Бүтэлгүй бондууд Засгийн газрыг “боож” унагах нь ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Ямар ч хар үйлийг  цагаан болгож харагдуулдаг хачин салхи Төрийн ордноос  сэвэлзэж байна. Саяхан Засгийн газраас хэд хэдэн төрлийн бонд гаргаж, үйлдвэрлэлээ дэмжих, төсвөө тэтгэх зэрэгт зориулна хэмээн хүмүүсийг баахан “хошгируулав”. “Буян”-гийн Жаргалсайхан, “Бридж”-ийн Д.Ганхуяг, “Говь”-ийн Сэдванчигаас авахуулаад олон хүн сүүлээ моодойлгон “Энэ бол ёстой зөв шийдвэр” хэмээн “хашгирч” байлаа. Зарим нь бүр 20 тэрбумын бондыг нь би авна гэж мэдэгдсэн юм. Ерөнхий сайд Сү.Батболд харин өөрөө ашиг сонирхолын “но”-той тул “Алтай кашимер”-таа  тэрхүү ноос ноолуурт өгөх бондын дөнгөж долоохон тэрбумыг нь авахаас даа гэх аятай юм хэлсэн сурагтай. Гэхдээ өөрөө ингэж яриагүй байх аа. Нөгөө доодуул нь л ийнхүү шүлсээ дуслуулахаа шахан үглэсэн биз. Харин тийнхүү гайхуулаад байсан бондын гор  гарч эхлэв бололтой. УИХ-ын гишүүн О.Чулуунбатаас өгсүүлээд олон хүн одоо бондын боолхойг зарлаж байна.  Өнөөх 100 тэрбумын бондоосоо “Зоос” банкны алдагдлыг нөхөхөөр болж байгаа гэнэ. “Зоос”-ыг С.Баярын Засгийн газрын үед дампуурах гэж байхад төрийн банк болгож амийг нь аварсан. Одоо ч булхайгаар зувчуулсан “Зоос”-ын хэдэн тэрбум төгрөгийн учрыг цагдаа, шүүхийнхэн олж, илрүүлж  чадаагүй байна. Тус банкны Ерөнхийлөгч Батбаяр гэгч нь баахан найдваргүй зээл гаргасан байсан ч гэх шиг. Уг нь энэ банкны 51 хувийг эзэмшиж байсан хүн л дээ. Өдгөө тэр хууль хяналтынханд мөрдөгдсөөр байна. О.Чулуунбат анхнаасаа “Зоос”-т мөнгө өгөх хэрэггүй, цаадуул чинь барьцааны хөрөнгөө зараад өр ширээ төлчих чадвартай гэж байжээ. Гэвч эрхмүүд тэгэхийг хүссэнгүй. Ялангуяа С.Баяраас ерөнхий сайдын суудлыг “бэлгэнд” авсан гэх Сү.Батболд болон түүний нөхөд бондоороо “Зоос”-ыг тэтгэхээс наш санаа нь амрахгүй бололтой. Тэдний ийм увайгүй үйлдлийг олж харсан хүмүүс Сү.Батболдоос урьд урьдын  булхайнуудыг нь бас асууж байна. Түүнээс “Чингис” зочид буудлыг сохор зоосны  үнэгүй шахам авсан, Бороогийн хөндийгөөс ухсан алтаа хаана нуусан, энэ сайхан тансаг тал нутгийг химийн хороор хордуулсан эзэн чи өөрөө мөн биз дээ гэх мэтээр лавлаж, “эмзэг” сэдвүүдийг нь хөндөх боллоо. Засгийн газрын бонд гэдэг бол ард түмний өмч мөнөөс мөн. Ард түмэн маань энэ мөнгийг элгээрээ мөлхөх нь холгүй, ёстой өнөөх “Тамирын голын мөсийг долоох шахам” явж цуглуулсан. Түүнийгээ зөв зүйлд зарцуулаарай гэж Сү.Батболдод итгэл өгсөн. Энийг  иргэний засаглал гэдэг ажээ. Тэгвэл одоо О.Чулуубатын үгийг түүнд дахин сануулж, “Зоос” руу хандраад байгаа нөхдөд “Бүтэлгүй бондууд чинь удахгүй Засгийн газрыг боогоод  унагачихна шүү” гэдгийг хэлэх хэрэгтэй болж байна. 

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top