НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өчигдөр /2018.08.29/ хуралдлаа. Тэргүүлэгч С.Мөнхчулуун, П.Баярхүү, Ц.Байгалмаа, Б.Цолмон, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Н.Батсүмбэрэл нар тэргүүлэгчдийн хуралд оролцлоо. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр тэргүүтэй албаны төлөөлөл оролцон холбогдох асуудлуудыг Тэргүүлэгчдэд танилцууллаа.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны дарга Ч.Однасан Хөрөнгө бүртгэх тухай, Сүхбаатар дүүргийн 16 хорооны “Мандам” өрхийн эмнэлгийн барилгыг НӨХГ-ын балансад шилжүүлэх асуудлыг тэргүүлэгчдэд танилцуулж 2017 онд ашиглалтад орсон Хан-Уул дүүргийн 3-р хороонд баригдсан 240 хүүхдийн ортой 46-р цэцэрлэг, мөн тус дүүргийн 2-р хороонд байрлах 72-р цэцэрлэгийн байр, дагалдах эд хөрөнгө, Налайх дүүргийн 2-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлгийг нийслэлийн өмчид бүртгэх шийдвэрийг Тэргүүлэгчид гаргалаа.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2018 оны 09-р сарын 14-ний Баасан гарагт хуралдуулахаар товлолоо. Тус хуралдаанаар Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл, Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг батлах журмын төслийг хэлэлцүүлэхээр тогтов.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан “Нийслэл хотод явуулах гэж буй худалдаа үйлчилгээ, нийтийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор иргэдээс холбогдох саналууд гарсантай холбоотойгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан. НИТХ, ЗДТГ энэ асуудлыг шийдэхгүй байна гэсэн асуудлууд яригдаж байна. Иргэд болон худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн хоёр талын эрх ашгийн асуудал үүний цаана байгаа тул бүх талын хамтын оролцоог хангаж, хамгийн эхэнд холбогдох журмыг гаргах ёстой. Хуульз үйн талаасаа Зөрчлийн тухай хууль, Захиргааны Ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтуудтай зөрчилдсөн зүйл бий" гэв.
Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг дэмжиж байна. Худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг бид иргэдийн хурал дээрээ хэлэлцэн сайжруулах асуудал байвал хэлэлцээд явах нь зүйтэй. Цаг хугацаа алдалгүй илүү сайжруулах хэрэгтэй” гэлээ.
Төрийн шагналд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 135 иргэнийг тодорхойлсон тогтоолын төслийг Тэргүүлэгчид дэмжиж Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлахаар боллоо.
НИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 0 )