Амьддаа бие биенээ хайрла
Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүх рүү бүү түлх
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамд дурласных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ
Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи уйлж, цаадах чинь инээнэ
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Очирбатын Дашбалбар
1955 онд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. 1984 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Түүний уран бүтээлийг үнэлж 1988 онд МЗЭ-ийн шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн. “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном хэвлүүлжээ. Түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг шүлгүүд нь олны дунд тархаж, талархал хүртсэн шилдэг бүтээлүүд юм. Монголын авьяаслаг, гал цогтой, үнэнч шударга үгтэй энэ найрагчийн долоо хоног эхэллээ. Наран ургах дорнын цэнхэр хязгаараас төрсөн эрхэм шүлэгчийн найргийн дээжээс хүртэнэ үү!
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )