сургуулийн дипломтой ажилгүй хүн олон байхад дипломгүй ажил олгогч байх жишээтэй. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг оновчтой болгохын тулд мэргэжил сонголтын талаар үнэн зөв мэдээлэл хэрэгтэй. Тэгээд л энэ талаар судалж эхэлсэн. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sunduijaw(202.179.11.14) 2015 оны 09 сарын 23

:-bd

0  |  0
sunduijaw(202.179.11.14) 2015 оны 09 сарын 23

:-bd

0  |  0
sunduijaw(202.179.11.14) 2015 оны 09 сарын 23

:-bd

0  |  0
Top