Энэ жилийн улс төрийн өнгө аяс нэлээд сонирхолтой болох янзтай. Бас ихээхэн айдас төрүүлэм болж байх шиг. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг маань “дайснууд” хороох гээд байгаа юм гэнэ. Ийм сэжүүр гараад ирмэгц нь тэр өөрөө сүүхээчлээд Тагнуулын Ерөнхий газартаа ханджээ. Энэ талаар Э.Бат-Үүл саяхан их сэтгэл зовсон шинжтэй өгүүлэв. Тэрээр “Н.Энхбаяр зөв газраа ханджээ. Тагнуулын газар гурав дахь Ерөнхийлөгчийн амь насанд халдах гэж байгаа хүмүүсийг илчлээд зогсохгүй гэм зэмгүй олон хүний амь насыг эрсдэлд оруулах, нийтийг хамарсан хүчирхийлэл хийхээр бэлтгэж байгаа хүмүүсийг бас илчлэх хэрэгтэй. Тагнуул, цагдаагийн байгууллага дарга нарын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төдийгүй, ард түмнийхээ амь нас, амгалан байдлыг хангах үүрэгтэй. Сүүлчийн энэ үүрэг нь дарга нарыг хамгаалахааас ч илүү чухал үүрэг болохыг хуулинд заасан бий. Гэтэл гэм зэмгүй олон хүний амь насанд хүрч мэдэх үр дагавартай улс төрийн хүчирхийллийн үзэл санаа олны тархийг угаан чөлөөтэй тэнэж явааг харвал тангуул, цагдаагийн байгууллага эл үүргээ муу гүйцэтгэж байх шиг байна” гэжээ. Мань эр үнэн хэлжээ. Гэхдээ Н.Энхбаяр хэрвээ “Хүмүүс ээ, намайг алах гээд байна” гэж Тагнуулынхныг “дайчлаад” байгаа бол нэг талаар тэр алдагдсан эрхийнхээ төлөө олон нийтийг үймүүлж эхэллээ гэхээс өөр юм алга байна. Үүнийг нөгөө талаас нь авч үзвэл олон түмнээр өөрийгөө өрөвдлүүлэх Пи Ар байхыг үгүйсгэж боломгүй. Мөн энэ үйл явдлыг Ойрхи Дорнод, Хойд Африк, Балтийн тэнгис орчмын улс төр, цэрэг-иргэний дайн самууны нөлөө гэхээсээ илүүтэй иргэдийн маань эрх, эрх чөлөөг элдвээр зөрчөөд байдаг олигархижсан төр засгийн үйл ажиллагаатай шууд холбон авч үзүүштэй байх. Түүнчлэн ард нийтийн амь насыг зөвхөн тагнуул, цагдаа нь хамгаалах биш, өнөөгийн засаглалын өөрийнх нь ерөнхий хандлага, бодит үйл хэрэг нь өөрөө хамгаалалт, аюулгүйн дархлаажилт болдог гэдгийг хаана хаанаа мэдэх хэрэгтэй болов уу. Гэхдээ одоо Н.Энхбаярыг алж устгах тухай яриа хаанаас, хэн гаргаад байгааг тагнуулчид олж тогтоох л хэрэгтэй дээ. Израйлийн МОСАДА-гийнхан гэх шилдэг тагнуулчид шиг ур чадвартайгаа харуулах цаг болсон байх аа. Алийн болгон Монгол тагнуулчид “нойрсож” байхав.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )