"Миний Монголын газар шороо", "Монгол Улсын Үндэсний аюулгуй байдлын төлөө зүтгэе" хөдөлгөөний тэргүүн П.Болдтой ярилцлаа.
-Энэ улс орны аюулгүй байдал, газар нутгийн төлөө би юугаа ч хайрлахгүйгээр зүтгэнэ гэсэн агуулгатай таны олон хэвлэлд өгсөн ярилцлагуудыг мэдэх юм байна. Тэгтэл сүүлийн үед МАХН-ын түр штабтай нэгдээд л элдэв улс төрийн жагсаал цуглаанд оролцоод улс төржөөд эхлэв ээ?
-“Миний Монголын газар шороо” хөдөлгөөний эрхэм зорилго бол Үндсэн хуулийн 1.6.1-д заасан "Монгол Улсад газар түүний хэвлий, ой, ус, ургамал гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэсэн заалт. Манайх энэ зорилгоосоо нэг ч алхам холдож, нэг секунд ч татгалзаж байгаагүй. 2005 оноос хойш үүнийхээ төлөө тууштай явж байгаа. Мөн сая тагнуул, шүүх, цагдаа гээд л мөрдөстэй
хүчний байгууллагын бэлтгэл болон гавьяандаа гарсан офицерүүд нэгдэж "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе" гэсэн ТББ байгуулж, намайг тэргүүнээр нь ажиллах хүсэлтийг удаа дараа тавьсныг нь оны дараахан хүлээн авсан. Хоёр ТББ удирдаж байгаа учраас магадгүй газар, шороогоо хамгаалах асуудал яасан бэ гэж харагдаж байж магадгүй юм.
-МАХН-ын түр штабтай яагаад хамтран ажиллах болов?
-Газар шороо, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө бид наашаа харсан бүхэнтэй эвсэнэ. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр,С.Батболд, С.Баяр өөр хэн нь ч байсан хамаагүй. Үнэхээр Монгол Улсын баялаг ямар ч ашиггүйгээр гадагш гараад байна гэдгийг ойлгоод энэ нь улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна, бидний гаргасан шийдвэр, байр суурь буруу байжээ гэдгээ ойлгоод үүнийгээ залруулахын төлөө явья гэвэл бид хэнтэй ч эвсэхэд бэлэн. Харин улс төржинө гэдэг эрх мэдлийн төлөөх тэмцэл. Манай байгууллага ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаасаа харьцангуй улс төрийн гэхээсээ илүү эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг. Нэн түрүүнд улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлыг бид эрхэмлэдэг. Харин дараа нь эдийн засгийн буюу ашигт малтмалыг ард түмний эрх ашигт нийцтэй байлгахын төлөө холбогдох хууль дүрмийг нь өөрчлөхийн тулд бид байгуулагдсан. Харамсалтай нь хууль дүрмийг өөрчлөх, зөв голдиролд нь оруулахын тулд заавал улс төрийн өнгө аяс, хаялгатай зүйлд орохоос өөр замгүй болдог. Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа хүмүүс маань аливаа асуудалд шийдвэрээ гаргахгүй болохоор тэднийг халж солих, өөрчлөхөөр тэмцэл явуулаад ирэхээр энэ нь яах аргагүй улс төртэй хутгалдчихдаг юм.
-Н.Энхбаяр ерөнхийлөгч олон жил эрх баригч байсан. Ингээд албан тушаалаасаа буунгуутаа гэнэт иргэний хөдөлгөөн болсныг олон нийт хүлээн авч чадахгүй байна. Энэ хүний тэргүүлж байгаа МАХН-ын түр штабын явуулж байгаа үйл ажиллагаа Монголын газар нутгийн төлөө чиглэж чадна гэдэгт та итгэж байгаа хэрэг үү?
-Энд олон асуудал хөндөгдөнө. Н.Энхбаяр эрх барьж байх үед асуудал ямар байсан гэдэг одоо өнгөрсөн асуудал.
-Эрх мэдэлтэй байхад нь та түүнийг эсэргүүцэгчдийн тэргүүн эгнээнд явдаг байсан биз дээ?
-Тийм ээ. Би улаан эсэргүүцэгч нь байсан. Би хэн нэгэн эрх мэдэлтнийг сайн дураараа эсэргүүцэгч биш. Хамгийн гол нь тэдний явуулж байгаа бодлого нь ард түмний эрх ашгийн эсрэг байна. Ийм шийдвэр гаргаж явсан Н.Энхбаяр өнөөдөр бидэнтэй нэгдчихсэн явж байна гэдэг факт. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан олон хүн байдаг. Тэд өнөөдөр хаана байна. Д.Содном л гэхэд "Айвенхоу майнз"-ын менежер, П.Очирбат л гэхэд Монголын баялгийг гадаадад гаргах мафийн толгойд нь явж байдаг. Тэгэхэд Н.Энхбаяр эсрэгээрээ байна. Ерөнхийлөгч байж байгаад ард иргэдтэйгээ, иргэний хөдөлгөөнийхөнтэйгөө нийлсэн Ерөнхийлөгч аваад ир гэвэл Н.Энхбаяр л байна. Үүгээрээ би Н.Энхбаярыг магтан дуулаад байгаа юм биш. Зүгээр л аливаа зүйлийг бодитоор харах хэрэгтэй гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Түүнээс өнөөдөр очоод учир зүггүй өвөр түрүүндээ орсон юм байхгүй. Би тодорхой зайнаас энэ хүнд ханддаг. Энэ хүн чигээрээ Монголын төлөө зүтгээд байвал үгүйсгэх зүйл миний зүгээс лав байхгүй.
-Иргэний хөдөлгөөнтэй нэгдсэнийг нь та Монголын төлөө гэж хэлж байна уу. Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаасаа хойш ард түмэн, улсынхаа төлөө юу хийсэн юм бэ?
-Бууснаасаа хойш гэхээр эрх мэдэлгүй болохоор тэр хүн юу хийж чадах юм бэ. Хүн эрх мэдэлтэй байж юм хийдэг. Тэгэхээр мань эр одоо бид нар шигээ болчихсон, "Хөдөөгийн хөгжил" гэдэг ТББ тэргүүн болчихсон явж байгаа. Энэ хүнийг Монголын төлөө юу хийсэн бэ гэвэл иргэний хөдөлгөөнүүд юу хийж чадаж байгаа түүнийг л хийж чадна. Тэр ямар ч байсан бидэнтэй нийлээд талбай дээр гараад жагслаа. Их хуралдай зохион байгууллаа. Энэ бүхэн олзуурхууштай зүйл. П.Очирбат Ерөнхийлөгч байхдаа одоохон нефть гарлаа л гээд байсан тэр нефтиэс нь монголчуудад юу наалдсан юм бэ. П.Очирбатын дээлэнд нь л нефть наалдсан болохоос ард түмэнд юу ч наалдаагүй биз дээ. Одоо П.Очирбат, Д.Содном гуай бидэнтэй нэгдье гэвэл бид сайн байна, хүрээд ир л гэнэ. Тийм учраас одоо нийлээд явж байгаа Н.Энхбаярыгаа энэ өмнө нь ийм тийм байсан гэх нь зохимжгүй асуудал.
-Олон нийт экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг өмнө нь эрх мэдэлтэй байхдаа хийгээгүй хэрнээ одоо буухаараа ард түмнийхээ төлөө гээд байгааг нь эрх мэдлийн төлөөх тэмцэл гэж харж байна?
-Түүнийг би хэлж мэдэхгүй. Одоохондоо Н.Энхбаяртай хүж барилцсан ах дүүс болоод өвөр түрүүндээ орсон зүйл байхгүй, найз болчихоогүй учраас тэр хүнийг юу бодож байгааг мэдэх боломжгүй байна. Гэхдээ тэр хүний хийж байгаа алхам, хийе гэсэн зүйл нь дандаа ард түмнийхээ төлөө гэж дуугарч байгааг нь дэмжиж байна. Түүнээс чи өмнө нь тийм байсан. Одоо ард түмнийхээ төлөө дуугарч болохгүй гэж хэлж болохгүй.
-Танайхыг МАХН-ын түр штабтай хамтарсныг эрх баригчдын эсрэг дуугарах дуугаа өндөрсгөж байгаа хэлбэр гэж ойлгож болох уу?
-Манай ММГШ хөдөлгөөн гэнэт эрх баригчидтай очоод нэгдчихвэл асуудал. Одоогоор жингийн цуваа явдгаараа л явж байна. Бид анх гарч ирсэн түүгээрээ л үйл ажиллагаагаа явуулж байна. Бидэнтэй хэн нэгдээд, хэн урваад явах нь нээлттэй асуудал. Энэ завсар бид жанжин шугамаасаа хазайгаагүй гэдэг л гол зүйл. Манай офицерүудийн хөдөлгөөн ч мөн ийм байгаа. Бид Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь очоод нэгдчихсэн бол энэ өөр асуудал. Өнөөдөр бид нартай адилхан ТББ-ын тэргүүн Н.Энхбаяр гэдэг хүн бидэнтэй хамтраад юм хийнэ гэдэг өөр асуудал. Хүмүүс болохоор Н.Энхбаярыг одоо Ерөнхийлөгч байгаа юм шиг нь хараад байдаг. Ингэж түүнийг эрх мэдэлтэй байгаа мэтээр хараад байгааг би буруу гэж бодож байна. Манай хүн амьдалыг ямар ч нүдээр харсан байж болно. Өнөөх "Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана" гэж байсан чинь буугаад ирсэн чинь өөрийнх нь хийж бүтээж, оролцож явсан зүйл нь өөр өнгөөр харагдсан байж болно. Би Н.Энхбаярыг бид нартай хамтраад ажиллаж байгааг сайн хэрэг гэж бодож байна. Дахиад Ц.Элбэгдорж, С.Батболд, С.Баярыг ч гэсэн хүрээд ирвэл хүлээгээд лавна.
-Манай улс төрийн байдал тогторжиж амжаагүй байгаа учраас сонгуульд ялагдал хүлээсэн хүмүүс иргэний хөдөлгөөн дээр дөрөөлж эргэн гарч ирдэг. Эсвэл элдэв шантааж хийдэг байдал байна уу гэж хүмүүс хардаг. Н.Энхбаяр, М.Энхболд гээд л дандаа сонгуульд унасан хүмүүс иргэний хөдөлгөөнтэй "найзлаад" байгаа юм биш ҮҮ?
-Үүнийг үгүйсгэж болохгүй. "Уулын мод урттай богинотой. Олон хүн сайнтай муутай" гэдэг шиг янз бүрийн хүмүүс бий. Гэхдээ бидэнд нэг л зорилго байдаг. Бид Монгол Улсыг хөгжүүлж, дэвшүүлж, тусгаар тогтнолоо хадгалсан, ард түмэн нь баян чинээлэг байлгахыг хүсдэг. Гэтэл бидний нэрийг ашиглаад хамаг юмыг маань үрэн таран хийгээд зарж, мөлжөөд байгаа хүн олон байна. Уг нь бид тэднийг төрийн төлөө бидний төлөө ажиллаасай л гэж гаргасан.Ийм зүйл хаана ч байгаа. Харин манай байгууллагын хувьд Монголын төлөө нэг минут, нэг секунд ч бай хэнтэй ч хамаагүй нийлье. Гар гараасаа бариад эх орныхоо төлөө явах нь л бидэнд чухал. Түүнээс чи өмнө нь ийм байсан бид чамайг хүлээж авахгүй гэвэл утгагүй. Харин тэр хүн дахиад маяглаад тар нь танигдвал баяртай гэнэ. Иргэний нийгэм дээр дөрөөлж гарч ирдэг асуудлыг Н.Энхбаяртай холбож асууж байх шиг байна. Н.Энхбаяр гэдэг хүн чинь хоосонгүй толгой. Мөн нэр нөлөө энэ тэр нь ч гэсэн байгаа. Бид түүний энэ байдлыг ашиглая. Н.Энхбаяр ч бас биднийг ашиглая гэдэг бодлого байхыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ хамгийн гол нь бид өнөөдөр хаашаа явж байна гэдгээ бодох ёстой. Гэхдээ бид хэн нэгэн унасан албан тушаалтныг өөд нь татаж гаргаж ирдэг байгууллага биш.
-Их хуралдайгаас зарласан 15 олигархи, олигархи биш гэх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг харсан чинь Н.Энхбаяр ерөнхийлөгчид ойрхон байсан хүмүүс нь олигархи биш, харин хол хөндийхөн байдаг хэд нь олигархи болж таарсан байсан?
-Санал нийлэхгүй байна. Их хуралдайд 700-800-гаад хүн оролцсон. Тэр хүн хүмүүсээс санал авч, нүдэн дээр нь нэгтгэж 15 олигархийн нэрийг гаргасан. Тиймээс тэнд Н.Энхбаярын наана, цаана байсан гэх зүйл байхгүй байх. Миний бодлоор дурын 500 хүнээс энэ төрлийн судалгаа авахад тэр 15 хүн л гарч ирнэ байх. Үүнээс нэг их хол зөрөхгүй.
-Олигархи биш 15 хүн нь ямар нэгэн байдлаар Н.Энхбаяртай холбогдсон хэвлэлийнхний олигархи хэмээн цоллодог хүмүүс байсан. Тэгсэн тэдгээр хүмүүсийг гэнэт олигархи биш гэсэн номинацид дэвшүүлэхээр хачирхалтай санагдаж байсан?
-Олигархи биш гэж гаргасан юмуу. Би тэрийг бол сонсоогүй юм байна. Мэдээж тийм хүмүүс гарах байх л даа.
-"Анод" банкны Н.Давааг иргэний хөдөлгөөнүүдийг санхүүжүүлдэг гэх шалтгаанаар цагдан хорьсон байж болзошгүй талаар мэдээлэл гараад байгаа. Танай хөдөлгөөний хувьд Н.Даваагаас санхүүжилт авсан зүйл байгаа юу?
-Манай хөдөлгөөн харин ч нэг бор зүрхээрээ явж байгаа. Тийм зүйл байхгүй. Аливаа иргэний хөдөлгөөн чинь гишүүдийнхээ татвар, хандиваар санхүүждэг.
-Намтай төстэй хэлбэрээр санхүүждэг юм билээ. Элдвээр шантаажлахад
ашиглахыг оролддог юм чинь авлига ч юмуу, өөр байдлаар санхүүжилт орж ирэх магадлал хэр байдаг юм бэ?
-Энэ дунд нэг авлигын шинжтэй зүйл орж ирж байсан. 2006 онд Дарханы төмөртэйн ордын бааз болох Төмөртэйн ордын лицензийг Хятадын "ВLТ" гээд хятад компани хууль бусаар авсан байсан. Үүнийг нь бид эсэргүүцэж, тухайн үед надтай хамт байсан хүмүүс их идэвхтэй эсэргүүцсэн. Гэтэл өнөөх хамт эсэргүүцээд байсан хүмүүс маань нэг өдөр 25 сая төгрөг бариад ороод ирдэг юм байна. Тэр үед нь арай ч ингэж эх орноо худалдах дээрээ тулаагүй. Наад мөнгөө буцаагаад тушаа гээд явуулж байсан. Тэгтэл нөгөө хүмүүс маань бүгдийг нь тушаалгүй дундаас нь ганц хоёр сая төгрөг алга болоод би нөгөө хэдээ гөвөх ч бил үү, яах билээ гээд бөөн асуудал үүсч байсан. Үүнээс болоод надад хонзогноод явдаг хэдэн нөхөд одоо болтол явдаг юм. Хүн ядарч болно, гэхдээ арай ч улс орноо муусайн хужаа нарт худалдчихгүй байлгүй дээ.
