”Н.Энхбаяр нар аа, бид харимаар байна, мөнгөө авъя”

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

 

Хэд хоног талбай дээр морь, хөсөгтэйгөө жагссан хөөрхий хүмүүс арга ядахдаа ийн хэлж байна. Уг нь Монголчууд 1990-ээд оны ардчилагчдын жагсаал цуглаанаас өмнө баярын жагсаал, парад гэдэг үгийг л мэддэг байв. Харин ардчиллын буянаар монгол хүний үгийн сан улам баяжиж, эсэргүүцлийн, эвлэрлийн, трактортой, морьтой гээд төрөл бүрийн жагсаалтай танилцсан билээ. Сүүлийн 20 жилийн түүхэн дэх жагсаалуудаас хамгийн сонирхолтой нь энэ удаагийн морьтой жагсаал болж байх шив. Монголчууд анх удаа улсынхаа нийслэлд адуу мал нь эзэнтэйгээ хамт жагсав. Эгээ л хоттой хонио, саалийнхаа үнээг тууж ирээд хаваржчихсангүй, энэ талбайд. Жагсаалын эхэн үед ч яахав, бас ч гэж сонирхолтой байлаа. Төв талбайд адууны хөлс үнэртэж, морины хатсан хомоол хийсээд үзэх харах юмтай байсан. Харин одоо нэг их сонин биш болж. Хөдөөнөөс орж ирсэн морьтнуудад хотынхоо төвд морио амгайвчилж, эмээлээ буулгачихаад, таван ханатад тухалж, хуушуур бууз зөөлгөөд хачин хүндтэй байлаа. Салж байгаа эхнэрт үнээ тугал нийлэх юуны хамаа байна гэдэг шиг төр засаг руу ноцож байгаа жагсаал хамуудад жагсагчдын ар гэрийн амьдрал ахуй яах нь даанч нэг хамаагүй юм байх аа. Сүүлийн үед жагсагчид нэртэй хөлсний хүмүүс ядарч туйлдаж, ар гэртээ санаа зовж, авч өгөлцдөг тав гурван төгрөгөнд нь "үг хаяж", ухарч няцаж эхэлжээ. Жагсаал хамуудын өдрийн 10-20 мянган төгрөгийн хөлсөөр морь унуулж, жагсаж байгаа дүр үзүүлэхийг гуйж гувшиж байж авчирсан хүмүүс дотор нь хэний төлөө, юуны төлөө ингэж хөдөө хөхөрч гадаа гандаж байгаагаа мэдэхээсээ мэдэхгүй нь олон байгаа гэдгийг баттай хэлэх байна. Ажилгүй гэртээ зүгээр сууж  байснаас  өдрийн   10-20  мянган төгрөгийн "ажил хийх" гэсэн хүн захаас аваад  бий. Туулын  эрэг,  Яармагийн дэнж, Эмээлтэд хэдэн арваараа нийлж майхан саванд хоног төөрүүлж, уналга морио аргамжиж өдөр хоногийг элээж байгаа жагсагчдыг хот руу оруулах ч үгүй, ойртуулах ч үгүй. Аз болж эхний удаад хэдэн хүнийг оруулсан, жагсаасан,  талбайд  буудаллахыг   нь зөвшөөрсөн.  Одоо  бол харин  ёстой "нөү" шүү дээ. Морьтой жагсаал, Их хуралдай гэх сүржин нэртэй ч даржин хурал цуглааныг эс тооцвол тэднийг тоож   байгаа ч хүн алга. Иргэний хөдөлгөөнүүдийн нууц биш ил ноёнтон Н.Энхбаяр, түүнийг дагалдан хөөрцөглөх сонгуульд ялагдсан хорслоо санасаар яваа хэдэн  гаруудын хийж,  турхирч байгаа үйлдэл явсангүй. Газар авсангүй. Н.Энхбаяр,   М.Энхсайхан, Ц.Цолмон мэтийн улс төрөөс хэдийнэ арчигдсан, зарим нь бүр сураг ч байдаггүй хүмүүс жагсаал цуглаан зохион байгуулаад, санхүүжүүлээд байхыг бодоход их баян хүмүүс юм. Жагсаал цуглаан хийхэд маш их зардал гарч таарна. Олон хоног, өч төчнөөн хүнийг хооллоно, ундална, цаашлаад унаа тэрэг, туг дарцаг, өсгөгч, яригч гээд зарлага их. Энэ мөнгө хэний халааснаас гарч, хэнд эргээд ямар ашиг болох вэ.  Мэдээж жагсаал цуглааныг зохион байгуулагчдад, өдөөн турхирагчдад. Уг нь Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс олширч, дуу хоолойгоо төр засагтаа хүргэхийг  зорьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үндэсний үзлийг хэтэрхий гуйвуулж, ард түмний "алдаан дээр дөрөөлж" байгаа хүмүүс нь муухай зэвүүн. Тэр дөрөөлөгсөд жагсагчдыг, ард түмнийг өс хонзонгийнхоо хэрэглүүр болгож байгаад нь дургүй хүрээд байгаа юм. Жагсагчдын буруу гэж юу байхав. Монголчууд хэзээний эх оронч, цөс ихтэй хүмүүс. Гэхдээ тэр бүр гоншигоноод байхгүйгээ мэдэх ухаантай ард түмэн. Хэлэх цагтаа хэлнэ, босох цагтаа босно. Тэмцье, босъё гэсний зоргоор төр засаг руугаа нулимаад байхгүйгээ ч мэднэ. Тиймдээ ч морьтой жагсагчид өдгөө ар гэртээ санаа зовниж, нутаг нугаа бараадах тухай л ярьж байна. Хаврын хавсарга, салхи шуурганд хэдэн мал нь уруудаж сүйд болоогүй л байгаасай. Өрхийн тэргүүн нь нийслэлийн захад майхны хаяа бараадан хуушуур, гоймонгоор голоо зогоож байхад хот айл нь зусландаа гарч амжаагүй байгаа ч юм бил үү. Эхнэр нь эзгүй айлын жаахан хүүхдүүд өлсөж цангаж зутраагүй л байгаа даа. Үүнийг жагсаал цуглаан зохион байгуулагчид мэдэхгүй байгаа гэж бодож байна уу, үгүй. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэгээд л хэдэн бор төгрөгний сураг дуулгачихаад өөрсдөө дулаан хөнжилдөө дугжирч буй. Туулын хөвөө, Яармагийн дэнж рүү тэднийг эргэж хэн очсон юм бэ. Хэн ч очоогүй. Төв талбай дээр арваад хоноход нь хэн тэдэнд аяга хоол дөхүүлсэн юм бэ, хэн ч биш. Н.Энхбаяр, М.Энхсайхан, Ц.Цолмон нар бол бүр ч үзэгдээгүй. Одоо бол бүр сураггүй байгаа юм гэсэн. Барааг нь харах нь бүү хэл, сургийг нь ч сонсоогүй жагсагчид уйдаж, уцаарлаж эхэллээ. Өмсөж ирсэн хувцас нь хир даг болж, унаж зайдалж ирсэн атар морьд нь хотын тоос, чимээ хоёрт дөжирч, илжиг шиг болчихлоо. Явахгүй гээд яахав, явж л таарна. Харин тэднийг хөлсөлсөн хүмүүс нь луу унжилгүй амласан мөнгийг нь өгчихөөсэй. Мөнгөний төлөө жагсаагүйг нь мэдэх хүмүүс нь мэднэ ээ, тэднийг. Гэхдээ нэгэн цагт төр барилцаж, улс орныг удирдаж явсан хүмүүсийн "нохойд барьдаг мод" нь болчихсон гэдгээ ойлгох буй заа, тэд.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top