Номын хэсгээс: “Өнөөгийн өнгө төрх”-ийн БОСГО ҮГ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Сүрэнгийн Зэвсэгийн “Өнөөгийн өнгө төрх” ном хэвлэгдэн гарлаа. Зохиогч шинэ номдоо Монгол орны улс төр, эдийн засаг, соёл боловсрол, гадаад харилцааны зарим асуудал, ард түмний аж амьдралын талаар сүүлийн гучаад жилд бичсэн нийтлэл, тэмдэглэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл мөн хэвлэлд өгсөн ярилцлагаа тоймлон бас өнөөгийн бодит байдалтай уялдуулан нэмэлт шигтгээ хийж эмхэтгэсэн байна. С.Зэвсэгийн “Өнөөгийн өнгө төрх” номыг манай сэтгүүл зүйн нэрт судлаач доктор, профессор Түгалхүүгийн Баасансүрэн, нийгмийн зүтгэлтэн Дэлэгийн Жанцанхорол нар хянан түшжээ. Нийтлэлч С.Зэвсэгийн шинэ номоос “Зиндаа” сайт нийтлэн толилуулж байна.

БОСГО ҮГ

Энэхүү товхимол бол хоёр мянганы зааг дахь гуч орчим жил чухамдаа хагас жарны Монгол орны нийтлэг өнгө төрх, цагийн байдлыг хамгийн энгийн, наад захын бодит амьдрал, баримт жишээнд түшиглэн эргэцүүлсэн бодлын илэрхийлэл юм. Хорин нэгдүгээр зууны эхэн үеийнхэн бид нэг талаар их азтай, онцгой хувьтай хүмүүс. Бид хувь тавилангийн эрхээр хоёр мянган, хоёр зуун, хоёр жаран дамжин амьдарч байна. Энэ нь биднээс үл хамаарах цагийн эргэлт мэт боловч бас сонин тохиолдол. Гол нь бид дэлхийн хоёр том дайны гай гамшгийг сонссон, үзсэн, туулсан. Дэлхий хоёр системд хуваагдаж дал шахам жил оршин тогтнож, тал нь задран унахыг харлаа. Шинжлэх ухаан, технологийн гайхамшигт хөгжил дэвшил, ололт амжилтын үед амьдарч ажиллан ач тусыг хүртэж, бас сөрөг нөлөөг амсаж явна. Олон улсын харилцаа хамтын ажиллагаанд цоо шинэ нөхцөл бий боллоо. Хүний буруу үйл ажиллагаанаас шалтгаалж байгалийн хууль, өөрийн жам мөрөөсөө мэдэгдэхүйц гажин өөрлөгдөж хүрээлэн буй орчин энд тэндгүй сүйрч олон мянган төрөл зүйл амьтан ургамал устан үгүй болж, хэдэн зуун саяар хэмжигдэх ам дөрвөлжин километр талбай бүхий газар нутаг цөлжиж байна. Амьтан ургамлын нэр үл мэдэгдэх, таньж илааршуулж аргацаахад хүнд төвөгтэй өвчин эмгэг, хортон шавьж, вирус бактерийн аюул нөмөрч байна. Энэ бүхэн Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд өргөн хүрээтэй нөлөөлж монголчууд бидний аж төрөх хэв маягийг үндсээр нь ганхуулж нүүдэлчдийн соёл иргэншил, түүхэн уламжлал, зан заншлыг өдрөөс өдөрт шахан түрсээр. Сүүлийн гучаад жилд монгол хүний өөр хоорондын харилцаа, зан авир танигдахын аргагүй боллоо. Жирийн бичээч би вээр улс төрийн боловсрол талын багахан ойлголтыг сайхан сургууль, сайн багш нарын ач буянаар бас ч гэж чамлахааргүй хүртсэн хувьтай хүн. Миний улс төрийн үзэл бодол, ёс суртахуун, хувь хүний хүмүүжил маань өмнөх тогтолцооны үед төлөвшсөн материалист баримжаатай нэгэн. Цагийн аяс дагаж үзэл бодол хүн чанараасаа урваж шаравдаггүй. Гэхдээ хуучныг үгширтэл баримтлагч биш. Өмнөх тогтолцооны үеийн олон юманд шүүмжлэлтэй хандаж хэнд ч үл баригдаж үзэл бодол, байр сууриа сонин хэвлэлээр илэрхийлж хатуухан шүүмжилж байсан. Одоо ч тэр замаараа явж байна. Тэр бүхэн маань миний хэдэн навсгар ном, элдэв нийтлэл дотор цагаан дээр хараар тод бий. Ерээд оны хувьсгалт ардчилсан өөрчлөлтийг олзуурхан хүлээж авсан олон мянган хүний нэг байж ч мэднэ. Даанч харамсалтай нь улс орны маань явсан зүг зам, чиглэл бидний хүсч мөрөөдөж, талархан дэмжиж байсан тэр голдирлоор явсангүй. “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэгч болчихоод байна.

Хүний хамгийн нандин чанар бол үзэл бодолдоо үнэнч, аливаа асуудалд бусдыг дуурайх бус, ямар ч цаг үед өөрийнхөөрөө байх явдал гэдэгт би гүнзгий итгэдэг. Үзэл бодлоосоо урваж шарвадаг, хувийн ашиг хонжоо харж хоёр нүүр гаргадаг чанарыг үзэн яддаг. Энэ нь миний төрөлх чанар, хүмүүжил, натур маань байх. Би өөрийнхөөрөө явж олсон маань алдсанаасаа хавьгүй илүү. Тийм болохоор бусдыг биш өөрийгөө дуурайж амьдардаг. Энийгээ бараг бичсэн болгондоо давтдаг. Би улс төрийн амьдралд гүнзгий орж, улс төрийг амжиргааны эх үүсвэр, хоолоо олох хэрэгсэл болгоогүй. Өнөөгийнхний амны уншлага мэтээр ярьдагчлан би улс төрч биш.

Харин улс төрийн боловсрол талын багахан ойлголт, үзэл бодлын өөрийн гэсэн баримжаандаа түшиглэн Монгол орны нийгэм, улс төрийн байдлыг сонирхон ажиглаж сэтгэгдлээ хэвлэлээр илэрхийлж санал бодлоо уншигч олонтойгоо хуваалцахыг зорьж явдаг. Энэ сэдвээр бүр 1987 оны үеэс бичиж эхэлсэн. Гэхдээ 1990 он ялангуяа одоогийн мөрдөж байгаа Үндсэн хуулийг Ардын Их Хурлаар хэлэлцэж байх үеэс нэлээн идэвхтэй бичсэн минь тухайн үеийн сонин хэвлэлд нийтлэгдэж байсан. Харин “Өнөөгийн өнгө төрх” хэмээх энэ бяцхан товхимолдоо сүүлийн үед төвийн сонин хэвлэлүүдэд улс төрийн өнгө аясаар бичсэн гэхдээ бие даасан номд ороогүй (“Мөхөлрүү мөлхөж яваа Монгол минь”, “Золиос”, “Золбиншил” зэрэг нийтлэлүүд өмнө нь номд орж байсан. Эдгээр нийтлэлүүд өнөөдөр миний ярьж бичээд байгаа сэдэв санаатай ямар нэг хэмжээгээр холбоотой хэвээрээ, ач холбогдлоо алдаагүй байгаа учир энэхүү товхимолд зориуд орууллаа) зарим нийтлэл, ярилцлагаасаа түүвэрлэн авч багтаалаа. Энэ маань өөрийн ойлгож ядсан, харамсаж бухимдсан бас үүнийг анхаараа ч, ийм асуудлыг ингэж шийдвэрлэж болохгүй юу? Буруу замаар яваад байгаа юм биш үү? Боловсрол, эрүүл мэндийн салбар чинь сүйрчихлээ. Бусдыг дуурайж далдаганах албатай юм бол ийм нэг орныг дуурайгаа ч... Эх болсон газар шороо, дээд хөх тэнгэрээс бидэнд хайрласан баялаг, түүх соёлын үнэт дурсгал устаж үгүй боллоо. Буруу гараар орлоо. Засаглал хуваарилалт чинь болохгүй байна. Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хууль амьдралд нийцэхгүй байна. Бидний зарлан тунхагласан хүний эрх, эрх чөлөө чинь худлаа зөвхөн цаас болчихлоо. Төр засаг түүний эрх баригчид эрхэм дээдэс түшээд дэндүү хариуцлагагүй бүр хорлонтой муу ажиллаж Монгол орны гал голомтыг самарч орхилоо. Эрүүгийн нөхцөл байдал хэлж ярих аргагүй хүндэрлээ. Улс орны хамаг баялаг хулгай, луйврын гараар орж алга болж байгааг хэр хэмжээгээрээ хэлж сануулж байя гэсэн санаагаа янз бүрийн хэлбэрээр илэрхийлж, олон түмэнд хүргэх, хамгийн гол нь эрх баригчид шийдвэр гаргагчдын сонорт айлтгах, мэлмийд харуулахыг зорьж байдаг. Бас цаг хугацаа шуугин урсаж, нэгэнт өнгөрсөн ч хэн нэгэн сонирхож хараасай, бодоосой, сургамж санаа аваасай гэж бодсон бодол юм. Түүнчлэн олон жилийн өмнө бичиж байсан нийтлэлдээ хөндөж тавьсан санаа, дэвшүүлж байсан асуудал маань өнөөдөр ямар байгаа дэвжиж дээшилж байна уу, эсвэл бүр уруудан доройтож байгаа юу гэдгийг харьцуулан харах гэж оролдсон тал бий. Гэхдээ энэ товхимолд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралыг бүхэлд нь судлаад, дүн шинжилгээ хийчихсэн юм биш. Тэр, мань мэтэд арай ахадна. Зөвхөн сэтгүүлчийн хувьд харсан, анзаарч ажигласан, төрсөн бодол сэтгэгдлээ илэрхийлж байгаа хэрэг.

Нэг зүйлийг онцлон хэлэхэд өнөө цаг дор улс орон маань бүхэлдээ болохоо байчихсан, өчүүхэн төдий ч гэрэл гэгээ байхгүй бүр харанхуйлчихсан юм ч арай биш ээ. Монгол хүний амны хишиг буян арвин болохоор эрх биш өөдөлж дээшилж, болж бүтэж гайгүй яваа юм бас бий. Энэ бүхэнд манай хувийн хэвшлийнхэн, түүнчлэн бор зүрхээрээ амь амьдралаа авч яваа хүмүүс зохих нэмэр болж байна. Гэхдээ аливааг магтах сайшаах тун амархан. Ялангуяа дарга нар бол өөрсдийгөө хэлээ цуцаж, эрүүгээ чилтэл магтах юм. Тийм болохоор мань мэт зэрэгцэж ам уралдаж магтаад яахав. Түүхийн үнэнийг гашуун ч гэсэн эргэж нэг харъя. Улс орон маань дандаа ийм уруу дорой, урагшгүй арчаагүй байхгүй байх гэсэн бодлоо илэрхийлж байгаа юм. Улс орон ард түмнээ боддог, жинхэнэ эх орон ч аавын хүү төрд гарч ирэх байх гэж горьдож харж явдаг. Өнөөгийн төрд шургалсан мэдлэг сул, чадвар дорой түшмэдүүд, зарим нэг худалч, хууран мэхлэгч, хулгайч луйварчид, нам дамжсан урвагчдад эцэс төгсгөл байж таарна. Сайн сайхан хүмүүс, жинхэнэ эх орончид Юмжаагийн Цэдэнбал нараар дуусаагүй байх. Өнөөгийн байгаа байдал нь бидний нэгэн цагт туулах байсан хувь тавилан, цаг зуурын гай барчид, лай ланчиг, зуд цурхан байгаасай билээ. Одоогийн бидний явж байгаа зам чинь тэгш дүүрэн амны хишигтэй, тэнгэрлэг их буян заяатай монголчуудын явах зам мөр яав ч биш юм байна. Цагийн салхинд дэрвэгнэн далбаганаж толгой дээгүүр хийссэн элдэв цаас, хүн сүгнүүд газарт бууж түүхийн догшин ширүүн гэсгээлтийн өмнө толгой бөхийх цаг ирнэ гэдэгт итгэдэг. Энэ үеийн ийм нэг бусармаг цөвүүн цаг ирсэн шигээ, буцах дуусах өдөр байгаа гэдэгт бас итгэж явдаг маань энэхүү товхимлоос эрх биш анзаарагдах байх гэж найдаж байна. Харин хоорондоо олон жилийн (5-27 жил) зайтай бичиж нийтлүүлсэн хэд хэдэн нийтлэлүүдэд зарим баримт жишээ давтан орсон тал бий. Энэ нь нэг талаар тухайн сэдвийн ач холбогдол тэр цаг үедээ байтугай өнөөдөр ч нэн чухал асуудал хэвээр байгаа. Нөгөө талаар дэвшүүлсэн санаа асуудлыг төр засаг болон түүний холбогдох байгууллага, албан тушаалтнууд анхаарч хайхарч үзээгүй, ямар нэг арга хэмжээ авалгүй улам ужигруулан даамжруулж байгаа зэрэгтай шууд холбоотой учраас уг баримт жишээг дахин давтаж дурдахаас аргагүйд хүрсэн болохыг болгооно уу.

Эрхэм уншигч Та улс орон, олон түмнээ гэсэн сэтгэлээ, өөрийнхөө хэр хэмжээгээр тэрлэн бичиж, ярьж хөөрч шударга үнэн, ажил хэрэгч, эх орон ч сэтгэл зүтгэлийг хайж бэдэрсээр чухамдаа эрэл мухардахад хүрч яваа өчүүхэн бичээч өвгөн миний гэнэн сэтгэл, үзэл бодол, итгэл үнэмшлийг минь мэргэн оюундаа тунгааж авах гээхийн ухаанаар хандана биз ээ. Хамгийн гол нь аливаа улс орон өөдлөн хөгжиж, дэвжин дээшилж, өнгөжин жавхаажиж байхад манай Монгол Улс яагаад урагшгүй арчаагүй гэлдэрч уруудан доройтож ард түмэн нь ядуу зүдүүгийн туйлд нэрвэгдэж явах учиртай гэж...

Сүрэнгийн Зэвсэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.148) 2018 оны 12 сарын 16

Их сайхан ном билээ. Үнэнийг ямарч нэмэр гоёл чимэглэл хэтрүүлэггүй бичжээ. барьж аваад тавилгүй уншлаа. Одооны залуучууд гэрэл гэгээтэй үнэн үг хэлсэн ном унших биш дээ

Top