-Иргэний хөдөлгөөнүүд 2008 оны сонгуулиар анх удаа УИХ-д нэг төлөөлөлтэй болсон. УИХ-ын гишүүн Д.Энхбатын ажилд та ямар үнэлгээ тавих вэ?
-Би онцмуу гэдэг дүн тавина. Үнэхээр иргэний нийгмийн байгууллагууд дундаас гарсан хүн. Харамсалтай нь иргэний нийгмийнхээ дуу хоолойг УИХ-д оруулж үнэхээр чадахгүй байна. Одоо бол зүгээр л утсан хүүхэлдэй болсон. Тэр утгаараа би онцмуу гэдэг дүн л тавина даа.
-Таныхаар Д.Энхбат гишүүн юу хийх ёстой юм бэ. Өөрт нь энэ асуултыг тавихаар би ганцаараа болохоор энд шүүмжлэхээс өөр юу хийж чадах юм бэ гэдэг?
-Ганцаараа гэлтгүй Ц.Шинэбаяр шиг ингээд үзээд байж чадахгүй байна. Тэр чинь тэгээд ч ганцаараа биш. Хоёр намаас наашаа чихтэй гишүүд байдаг. Тухайлбал, улс орны аюулгүй байдлын асуудал дээр номер нэгт Ш.Сайхансамбуу гишүүн дуугардаг. Түүний араас Н.Батбаяр, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, С.Бямбацогт, З.Энхболд гээд олон гишүүн байгаа. Д.Энхбат тэдэнтэй нийлээд дуугар л даа. Хаана байна вэ. Би лав Д.Энхбатыг дуугарч байгааг сонсоогүй юм байна. Эсвэл надад сонсогдохооргүй дуугардаг юм байлгүй.
-Та одоо яригдаж байгаа Сонгуулийн тухай хууль дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай 76 нөгөө муушгин дээр унатлаа матууллаа гэдэг шиг л юм болоод байгаа шүү дээ. Өөрсдийгөө унатал тийм зүйл хийхгүй гээд л дороо эргэлдээд байгаа. Уг нь бол ард түмний эрх ашгийг хүндлэх ёстой. Тэгсэн байтал бүх муу хувилбарыг л бодоод суугаад байх юм. Уг нь сонгууль пропорциональ хэлбэрээр шударга процедураар явах ёстой.
-Та ирэх сонгуульд өрсөлдөх үү?
-Би дэвшихгүй. Намайг хүмүүс дэвшээрэй л гэж байгаа. Өмнө нь ч дэвших сонирхолгүй явсан. Одоо ч дэвших шаардлага алга.
-Сая цөмийн хаягдлын асуудал олны анхаарлыг нэлээд татлаа. Албаны хүмүүс энэ мэдээллийг үгүйсгэж байгаа ч гэсэн Д.Энхбат гишүүн, судлаач Д.Ганхуяг нар, мөн гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Та газар нутаг, улс үндэстний аюулгүй байдлын төлөө тэмцдэг байгууллага тэргүүлж байгаа хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Социализмын үед хаана ч, юу ч булагдсан байх магадлалтай гэж бид боддог юм. Ер нь цөмийн хаягдлыг Монголд булшлах асуудлыг түүгээр явсан гайг үүгээр дуудна гэгч зүйл болгомооргүй байна. Хийж чадах хүмүүс байгаа. УИХ-ыг чинь хоёр хуваадаг гэж байгаа. Тал нь юу ч хийж мэдэх хүмүүс. Нөгөө хэсэг нь юу ч хийж чадахгүй хүмүүс гэж ангилдаг гэж байгаа юм. Тэгэхээр юу ч хийж мэдэх хүмүүс юу ч хийж чадахгүй хүмүүсийнхээ толгойг эргүүлж байгаад юу ч хийсэн байж магадгүй.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )